Ерөнхий сайд  айлчлалаас “Бизнесийн дотоод орчноо сайжруулах” сануулгатай ирнэ



2-р сарын 8 | 7 цаг 00 минут
1089

Монгол Улсын Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлал амжилттай, харилцан хүндэтгэсэн, бас хамаарал бүхий асуудлуудыг  хамтран шийдвэрлэх итгэл төгс байгаагаа илэрхийлсэн сайн мэдээ дуулдсаар байна.

Монголын Ерөнхий сайдыг өчигдөр БНХАУ-ын дарга Си Жиньпэн хүлээн авч уулзсан нь хүндэтгэл төдийгүй ач холбогдол өгснийг илэрхийлэв.

Айлчлалын нэг чухал баримт бичиг нь Хятад, Монголын Засгийн газар хоорондын  хамтарсан мэдэгдэл байлаа.  Мэдэгдэл бүрэн эхээрээ хэвлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Тиймээс илүүг нурших хэрэггүй.  Гэхдээ нэг агуулгад анхаарал хандуулах нь зүйтэй мэт санагдав.

Хамтарсан мэдэгдэлд:

-“Нэр хүнд бүхий шилдэг аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, дэд бүтэц, хот байгуулалт, уул уурхай, эрчим хүчний төсөлд оролцохыг хятадын талаас дэмжинэ. Монголын тал, дотоодын бизнесийн орчноо улам сайжруулж, хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаална” гэжээ.

Эндээс хамгийн түрүүнд уншигдах агуулга нь Монголын талын санал болгож буй төслүүдэд  Хятадын нэр хүнд бүхий шилдэг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт хийх боломжтой. Харин үүний хариуд Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн  хууль ёсны эрх ашгийг  хамгаалах  ёстой гэсэн анхааруулга.  

Тэд ийм сануулгыг  өндөр түвшний айлчлалын албан мэдэгдэлд  багтаасан нь учиртай. Ил харагдах хэнд ч тодорхой нөхцөл байдал гэвэл монголчууд Хятадын хөрөнгө оруулалтад  таатай ханддаггүй. Гурав дахь орныхныг илүүд үздэг.  Улс төрийн хүрээндээ ч ийм хандлагатай.  Салхитын мөнгөний орд гэхчлэн зарим уул уурхайг хүчний байгууллагын оролцоотойгоор төрд  авч байсан  гадаад ертөнц талдаа таагүй зураглал бий.

БНХАУ  гадаад дахь хөрөнгө оруулалтаа  шаардлагатай бол цэргийн  хүчээр хамгаалах хууль эрхийн зохицуулалттай улс. Хөрөнгө оруулагчдад “хөл алддаг”  Монгол Улсын хувьд энэ ч бас  бодолцох учиртай хүчин зүйлийн нэг.

Хоёр орны хамтарсан мэдэгдлийн дээр дурдсан хэсэгт “...МОНГОЛЫН ТАЛ, ДОТООДЫН БИЗНЕСИЙН ОРЧНОО УЛАМ САЙЖРУУЛЖ” гэсэн өгүүлбэр байна.  Шууд утгаараа бидэнд хандсан  бас нэг сануулга.  

Яг үнэндээ Монголын бизнесийн дотоод орчин гадаадын хөрөнгө оруулагчдад байтугай үндэснийхээ баялаг бүтээгчдэд ч тийм таатай бус. Хууль журмаа дахин дахин өөрчилдөг,  улс төрийн нөлөөлөл,  төрийн хэт оролцоо гэхчлэн  нэрлэж болно. Хөрөнгө оруулагчид үүнээс л дөлж тойроод байгааг  тэд энэ үгээрээ сануулчихав бололтой.

Г.Хан





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com