Шуурхай мэдээ:
179898-179902-180005

2021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

12-р сарын 26 - 18 цаг 04 минут

1. ТҮҮХЭНД АНХ УДАА БҮТЭН ЖИЛЭЭР ХОЙШИЛСОН “ТОКИО-2020” ОЛИМП

Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон “Токио-2020” зуны олимп Японы Токио хотод 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдав. Олимпийн наадмын түүхэнд анх удаа ийнхүү бүтэн нэг жилээр хойшилсон ч “Токио-2020” нэрээ хадгалж үлдэхээр зохион байгуулагчид шийдвэрлэсэн юм. 2013 оны есдүгээр сарын 7-нд Аргентин улсын Буэнос-Айрес хотноо болсон Олон улсын Олимпийн хорооны 125 дугаар чуулганаар Олимпийн наадмыг зохион байгуулах эрхээ Токио хот олж авсан.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал-коронавирусийн халдварын тархалт эрчимтэй хэвээр байсан тул олимпийн наадмыг үзэгчгүйгээр хаалттай хэлбэрээр хийж, нийтдээ 20 тэрбум ам.доллар зарцуулсан нь мөн л түүхэнд тэмдэглэгдэж үлдэв. Өөрөөр хэлбэл үзэгчгүй хаалттай байдалд хамгийн өндөр өртгөөр зохион байгуулагдсан гэсэн үг юм. Энэ удаагийн зуны олимпийн спортын төрлүүдэд шинээр 3х3 сагсан бөмбөг, чөлөөт BMX болон одоо байгаа хэд хэдэн спортод холимог хүйсийн багийн тэмцээнийг оруулж өгчээ. Мөн Олон улсын Олимпийн хорооноос тухайн зохион байгуулж байгаа наадамдаа зориулж шинэ спортын төрөл нэмэх эрхийг зохион байгуулагч улсад олгохоор болсон юм. Энэ дагуу Японы Олимпийн хорооноос бэйсбол, софтбол, каратэ, спорт авиралт, серфинг, скэйтбординг гэсэн төрлүүдийг “Токио-2020”-д нэмсэн бөгөөд сүүлийн гурав нь Олимпийн цаашдын хөтөлбөрт үлдэхээр болжээ.

“Токио-2020” зуны олимпод АНУ нийт 113 медалиар /алт 39/ тэргүүлсэн бол БНХАУ 88 медалиар /алт 38/ хоёрдугаар байрт жагссан. Харин зохион байгуулагч орон Япон нийт 58 медаль /алт 27/ авч дээд амжилт тогтоосон бол Их Британи 65 медаль /алт 22/ авч анх удаагаа дөрөвдүгээр байрт жагсав. Мөн Бермуд, Филиппин, Катар улсууд анх удаа олимпийн алтан медаль, Буркина Фасо, Сан Марино, Туркменистан улсууд түүхэндээ анх удаа олимпийн медаль хүртжээ. Монгол Улсын тамирчид“Токио-2020” зуны олимпоос нэг мөнгө, гурван хүрэл медаль, паралимпоос нэг алтан медальтай  буцаж ирсэн юм.

Ийнхүү цар тахлын хүнд нөхцөлд олон эрсдэл, сорилтыг даван туулсны эцэст япончууд хүн төрөлхтөний эв нэгдлийн илэрхийлэл болсон “Токио-2020” зуны олимпийг амжилттай зохион байгуулж чадсан билээ.

 

