Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ



5-р сарын 3 | 11 цаг 20 минут
4

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд Турк, Солонгос, Хятад зэрэг орны агаарын тээврийн авиа компанийн онгоц буудаг. Харин өчигдөр (2025.05.01) дэлхийн агаарын тээврийн тэргүүлэгч “United Airlines” компанийн Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц анх удаа Монголд газардлаа. Анхны нислэгээр зорчин ирсэн үйлчлүүлэгчдэд хүндэтгэл үзүүлж, онгоцыг усан хөшиг татан угтан авах ёслолын арга хэмжээ боллоо.

Энэ өдрөөс хойш “United Airlines” монголчуудад үйлчилгээ үзүүлэх АНУ-ын анхны авиа компани болж, Монголчууд хилийн чанад руу нисэхдээ  “United Airlines” компанийн тийзийг захиалан Токиод хүрэх, тэндээс АНУ-ын томоохон хот руу шууд нисэх боломжтой болов.

 

“United Airlines” компанийн анхны нислэгээр Монгол Улсад ирсэн зорчигч “Надад анхны нислэгт багтсан гэдэг тийм ч сонин биш. Харин би зүгээр л Монголд ирсэндээ маш их баяртай байна. Би үргэлж Монголд ирэхийг хүсдэг байлаа. Энд би ажлаар ирээгүй. Үзэж болох бүх зүйлтэй танилцана. Ноолууран бүтээгдэхүүн худалдаж аваад, гэр бүл, найзууддаа бэлэглэх болно.

Сая би онгоцонд Монголын үндэсний хоолыг идсэн, үнэхээр амттай байлаа. Ер нь нислэгийн туршид сайхан үйлчилгээ үзүүлсэн нь гайхалтай санагдлаа. Би “United Airlines”-ийн нислэгийг бусад хүмүүст санал болгомоор байна” гэж сэтгэгдлээ хуваалцав.

Мөн анх удаа Монголд ирж буй аялагч “Онгоцны хоол маш их таалагдсан, мөн үйлчлэгч нар үнэхээр сайхан харилцаатай юм. Нислэгийн туршид Монгол орны соёлыг таниулахыг чухалчилсан нь гайхалтай санагдлаа. Анхны нислэгт багтаж, үүнийг туршсандаа баяртай байна. Улаанбаатарт буух үед нар жаргаж таарсан, үнэхээр үзэсгэлэнтэй байлаа. Би Монголд анх удаа ирж байна. Морь унана, ууланд алхана гэж төлөвлөж байгаа” гэв.

Дэлхийн залуус Монгол Улсад аялахаар “United Airlines”-ийн онгоцоор манай улсыг зорин ирэв. Монголчууд ч  “United Airlines”-ийн онгоц хөлөглөн Токиод бууж, тэндээсээ дэлхийн өнцөг булан бүрд хүрч, дэлхийгээр аялах нэгэн шинэ гарц ийнхүү нээгдлээ.

“United Airlines” компанийн Олон Улсын Нислэг Төлөвлөлт болон Холбоо хариуцсан Дэд ерөнхийлөгч Патрик Куэйл “Манай компанийн нисэх баг анх удаа Улаанбаатарт амжилттай газардлаа. Бид энэ оноос Ази, Номхон далайн бүсэд 32 шинэ нислэг эхлүүлээд байгаа. Улаанбаатар хот Азийн бүс нутагт нээгдэж буй агаарын шинэ чиглэлүүдийн нэг. Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг нээгдсэнээр Хойд америк тивийг Наритагийн нисэх онгоцны буудлаар холбох боломжтой болж байна.  Ингэснээр олон зорчигчийн аялах маршрутыг хөнгөвчилнө.

Мөн энэхүү нислэгээр дамжуулан Америк, Монгол хоёр улсын харилцааг улам ойртуулж нэгтгэхээс гадна аялал жуулчлал, бизнесийн салбарынханд ч шинэ гарц нээгдэж буйгаар онцлогтой. Энэ чухал ажил биеллээ олоход дэмжлэг үзүүлсэн АНУ, Монгол, Япон Улсын Засгийн газарт талархал илэрхийлье” хэмээв

 

НУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган “Анх удаа Улаанбаатар хот руу амжилттай нислэг үйлдсэн хөлгийн багийнханд АНУ-ын Засгийн газар, АНУ-ын Элчин сайдын яамны нэрийн өмнөөс баяр хүргэе. 

АНУ-ын агаарын тээврийн компани анх удаа Монгол руу нислэг үйлдсэн тул энэ бол түүхэн үйл явдал юм. Токио-Улаанбаатар, Улаанбаатар-Токио чиглэлд үйлдэх “United Airlines” компанийн энэхүү нислэгт бид маш их ач холбогдол өгч байгаа. 

Учир нь энэ бол АНУ, Монгол хооронд олон боломжуудыг нээх маш чухал нислэг. Иргэд хоорондын харилцаанаас эхлээд хоёр улсын хамтын ажиллагааг  өргөжүүлж, хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулна гэж харж байна. Энэ нислэгийг эхлүүлэхэд АНУ болон Монгол Улсын Засгийн газар урт хугацаанд хамтарч ажилласан. Энэ чухал ажил бодит болоход туслалцаа үзүүлсэн ИНЕГ, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хамт олон, удирдлагууд Засгийн газрын хамтын ажиллагаанд талархал илэрхийлье” гэв.

 

Харин Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр “Монголдоо ирэхэд таатай байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сард АНУ-д албан айлчлал хийсэн. Айлчлалын үеэр АНУ, Монгол Улс хоорондын “Open sky” хэлэлцээрт гарын үсэг зурж албажуулсан. 

Ингэснээр хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх боломж бүрдсэн юм. Үр дүнд нь өнөөдөр дэлхийн болоод АНУ-ын хамгийн том авиа компанийн нэг болох “United Airlines” Японы Токио хотоос Улаанбаатар руу анх удаа нислэг үйлдлээ. Цаашид энэ нислэгээр дамжуулаад бид ганцхан Токио нисэх биш АНУ-ын олон хот руу холбогдох боломж гарч ирж байна. 

 

Эх сурвалж : gogo.mn





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com