ТОЙМ:Ээлжит бус чуулган тэтгэвэр хэлэлцэж,  эдийн засагт үүр гэгээрсэн долоо хоног



1-р сарын 30 | 7 цаг 00 минут
503

УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдав

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах захирамж гаргаж, энэ дагуу Баасан гарагт анхны хуралдаанаа хийлээ.  

Ээлжит бус чуулганаар:

-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлын хүрээнд ахмад настнуудын бүрэн тэтгэвэр болон тэтгэмжийг нэмэх асуудлыг цагаан сараас өмнө шийдвэрлэхээр зорьж байна. Одоогоор тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг, үүнээс дээших тэтгэврийг 15 хувь нэмэх асуудал яригдаж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар  маргааш эцэслэн шийдвэрлэнэ.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэллээ

Улирч буй долоо хоногт Монголын эдийн засагт үүр гэгээрлээ хэмээн тодотгож болно. Учир нь энэ хугацаанд хоёр томоохон бүтээн байгуулалтын сайн мэдээ дуулдав. Эхнийх нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэллээ. Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өгсөн.  Оюутолгойн ордыг гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалттай дэлхийд  дээгүүрт эрэмбэлэгдэх томоохон төсөл юм.

2019 онд “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 92-р тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын түр хороо, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцээр хийсэн юм.

Гүний уурхайн нээлт дээр Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Өнөөдөр энэхүү хэлэлцээрийн эхний шатны үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүсэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюутолгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, монголчууд бид 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал буюу ТЭГ гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил  ийнхүү эхэлж байна” гэдгийг онцлов.

Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой юм. Төлөвлөж буйгаар гүний уурхай 2023 оны эхний улиралд бүрэн ашиглалтад оруулна гэсэн товтой байна.

Байгалийн хийн хоолойн төсөл дахин нэг  шатаар урагшлав

Мягмар гарагт /2022.01.25/ ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан Хятад улс руу татах байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлах ёслол боллоо.

2021 оны гуравдугаар сарын 12-нд "Газпром" компанийн ТУЗ-ийн гишүүд ирж, Шадар сайд тэргүүтэй удирдлагуудтай уулзаж төслийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж байв.

Одоогоор хийн хоолойн  960.5 км маршрутын зураг тодорхой болсон байна. ТЭЗҮ боловсруулах ажил дууссан бөгөөд инженер техникийн ажилтнууд нарийвчилсан ажилдаа орж бэлтгэлийг хоёр жилийн хугацаанд хангагдах ёстой аж. Ингээд 2024 оноос төслийн ажил албан ёсоор эхлэх юм.

Оюу толгойн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангана

"Оюу толгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах ажлын хэсгээс оруулсан гэрээний төслийг Засгийн газар хэлэлцэж дэмжсэн. Энэ хүрээнд ТЭХ-ийн сайд Н.Тавинбэх Оюу толгой ХХК-ийн төлөөллүүд хамтран Оюу толгойн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, худалдах, худалдан авах гэрээг албажуулсан юм.

Энэ гэрээ албажсанаар БНХАУ-аас авч байгаа 120 сая ам.доллартай тэнцэхүйц борлуулалтыг Монгол Улсын эрчим хүчний салбарт авч үлдэх боломж бүрдэнэ

МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг томилов

Нийслэлийн Монгол Ардын нам /МАН/-ын хорооны 35 дугаар Бага хурал бямба гарагт /2022.01.29/ хуралдаж  Д.Сумъяабазарыг төлөөлөгчдийн 99.51 хувийн саналаар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар улираан томиллоо.

Тус хуралд нийслэлийн есөн дүүргийн 204 намын хороо, 534 үүрийн 66.758 гишүүнийг төлөөлж 499 төлөөлөгч оролцжээ 

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com