2. ВАКЦИНЖУУЛАЛТ 60 ХУВЬД ХҮРЧ, ОМИКРОНЫ ШИНЭ ДАВАЛГАА ЭХЛЭВ

2019 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод албан ёсоор бүртгэгдсэн коронавирусийн халдвараар 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар дэлхийд 277,1 сая хүн халдварлаж, 5 сая 376 мянган хүн нас бараад байгааг АНУ-ын Копкинсийн Их сургуулийн албан ёсны статистик харуулж байна. Үүнээс АНУ-д 51.5 сая хүн өвдөж, 812 мянган хүн нас барснаар тэргүүлж байгаа бол Энэтхэг улс 34.7 сая хүн халдвар авч, 478 мянган хүн нас барсан статистикаар удаалж байгаа юм. 2021 оны дунд үеэс  эхлэн цар тахлын давалгаа харьцангуй намдаж, дэлхийн улс орнууд энгийн амьдралд шилжихэд ойрхон байгаа талаар эрүүл мэндийн байгууллагууд мэдээлж байв. 2021 оны арванхоёрдугаар сарын эхний байдлаар дэлхийн хүн амын 56.9 хувь нь вакцины нэгээс доошгүй тунг авсан бөгөөд дэлхий даяар өдөрт 36.58 сая тун, нийтдээ 8.78 тэрбум тун вакцин тариулаад байгаа аж. Харин бага орлоготой орнуудын дөнгөж 8.1 хувь нь вакцины нэгдүгээр тунг авсан байгаа нь санаа зовоосон асуудал болж байгааг ДЭМБ мэдээлээд дор хаяж хүн төрөлхтөний 70 хувийг вакцинжуулах шаардлагатай байгааг удаа дараа сануулсаар байгаа юм.

Вакцинжуулалт, хөл хорио зэрэг арга хэмжээг дэлхийн улс орнууд  үе шаттайгаар хэрэгжүүлсний үр дүнд ихэнх улс орон хэвийн амьдралдаа бараг шилжээд байв. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр Өмнөд Африк улсад COVID-19-ийн Омикрон хувилбар бүртгэгдсэнээр нөхцөл байдал дахиад муугаар эргэсэн юм.  2021 оны арванхоёрдугаар сарын 22-ны байдлаар дэлхийн 103 улсад омикрон хувилбар бүртгэгдсэнийг албан ёсоор зарлалаа. Улс орнууд омикронтой холбоотойгоор дахин хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнүүд авч, хилээ хааж эхлэв. Тухайлбал Америк болон Европод зул сарын өмнө омикроны давалгаа эрчээ авав. Энэ сарын эхээр дэлхий дахинд омикроноос шалтгаалсан үхэл бүртгэгдээгүй гэж мэдээлж байсан ч сүүлийн өдрүүдэд Их Британи зэрэг хэд хэдэн улсад тус хувилбараас шалтгаасан үхэл бүртгэгдлээ гэж мэдээлэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас омикрон хувилбартай холбоотой эцсийн судалгаа мэдээллийг гаргах болоогүй гэсэн байр сууринд хэвээр байгаа юм. Харин одоо ашиглагдаж байгаа зарим вакцины нэмэлт тун омикроны хүндрэлээс сэргийлж чадна гэж эрдэмтэд үзэж байна.  Тухайлбал, Пфайзер компани өөрсдийнх нь боловсруулсан вакцины гурван тун Омикроныг саармагжуулах чадвартай гэж мэдэгдээд байна. 

 

3. ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН ӨСӨЛТИЙГ 1.5 ХЭМЭЭР ХЯЗГААРЛАХАА АМЛАВ

Өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар дээд хэмжээний чуулга уулзалт болсон билээ. Энэхүү уулзалтуудаар дэлхийн улс орны удирдагчид цар тахлыг зогсоох болон цар тахлын улмаас доройтсон дэлхийн эдийн засгийг хэрхэн сэргээх вэ гэсэн ерөнхий агуулгын хүрээнд хуралдаж санал солилцсон юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Бидний одоогийн сонголт хүн төрөлхтөн эдийн засаг, байгаль орчноо сүйтгэх үү эс бөгөөс хүрээлэн буй орчноо цэвэр ариунаар нь хойч үедээ өвлүүлэх үү гэдгийг шийдвэрлэнэ” гэж хэлэлцэх асуудлын агуулга, ач холбогдлыг тодорхойлсон. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн шинэ судалгаанд дэлхий аж үйлдвэрийн өмнөх үеэс 2.7 градусаар дулаарсныг онцлон тэмдэглэжээ. Дэлхийн дулаарлаас үүдсэн ойн түймэр, усны үер, хэт халалт зэрэг байгалийн гамшиг ойр ойрхон тохиож, олон мянган хүн амиа алдсан жилийг үдэж байгааг оролцогчид хэлэлцэв. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс орнууд хүлэмжийн хийг багасгах чиглэлээр санал зорилго нэгдэхээс өөр аргагүйд хүрснийг хүлээн зөвшөөрч улс орнуудын удирдагчид тодорхой амлалтуудыг өглөө. Тухайлбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ерөнхий конвенцод нэгдсэн орнуудын 26 дугаар бага хурал /COP 26/ Шотландын Глазго хотод болсон. Тус хурлаас нэг өдрийн өмнө “ИХ -20”-ийн дээд хэмжээний уулзалт болсон бөгөөд “ИХ-20”-ийн бүлгээс агаарын температурын өсөлтийг 1.5 хэм хүртэл хязгаарлах амлалтыг бичиг баримтад тусгаж,  маргааш нь болсон “СОР 26” хурлын дарга Алок Шарма “Нүүрстөрөгчийг тодорхой хугацаанд тэглэхээр дэлхийн улсуудын 80 хувь нь амлалт өгсөн. Хүлэмжийн хийн 80 орчим хувь нь ногддог Их-20-ийн орнуудын байр суурь онцгой чухал” гэж тэмдэглэсэн юм. Мөн дэлхий даяар нүүрсний эрчим хүчийг санхүүжүүлэхээ зогсоохоор “Их-7”-гийн орнууд шийдсэн нь  жинтэй хувь нэмэр болж байгааг онцолсон билээ.

