Монгол Улсын Засгийн газар 2021 оны хоёрдугаар сард Төсвийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний талаар 43 дугаар тогтоолыг гаргаж байв. Тогтоолын агуулга нэрнээсээ ойлгомжтой.
Цар тахлын үед төсвийг хэмнэх, онцын ач холбогдолгүй арга хэмжээнд зарцуулахгүй байх, төсвийн сахилга батыг чандлан сахиулах зорилготой. Гэвч энэ тогтоолын биелэлт төсвийн болон төрийн өмчийн үйлдвэрийн газруудад хангалтгүй хэрэгжиж байгаа нэг жишээ нь ДЦС-4 ТӨХК-ийн жишээнээс анзаарч болно.
Тодруулбал, тус компани Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ДЦС-4-ийн “Эрчим” багийн тамирчиддаа зориулж 20 шахам сая төгрөгийг зарцуулжээ. Тэмцээний эрхийн төлбөрийг гэхэд л 5.0 сая төгрөгөөр авч, тамирчдын урамшуулалд 7.0 сая төгрөг гэхчлэнгээр зарцуулжээ.
Хэдийгээр энэ нь шалихгүй хэмжээний зардал мэт харагдавч бид том тоонд хэтэрхий дасчихсан, бас багаас их бүрдэж, энэ мэт “аахар шаахар” мөнгөн дүн нийлсээр эцэстээ төсвийн томоохон үр ашиггүй зарцуулалт болон хувирдаг гэдгийг санах ёстой юм.
Нөгөө талаасаа энэ 20 сая шахам төгрөгийн зардал нь ЗГ-ын 43 дугаар тогтоолын “үндсэн үйл ажиллагаатай холбоотой, зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байх зэргээр батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар тооцож, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөн хуваарилах” гэсэн заалтыг зөрчиж байгаа юм.
Сэтгэгдэл бичих