Нийтийн эзэмшлийн 9.5га талбайг чөлөөлж, тохижилтын ажлыг үргэлжлүүлнэ



3-р сарын 15 | 14 цаг 28 минут
775

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/12 дугаар захирамжийн хүрээнд 12,13,14,15,16 дугаар хорооны нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан гарааш, чингэлэг, контейнерыг чөлөөлөх ажил  өнөөдөр /2022.03.15/ эхэллээ. Нийслэлийн хэмжээнд иргэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд газар чөлөөлөх ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн хувьд 17 дугаар хорооны 132 ширхэг гарааш, контейнерыг буулгаж, тус талбайг ногоон байгууламж болгосон билээ.

Энэхүү ажлыг үргэлжлүүлэн эхний ээлжинд  15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй 443 ширхэг гарааш, контейнерыг чөлөөлөхөөр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд тус хоёр хорооны 2.4 га талбай чөлөөлөгдөж, тохижилтын ажил үргэлжилнэ. Энэ удаагийн газар чөлөөлөлтийг объект эзэмшигч иргэд ихээхэн дэмжиж байгаа бөгөөд газар чөлөөлөлт, тохижилт гүйцэтгэх ажлын хэсгийнхэн эзэмшигчидтэй уулзалт зохион байгуулан,  тэдний санал хүсэлтийг хэд, хэдэн хэлбэрээр хүлээн авсан юм.

 

Иргэдийн санал хүсэлтийг үндэслэн  газар чөлөөлсөн талбайд ногоон байгууламж, авто зогсоолыг хослуулан бүтээн байгуулалт хийх зураг төслийг боловсруулж эхэлсэн. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тухайн гараашийг эзэмшигчид болон тухайн хэсэгт оршин суудаг иргэдээс цаасан хэлбэрээр бүтээн байгуулалтын талаарх санал авсан. Санал, асуулгад оролцсон иргэдийн 60 хувь авто зогсоол, 30 хувь нь ногоон байгууламж, 10 хувь нь чийрэгжүүлэх талбай байгуулах зэрэгт саналаа өгсөн байгаа юм.

Энэ жил Сонгинохайрхан дүүргийн 1-р хороолол орчмын 60 байршилд 1559 ширхэг тоосгон болон бетон гарааш, контейнер, төмөр зөөврийн чингэлгийг буулгаж, газар чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгагдсан. Тус газрыг чөлөөлснөөр 9.5 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com