Тухайлбал АНУ 2030 он гэхэд хүлэмжийн хийг 50-52 хувиар бууруулна гэсэн бол Индонезийн эрчим хүчний ногоон шилжилтийг Их Британи дэмжихээ илэрхийлсэн. Мөн дэлхийн дулаарлын сөрөг үр дагавар нүүрлэсэн Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутгийн орнуудад үзүүлдэг санхүүгийн дэмжлэгээ өргөтгөнө гэж Австрали мэдэгдэв. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар дээд хэмжээний уулзалтын индэр дээрээс  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг 22.7 хувиар бууруулахаа амласан билээ.

 

4. АНУ ЦЭРГЭЭ АФГАНИСТАНААС ГАРГАЖ, ЗАРИМ УЛС ОРНУУДЫН ЗӨРЧИЛ, ТЭМЦЭЛ ХУРЦДАВ

2021 онд дэлхий нийтийн санааг зовоосон асуудал ганц цар тахал байсангүй. Үүнтэй зэрэгцээд улс орнуудын дотоод болон гадаад тэмцэл, хилийн зөрчил хурцадсан жил байлаа. АНУ цэргүүдээ Афганистанаас татаж эхэлсэн тавдугаар сараас хойш эрчимжсэн Талибан бүлэглэлийн дайралт оргилдоо хүрч өнгөрсөн наймдугаар сарын 16-нд Афганистан улсын засгийн эрхийг авснаа албан ёсоор зарлав. Исламын шашны хатуу урсгалыг баримтлагч Талибан ийнхүү 20 жилийн дараа тус улсад дахин ноёрхлоо тогтоосон юм. Үүнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден буруутай гэсэн шүүмжлэл дэлхийн улс орны хэвлэлд шил шилээ даран гарав. АНУ-ын дотоодын хэвлэл мэдээлэлд ч ийм шүүмжлэл цөөнгүй гарсан.  Бээжингийн төрийн мэдээллийн “Global Times” сонинд “АНУ Афганистаныг хэрхэн хөсөр хаясныг хар. Хятад Тайваньтай байлдвал хэдхэн цагийн дотор ялагдана. Тэр үед америкчууд туслахаар ирэхгүй” гэсэн агуулгатай Тайваньд анхааруулга өгсөн нийтлэл ч гарсан  байна. Тайванийн тусгаар тогтнох гэсэн бүх оролдлогыг эсэргүүцэн, шаардлагатай бол хүч хэрэглэхэд бэлэн гэж ил тод мэдэгддэг Хятадын цэргийн нисэх хүчний онгоцууд Тайванийн хилийг зөрчих болжээ. Гэхдээ энэ үйл явдал нь Номхон далайн бүсэд Хятадын эсрэг АНУ, Англи, Австрали улсын “Aukus” эвсэл байгуулагдсантай холбоотой анхааруулга тул төдийлөн ач холбогдол өгөх хэрэггүй гэж зарим судлаачид үзэж байгаа юм.

