Засгийн газрын өнөөдрийн /2025.04.16/ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөв. Тэрээр валютын ханшийг тодорхой түвшинд тогтвортой барих нь Төвбанкны бодлогоор зохицуулах ажил гэдгийг онцлов. Харин шатахууны хувьд монополийг хамгаалсан шийдвэр огт гаргаагүй гэв.
Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн долоо хоногт манай гол түүхий эдүүдийн экспортын хэмжээ бүхэлдээ нэмэгдсэн. 278 сая ам.долларт экспортын хэмжээ хүрч, энэ оны хувьд хамгийн өндөр борлуулалттай долоо хоног байсан. Нүүрсний хувьд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.9 сая тонноор арилжаа нэмэгдсэн. Эдгээр нааштай үзүүлэлт Төвбанкны валютын нөөц нэмэгдэхэд эерэг нөлөөлж, 5.2 тэрбум ам.долларт хүрлээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Бичигт зэрэг боомт дээр экспортын түүхий эдээ зөв эрэмбэлж, яаралтай гаргахыг боомт дээр ажиллаж байгаа төрийн захиргааны байгууллагад чиглэл болгосон.
Хоёрдугаарт, өртөг бууруулах. Гарч байгаа экспортын биет хэмжээг нэмэгдүүлэхийн тулд, төмөр зам хүртэл болон төмөр зам дээр явж байгаа өртгийг бодитойгоор буулгах арга хэмжээ авахыг нүүрсний болон тээврийн компаниудад үүрэг болголоо.
-Валютын нөөцийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын үүрэгт ажил. Харин энэ нөөцөд яаж менежмент хийх вэ гэдэг нь Төвбанкных. Тэгэхээр валютын ханшийг тодорхой түвшинд онилох нь Төвбанкны бодлого байдаг.
-ЕвроАзийн хэлэлцээрийн хувьд Оросын талаас шамдуулсан зүйл байхгүй. Сүүлийн 20 жил бид өөрсдөө шамдуулсан ч яг зурах тал дээр бид хойшоо суусан. Учир нь, сүүлийн жилүүдэд зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг бид дотооддоо хөгжүүлсэн. Гэхдээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортлох бодлогоо ЕвроАзи руу түлхэх ёстой. Урт удаан хугацаанд энэ талаар хэлэлцээр хийж байсан учраас Трамп тарифтай холбоотой гарч байгаа ЕвроАзийн түр хэлэлцээрт бид ороод үзье гэсэн зарчим дээр Засгийн газар шийдвэрээ гаргасан.
-Шатахууны хувьд импортлож байгаа хэмжээ дээрээ бид менежмент хийж байгаа болохоос монополийг хамгаалсан зүйл огтоос биш" гэв.
Сэтгэгдэл бичих