Бүх бурууг урд хөршдөө тохож, харилцаандаа сэв суулгах хэрэг байна уу Б.Жавхлан сайдаа



1-р сарын 18 | 15 цаг 46 минут
2277

Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг коммунист зарчмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажиллаж, буруугаа бусдынх болгодог болоод удаж байна. Дарханы зам баригдаагүй нь зунжин орсон борооны буруу. Агаарын бохирдол нэмэгдсэн нь гэр хорооллын иргэдийн буруу. МАН-ын дарга нарт буруу байхгүй. Харин бусад нь буруутай шүү гэдэг хандлагыг ганц нэгээр тогтохгүй гаргаж ирлээ. Ард иргэдээсээ буруутанг хайж ирсэн дарга нар маань эцэстээ Эрээний боомт хаагдсан нь өвлийн олимпын буруу гэж чанга дуугаар зарлав. Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд алдаагаа үүрүүлэх зүрх, зориг Монгол төрийн түшээдээс л гарах байх. 

Юу вэ гэхээр Намрын чуулган хаахын өмнө Сангийн сайд Б.Жавхлан “Олимп бушуухан дуусаасай. Найдаж байгаа зүйл гэвэл олимп өнгөрөөд Замын-Үүдийн боомт хэвийн байдалдаа аажмаар шилжих байх” гэж хээв нэг хэлэв. Худалдааны гол боомтоо ногоон бүс байлгаж чадалгүй халдварыг хяналтаас гаргачихсан алдаагаа “Өвлийн олимп”-д чихэхэд дэндүү амархан байлаа. Гэхдээ энэ бол Сангийн сайд хүний амнаас гарах үг яавч биш. Хоёр улсын харилцаанд сэв суулгаж мэднэ. Б.Жавхлан сайдын үг Монгол төрийг төлөөлнө.

БНХАУ-ын тал халдвар тархах эрсдэлгүй нөхцөлд ачаа, тээврээ явуулъя гэдэг ганцхан шаардлагыг өнгөрсөн хугацаанд тавьж ирсэн. Монгол Улсын тээвэр ложистикийн шийдэл хоцрогдсон нь гол асуудал болчхоод буйг мөн хэлсэн байдаг. Гэтэл манай дарга нар энэ алдаагаа засахын оронд олимп дуусахаар хэвийн болно гэж найдаж байна гээд яриад явж байна. Ингэж ярихаас ч өөр арга тэдэнд байхгүй. Ачаа, тээвэр саатсан өнгөрсөн гурван сарын хугацаанд магтаад хэлчих ганц ч ажил хийж чадаагүй улс шүү дээ.

“Бээжин-2022” өвлийн олимп хоёрдугаар сарын 4-20-ны хооронд болно. Тэгэхээр гуравдугаар сар хүртэл үнийн өсөлтөд халаасаа сэгсрүүлээд тэсэх л үлдэж байна Монголчууд минь. Энэ Засгийн газрын ажил хариуцсан сайд нарт найдах хэрэггүй нь “Олимп бушуухан дуусаасай” гэдэг үгээр нь тодорхой болчихлоо.

 Г.Жүгдэр   

 

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com