Газар нутгийн маргаан хилийн асуудал нь өнгөрсөн арваннэгдүгээр сард хурцадсан хоёр улс бол Азербайжан, Армени юм. Азербайжаны хилийн Келбажар, Лачин хэсэг дээрх өндөрлөгийг эзлэн авах ажиллагааг Арменийн цэргүүд эхлүүлж, эрчимтэй гал нээснээр тус хоёр улсын хил дээрх зэвсэгт мөргөлдөөн улам өргөжжээ. Улмаар 2020 оны есдүгээр сард тус хоёр улсын хооронд сар гаруй үргэлжилж, 6.5 мянган хүн амь эрсэдсэн хамгийн том зэвсэгт мөргөлдөөн болсныг олон улсын тоймчид онцолж байна.

Түүнчлэн Польш, Беларусийн хилийн бүс дайны байдлаас дордоод байгаа. Арваннэгдүгээр сарын 9-нөөс эхэлж Польш, Беларусьтай залгаа хилээ хаах болсноо мэдэгдсэн. Ингэснээр Белорусийн нутгаар дамжиж Европыг зорьсон олон мянган цагаач дүрвэгчид хил дээр гацсан юм. Хилийн шугамд хоол хүнсгүй хүнд нөхцөл байдалд орсон дүрвэгчдийн асуудалд хүний эрхийн байгууллагууд Белорус, Польш улсыг буруутгаж байв.

Арваннэгдүгээр сарын сүүлээр Украйны хил дээр ОХУ тактикийн 100 батальон бүхий 100 гаруй мянган цэрэг, офицер бүхий цэргийн хүчийг нууцаар төвлөрүүлж, энэ хүчний тэн хагас нь хил дээр байлдааны байрлал эзлэн тулалдаанд ороход бэлэн болоод байна гэж АНУ-ын Цэргийн тагнуулын байгууллага мэдээлэв. Москва хэдийгээр энэ мэдээллийг няцаасан ч ирэх оны нэг, хоёрдугаар сард ОХУ Украйны эсрэг идэвхтэй цэргийн ажиллагаа явуулж магадгүй гэсэн таамаглал бүхий мэдээлэл дэлхий нийтийн анхаарлын төвд  байсаар байгаа юм.

 

5. ЖО БАЙДЕН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЖ, АНГЕЛА МЕРКЕЛЬ УЛСТӨРӨӨС ЯВЖ, ФУМИО КИШИДО ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД БОЛОВ

2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пенс нарыг ялсан АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден,  АНУ-ын түүхэнд анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болсон Камала Харрис нар энэ оны нэгдүгээр сарын 21-нд тангараг өргөв. Тангаргийн ёслолын дараа ажилдаа орсон Байден 15 захирамж гаргаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд АНУ-ыг дахин нэгтгэх, ДЭМБ-ын гишүүнчлэлээ сэргээх, зарим исламын шашинт орнуудын эсрэг тавьсан визний хоригийг цуцлах, Keystone XL газрын тос дамжуулах хоолойн зөвшөөрлийг цуцлах зэрэг шийдвэрүүдийг гаргажээ. Ийнхүү АНУ-ын өмнөх 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын үед гаргасан шийдвэрүүдийг цуцалжээ. Мөн холбооны засгийн газрын байр байгууламжуудад амны хаалт заавал зүүх журамыг мөрдүүлэв.

Мөн ХБНГУ-д есдүгээр сард болсон парламентын сонгуульд Социал демократ нам багахан саналын зөрүүгээр ялалт байгуулснаар эрх баригч Христийн ардчилсан нам сүүлийн 19 жилийн хугацаанд анх удаа ялагдал хүлээв. Энэ нь Ангела Меркелийн удирдлагагүйгээр Христийн ардчилсан нам Бундестагийн сонгуульд оролцсон ялагдал байлаа. Сонгуулийн дараа дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй улстөрч Ангела Меркель улс төрийн тайзнаас бууж,  Германы Бундестаг Социал-демократ Олаф Шольцыг канцлерын албан тушаалд томилж, шинэ Засгийн газрын гишүүд тангараг өргөн албан үүргээ гүйцэтгэж эхлэв.

