
Нийслэлийн 8000 өрхийг хамруулсан “Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ гэсэн мэдээлэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа өгөв. Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд мод тарих ажил эрчимжиж байгаа ч үр дүнд нь хаа хаанаа төдийлэн ач холбогдол өгч чадахгүй байгаа нь нууц биш. Жил бүр л тарьсан мод бүрээ ургуулсан айл өрхийг урамшуулах л тогтолцооны талаар ярьдаг ч бодит ажил болсон хэд билээ. Одоогоор хамгийн түрүүнд өнгөрсөн жилүүдэд тарьсан мод болон энэ ажилд хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаар мэдээлэл нэн чухал байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа "Энэ жил "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд мод тарина. Онцгойлон Хархорин хотод ногоон төгөл байгуулах томоохон төсөл эхлүүлнэ. Улаанбаатар хотын хувьд яамны зүгээс "айл бүр хашаандаа 5 мод тарья" гэдэг төсөл нийслэлийн 108 хороонд нийт 8000 өрхөд хэрэгжүүлнэ. Мод тарьдаг жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр энэ ажлыг хэрэгжүүлж, айл бүр цахимаар модоо бүртгүүлэх боломжийг бүрдүүлнэ" гэлээ. Мөн Говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлэх судалгаа шинжилгээний төслийн нэгжийг байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл бичих