Хууль зүйн байнгын хорооноос хэд хэдэн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүллээ. Үүний нэг нь ТББ-уудын санхүү татварын тайлангийн бүрдүүлэлтийг зохицуулахтай холбоотой хуулийн төсөл байлаа. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тус хуулийн талаар мэдээлэл өгсөн юм.
Мэдээлэлдээ тэрбээр “Төрийн бус байгууллагуудын санхүү татварын тайлангийн бүрдүүлэлтийг нь илүү чангатгах шаардлагатай. Маш олон спортын хороод санхүү, татварын тайлангаа гаргадаггүй. Гэсэн мөртөө маш их хэмжээний мөнгө хандив хэлбэрээр энд тэндээс авдаг. Тэрийгээ юунд зарцуулсан нь тодорхой биш байдаг. Санхүүгийн гүйлгээ, санхүүгийн татвар нь тодорхой ил тод байх юм бол ямар нэгэн хардалт сэрдэлт үүсэхгүй. Мөнгө угаах, авлигатай асуудал арилна гэж би харж байгаа.
Тийм болохоор энэ хуулийн төслийг хэлэлцээд явах хэрэгтэй. Гэхдээ эцсийн хэлэлцүүлэг хүртэл ажлын хэсэг маш сайн ажиллаж хэлэлцэх хэрэгтэй. Энэ хуулийн төсөл яагаад Хууль зүйн байнгын хороон дээр ХЗДХЯ оруулж ирсэн бэ гэхээр ФАТФ-ын шаардлагатай холбоотой. Бид хэдхэн жилийн өмнө хар жагсаалт, саарал жагсаалт гээд асуудал үүсэж байсан. Энэ жагсаалтаас гарсан нэг нөхцөл нь та нар 4-5 зүйлийг цэгцлэх шаардлагатай байна гэсэн. Үүнд нэгдүгээрт Банк бус байгууллагын үйл ажиллагааг хянадаг байх хэрэгтэй. Энэ нь хэрэгжсэн.
Хоёрдугаарт, Виртуал хөрөнгийн зохицуулалт байхгүй байна гэсэн. Саяхан хууль нь батлагдлаа.
Гуравдугаарт, Ломбардын үйл ажиллагаанд хяналт тавих хэрэгтэй гэсэн. Дөрөвдүгээрт ТББ-уудын үйл ажиллагааг хянах ялангуяа санхүүгийн тайланг зохицуулалтыг хийх шаардлагатай гэсэн. Тэрний дагуу л энэ хууль УИХ дээр орж ирж байгаа юм” гэлээ.
Х.Соёл
Сэтгэгдэл бичих