Есдүгээр сарын сүүлээр Японы гадаад хэргийн сайдаар урьд нь ажиллаж байсан байсан Фумио Кишида эрх баригч Либерал Ардчилсан намын шинэ даргаар сонгогдож, Японы 100 дахь Ерөнхий сайд болов. Тэрээр 2017 оны наймдугаар сар хүртэл Шинзо Абэгийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд дараа нь Либерал Ардчилсан намын улс төрийн зөвлөлийг удирдаж байсан юм

 

6. “AUKUS” ТҮНШЛЭЛ ҮҮСЧ ИХ БРИТАНИ БА ЕВРОПЫН ХОЛБОО ХООРОНД ЗАРИМ ЗӨРЧИЛ ҮҮСЭВ

АНУ, Их Британи болон Австрали улс аюулгүй байдлын салбарт шинэ түншлэл байгуулахаар тохиролцсоноо өнгөрсөн есдүгээр сард мэдэгдэв. “AUKUS” буюу Австрали, Их Британи, АНУ гэсэн нэрний товчлолоор нэрлэгдэх энэхүү шинэ эвслийн зорилго нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энэ гурван улсын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад чиглэх юм байна. “Батлан хамгаалахын шинэ түншлэлийг бий болгож, ажлын байр, хөгжил цэцэглэлтийг хангаснаар гурван улсыг урьд өмнө байгаагүйгээр улам ойртуулна” гэж Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон онцлон тэмдэглэжээ. Энэхүү түншлэлийн хүрээнд АНУ цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц бүтээх технологио Австрали улсад шилжүүлэн өгөхөөр болсон бөгөөд ийнхүү Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын эсрэг шинэ түншлэл буюу шинэ эвсэл албан ёсоор байгуулагдав гэж дэлхийн зарим хэвлэлүүд мэдээлж байв. Гэвч Жо Байден БНХАУ-ын дарга ШиЖиньпинтэй цахим уулзалт хийх үеэрээ энэхүү эвсэл нь Хятадын эсрэг биш бөгөөд Тайвань, Хятадын маргаантай хамаагүй гэж мэдэгдсэн юм.

Үүний улмаас Австраль, Хятадын худалдааны дайн улам хурцдав.Тус хоёр улсын худалдааны орлого өнгөрсөн оны эхний хагастай харьцуулахад 5.4 тэрбум ам.доллараар буурсан байна. Хятадын Засгийн газар Австралийн экспортод оногдуулсан хоригууд хэвээр байгаа боловч Австралийн зүгээс энэ нь тус улсын эдийн засагт хохирол үзүүлээгүй гэж мэдэгджээ.

“AUKUS” эвслийн гишүүн ИхБритани болон Европын холбооны зөрчил мөн гүнзгийрч байна. Европын холбооноос Их Британийн гарах үйл явц буюу Брексит 2016 онд эхэлж өнгөрсөн онд дууссан ч сүүлийн шат нь 2021 онд ч үргэлжилж байгаа. Их Британийн засгийн газраас хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээ Европын холбоонд таалагдахгүй байгаа юм. Тухайлбал, Хойд Ирландад худалдааны тусгай зохицуулалт хэрэгжүүлэхээс татгалзвал хариу арга хэмжээ авна гэж Европын холбоо анхааруулжээ. Мөн хэрэв Их Британи цаашид дээрхийн адил энэ мэт явцуу үйл ажиллагаа явуулсаар байх юм бол хариу арга хэмжээ авахдаа бид шийдэмгий байх болно гэж мэдэгдэж байгаа юм. Брекситээс шалтгаалан Их Британид ажиллах хүчний хомсдол 2021 онд  багагүй асуудал дагуулсан байна. Их Британийн ажил олгогчид Европын ажилчдыг чөлөөтэй авч ажиллуулах боломжгүй болсон,  дээрээс нь цар тахлын  улмаас Европын холбооны 200 мянган ажилчин Их Британийг орхин гарчээ.

 

7. АНУ БА БНХАУ, АНУ БА ОХУ-ЫН УДИРДАГЧДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

2021 онд дэлхий нийтийн анхаарлыг татсан хэд хэдэн дээд хэмжээний уулзалт болж өнгөрөв. Дэлхийн хамгийн том эдийн засаг бүхий АНУ ба БНХАУ-ын төрийн тэргүүн нарын цахим уулзалт арваннэгдүгээр сарын 16-нд болж 3 цаг 14 минут үргэлжилжээ. Энэхүү цахим уулзалт нь Жо Байденыг нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноос хойшхи анхны албан ёсны уулзалт гэдгээрээ онцлогтой. Дэлхийн хамгийн төвөгтэй харилцааг цэгцлэх хүчин чармайлтыг хоёр ерөнхийлөгч энэ уулзалтаар гаргах ёстой гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Энэтхэг-Номхон далайн бүсэд иргэдийн эрх зөрчигдөж байгааг сануулаад Тайванийн асуудлаар АНУ “Нэг Хятад” бодлогыг баримтлах бөгөөд Хятадын эсрэг шинэ эвсэл байгуулж зөрчилдөхгүй гэж мэдэгдэв. Мөн АНУ, БНХАУ-ын эрх баригчид улс хоорондын өрсөлдөөнийг мөргөлдөөнд хүргэхгүйн тулд чадах бүхнээ хийх ёстой гэсэн юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин уулзалтын үеэр “Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хувьд бие биенээ хүндэтгэн тогтвортой, харилцан ашигтай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, цар тахал, дэлхийн дулаарал зэрэг тулгамдсан олон асуудлын эсрэг хамтын шийдвэр гарган олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой” гэж онцолсон байна. Ямартай ч хоёр улсын төрийн тэргүүний энэ уулзалт АНУ, Хятадын харилцааг эерэг чиглэлд ахиулахад нэг алхам боллоо гэж  улс төрийн ажиглагчид үзэж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар арванхоёрдугаар сарын 7-нд мөн цахимаар уулзалт хийлээ. Хоёр ерөнхийлөгчийн уулзалтын үеэр Украйны асуудал хүчтэй хөндөгдсөн бөгөөд Жо Байден ОХУ Украйны ойролцоо цэргийн хүчээ төвлөрүүлж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Хэрэв энэ асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхгүй бол Оросын эрчим хүчний том төсөл болох “Хойд-Урсгал 2” байгалийн хийн хоолойн үйл ажиллагаанд хориг тавьж дэлхийн банкуудын хооронд мөнгөн гуйвуулга хийгддэг SWIFT системээс ОХУ-ыг хасах асуудал яригдаж болзошгүй юм гэж анхааруулжээ. Харин Владимир Путин хариуд нь Украйнаас удаа дараа зэвсэгт болон бусад аргаар өдөөн хатгалга хийж байгааг буруутгаад гэхдээ ОХУ Украйнд халдахгүй гэж мэдэгдсэн байна. Цахим уулзалт хаалттай горимд болж өнгөрсөн билээ.  Тэдний уулзалтаас найм хоногийн дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын уулзалт виртуалаар болов. Энэ нь 2021 онд тэдний хийж байгаа хоёр дахь виртуал уулзалт болсон бөгөөд 2013 оноос хойшхи 37 дахь уулзалт нь  юм. Хоёр талын худалдааны хэмжээ 2021 онд 100 тэрбум ам.долларыг давж, шинэ дээд амжилт тогтоосон, Евразийн “Бүс ба зам”-ын хамтын ажиллагаа ахицтай байгааг дэлхийн хэвлэлүүд онцлон тэмдэглэв.

 

8. ХҮНИЙ ЭРХ, ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ ХӨДӨЛГӨӨН   БА ЭР ЗОРИГИЙН ШАГНАЛУУД

Өнгөрч буй 2021 онд дэлхий дахинд хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой олон үйл явдал өрнөсний хамгийн шуугиантай нь хоёрдугаар сарын эхээр Москва хотын шүүхээс сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйд 3.5 жилийн хорих ял оноосон явдал байв. Үл мэдэгдэх хордлогын улмаас ХБНГУ-д эмчлүүлж байгаад эх орондоо йэргэж ирснийх нь дараа түүнийг шоронд хорьсон билээ. Түүнийг суллахыг шаардсан жагсаал ОХУ-ын 122 хотод өрнөсөн байна. Зөвхөн Москва, Санктпетрбург хотод болсон жагсаалд л гэхэд 40 гаруй мянган хүн оролцжээ. Жагсаалд ихэвчлэн залуучууд оролцсон бөгөөд тэд дарангуйлагч эрх баригчдыг огцрохыг шаардаж ардчилал, эрх чөлөөний төлөө үзэл бодлоо илэрхийлж байсан юм. Тус жагсаалыг сүүлийн 10 жилд ОХУ-д болсон хамгийн том эсэргүүцлийн жагсаал гэж дэлхийн хэвлэлүүдэд тодотгосон байна.

Зургадугаар сарын 21-нд эхэлсэн НҮБ-ын Хүний эрхийн асуудлаарх зөвлөлийн ээлжит хуралд Алексей Навальнийн 20 настай охин Дария Навальная үг хэлсэн бөгөөд эцэгт нь олгосон “Эр зоригийн төлөөх” шагналыг гардаж авсан юм. Харин аравдугаар сард Европарламентаас Алексей Навальныйд Сахаровын нэрэмжит шагналыг олгожээ. Энэ шагнал нь Европын холбооноос хүний эрхийн салбарт олгодог хамгийн нэр хүндтэй том шагнал юм. Шоронд хоригдож байгаа А.Навальныйг Нобелийн Энхтайвны шагналд мөн нэр дэвшүүлсэн ч  энэ удаа уг шагналыг Филиппинийн сэтгүүлч Мария Ресса болон Оросын сэтгүүлч Дмитрий Муратов хүртсэн юм. Нобелийн хороо хоёр сэтгүүлчид шагналыг “Үг хэлэх эрх чөлөөг хамгаалахын төлөөх хүчин чармайлтын төлөө” олгосон гэж тодотгосожээ. Оросын сэтгүүлч Д.Муратовыг “Хамтран ажиллагчид нь амь үрэгдсэн ч сониныхоо бие даасан бодлогоос татгалзаагүй, сэтгүүлчдийн эрхийг тууштай хамгаалсаар ирсэн” гэж онцолж байв.

Үг хэлэх эрх чөлөө, хүний эрхтэй холбоотой олон үйл явдал 2021 онд дэлхийн өнцөг булан бүрт өрнөсөн байна. БНХАУ Хонгконгийн хэвлэлийн эрх чөлөөг боомилж эхэлсэн нь ихээхэн эсэргүүцэл шүүмжлэл дагуулав. Тухайлбал, Хонгконгийн дөнгөж батлагдсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу “Apple Daily” сонины үйл ажиллагааг зогсоосон юм. “Wikileaks”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг Австралийн талд шилжүүлэхийг эх орон нэгтнүүд нь АНУ-ын эрх баригчдаас шаардсаар байна. АНУ-ын прокурорууд Ассанжийг цэрэг, дипломатын нууц задруулсан гэх 17 хэрэгт буруутгасан бөгөөд тэрбээр өнөөг хүртэл Английн шоронд хоригдсоор байгаа билээ.

 

9. САНСРЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ЭХЛҮҮЛЭВ

Сансарт анх удаа аялал жуулчлалын зорилгоор “SpaceX” компанийн хөлгөөр сансарт ниссэн дөрвөн жуулчин есдүгээр сарын 19-ний өглөө Флоридагийн эргээс холгүй Атлантын далайд амжилттай газардсан юм. Энэ бол сансрын түүхэнд анх удаа дан энгийн хүмүүсээс бүрдсэн багийг дэлхийн тойрог замд хүргэсэн арилжааны нислэг байлаа. Дөрвөн жуулчныг сансарт нисгэсэн “Inspiration4” төслийн удирдагч Тодд Эриксон “Сансрын хоёрдугаар эринд тавтай морил” гэж хэвлэлийн хурын үеэр мэдэгдсэн юм.  Жуулчдын хамгийн залуу нь болох 29 настай Хэйли Арсено дэлхийн хамгийн залуу сансрын нисгэгч болжээ. Тэрбээр АНУ-ын Теннеси муж дахь Сэнт Жюдийн Хүүхдийн эмнэлгийн эмч юм. Арсено өөрөө хүүхэд байхдаа энэ эмнэлэгт ясны хорт хавдраа эмчлүүлж, нэг хөлөө тайруулж байжээ. Тиймээс тэр бас анхны хиймэл эрхтэнтэй (протез) сансрын нисгэгч болж байгаа юм. “Inspiration4” багийн бусад гишүүд нь 51 настай геологич Шан Проктор, 42 настай нисэх онгоцны инженер Крис Семброски, нислэгийг ивээн тэтгэсэн 38 настай тэрбумтан Жаред Айзакмэн нар ажээ. “Shift4 Payments Inc” электрон төлбөр тооцооны компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Айзакмэн энэ удаагийн аялалд нийтдээ 200 сая ам.доллар төлж, өөрийн багийг бүрдүүлсэн аж. Сансрын хөлөг 15-нд Флоридагийн Канавералын хошуунаас хөөрснийхөө дараа гурван цагийн дотор дэлхийн  гадаргаас 585 км хол зайд хүрсэн байна. Энэ нь 1972 онд дууссан NASA-гийн саран дээр буух Apollo хөтөлбөрөөс хойш хүн сансрын уудмын хамгийн гүнд хүрсэн тохиолдол болжээ. Ийнхүү томоохон бизнесмэнүүд сансрын аялал жуулчлалаар өрсөлдөж эхлэв. Өнгөрсөн долдугаар сард Америкийн тэрбумтан Жэф Безос, Британийн тэрбумтан Ричард Брэнсон нар тус тусын хөлгөөр сансарт нисэцгээсэн билээ. Гэхдээ тэдний хөлгүүд дэлхийн агаар мандал, сансрын уудмын хил заагт хэдхэн минутын хугацаа өнгөрүүлсний дараа буцацгаасан юм. Харин Элон Маскийн “SpaceX” энгийн хүмүүсийг сансрын гүнд гурван өдөр аялуулж чадсан амжилтаар өрсөлдөгчдөөсөө онцгойрч албан ёсоор аялал жуулчлал болон арилжааны нислэг үйлдэж чадсан гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэв. 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар 255 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Элон Маск дэлхийн хамгийн баян хүний байр сууриа өрсөлдөгчгүйгээр хадгалж байна. 

 

10. ШИНЖЛЭХ УХААНЫ ШИЛДЭГ ОЛОЛТУУД

2021 онд хүн төрөлхтөний түүхэнд тэмдэглэгдэж үлдэх шинжлэх ухааны шилдэг нээлтээр элбэг арвин байв. Сансарын нислэгээс эхлээд микророботик, хиймэл оюун ухаан хүртэлх бүхий л салбарт ахиц дэвшил гарчээ. Тэдгээрээс заримыг товчлон тоймолбол:

♦ Ангараг гариг дээр анхны жижиг оврын нисдэг тэрэгний нислэгийг NASA анх удаа хэрэгжүүлжээ.

♦ “Google” компани хамгийн сүүлийн хиймэл ухаан ашиглан DeepMind 350.000 уургийн бүтцийг гаргаж авав. Энэхүү технологи нь анагаахын салбарт чухал эрнийг эхлүүлж буй аж.

♦ Салхинд хөвдөг микроботуудыг АНУ-ын “Nerdist” компанийн инженерүүд бүтээхээр ажиллаж байна. Тэдгээр робот тухайн орчныхоо уур амьсгалын өөрчлөлт, өвчний тархалт зэрэг зүйлсийг бүртгэх боломжтой аж.

♦ “MIT” компани хүний бүх хөдөлгөөнийг мэдэрч, бичиж чаддаг, мөн биеийн байрлалыг санал болгодог ухаалаг хувцас үйлдвэрлэв.

♦ “Neuralink” компани теннис тоглож буй сармагчинг танилцуулав. Сармагчингийн тархинд хэт нимгэн электродыг байршуулсан байна. Тус компани ойрын хугацаанд саажилттай хүмүүст энэ технологийн тусламжтайгаар тусалж чадахаа амалжээ.

♦ Америкийн “SpaceX” компани анх удаа дан энгийн хүмүүсээс бүрдсэн багтай “Crew Dragon” хөлгийг “Falcon- 9” зөөгч пуужингаар сансарт хөөргөв. Хөлгийг “Inspiration4” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд тойрог замд хийсэн анхны бүрэн арилжааны нислэг болжээ.

 

“ТВ-9” телевиз, “Зууны мэдээ” сонин хамтран 2021 онд дэлхий дахинаа болсон онцлох үйл явдлуудыг нэрлэж байна

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019