Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Шилдэг өгүүллэг: ЭЭЖ

4-р сарын 15 - 16 цаг 05 минут

Шилдэг өгүүллэг: ЭЭЖ

Гэнэт утасны хонх ойр ойрхон дуугарав. Би харилцуурыг аваад “Байна уу?” гэтэл утасны цаанаас нэгэн охины эмээнгүй намуун атлаа энхрий хонгор дуу хоолой сонсогдоод “Байна уу? Та ээж мөн үү?” хэмээн асуулаа. “Чи хэнтэй ярих гээ вэ?” гэж би ч мөн аль болохуйц ялдам зөөлөн асуухыг хичээсэн нь утасны цаадхи тэр охины дуу хоолойны нөлөөнд автсан уу, аль эсвэл түүнийг айлгачих вий гэж бодсон уу аль нь болохыг бүү мэд.

“Би ээжтэйгээ ярих гэсэн юм. Та миний ээж мөн үү?” хэмээх түүний дуунд горьдлого дүүрэн атлаа гансрал цөхрөл илт мэдрэгдэх ажээ. Би түүнийг ээжийгээ хайсан охин юм байна гэж ойлгоод дуугаа зориуд сунжруулан “Чи чинь. . . . . .” гээд зогсосхийтэл “Би Ань Ань байна аа!” хэмээн охины дуу хоолой тэсгэл алдсан байдалтай чангарах нь намайг утсаа тавьчих вий гэж айсан нь илт. “Ань Ань чи хаана байгаа юм бэ?” гэж би эх хүний уян зөөлөн дуу хоолойгоор асуулаа. Утасны цаад талд мөнөөх охин «Ваа!» хэмээн орь дуу тавин цурхиран уйлахыг сонсоод би ч мөн чанга дуугаар “Үр минь! Чи хаана байгаагаа ээждээ хурдан хэлээдэх!” хэмээн хэлэв. Охин жаахан тайвширав бололтой утасны цаана эхэр татан “Ээж ээ, би гэртээ ганцаараа байгаа болохоор маш их айж байна. Аав одоо болтол эргэж ирээгүй. Би хоол идээгүй л байгаа. Би харин гэрийн даалгавраа хийгээд дуусчихсан шүү. Ээж ээ, би үгэнд сайн ордог болсон. Гэтэл та яагаад эргэж ирэхгүй байгаа юм бэ? Аав таныг холын хол газар руу яваад өгсөн. Намайг юм ойлгодог болохоор эргэж ирнэ гэж хэлдэг л дээ. Ээж ээ, би одоо юм ойлгодог болсоон. Бас бүх хичээл дээрээ ангидаа хамгийн мундаг нь болж чадсан. Гэтэл та яагаад одоо болтол эргэж ирэхгүй байгаа юм бэ? ” хэмээн хэлэв. Миний базлаж байсан зүрх бага зэрэг тавирсан боловч охины үг намайг гүн шаналалд унагаж орхилоо. Би аргаа барахдаа цонхны цаана улам бүр өтгөрөх шөнийн бараан хөшгийг харсан боловч тэр яриаг хэрхэн дуусгах ая эвээ олсонгүй. Гагцхүү чадах нь эх хүний өр зөөлөн сэтгэлээр утасны харилцуурт хандаж “Хонгор үр минь, хэрвээ чи айгаад ээжийгээ санаад байвал над руу ярьж байгаарай л даа. Ээж нь чамайг хэзээ ч мартаагүй гэдэгт итгээрэй” гэж хэлэв. Охин ч маш их баярлаж байгаа бололтой утасны жагсаалтын дэвтэр ашиглан миний нэр болон утасны дугаарыг олж чадсанаа бахдан ярина. Тэр их л маадгар янзтай: “Ээж ээ, таныг олоход тун амаргүй байлаа шүү. Нэг удаа нэгэн хөгшин эмээгийн дуу сонсогдохоор би шууд харилцуурыг тавьчихсан. Бас дахин залгатал нэгэн ах авахаар нь «Би ээжтэйгээ ярих гэсэн юм» гэтэл өөдөөс «Юугаа донгосоод байгаа юм бэ?» гэж зандрахаар нь айсандаа хариугүй уйлах шахсан шүү. Гэвч би шантралгүй 9 удаа залгаж байж таныгаа сая нэг юм оллоо. Би үнэхээр их баяртай байна!” гэв. Би үнэхээр сонсоод байж тэвчсэнгүй. «Энэ чухам ямар учиртай хүүхэд юм бол доо? Хэдэн настай, хэддүгээр ангид сурдаг юм бол? Гэр орон нь . . . . . . » гэж бодсон боловч асууж зүрхлэсэнгүй. Нэгэнт л хүний ээж юм бол охиныхоо тухай тэр болгоныг мэдэхгүй байж яахин болох билээ? Хөөрхий охин аягүй бол сэжиглэнэ шүү дээ. Түүнээс хойш манай гэрийн утас дуугарах болгонд би ухасхийн очоод авдаг болов. Тэгсээр би яваандаа охины тухай нэлээд гайгүй мэддэг ч боллоо. Тэр Учан хотын нэгэн бага сургуулийн 2-р ангид сурдаг. Манай охинтой яг чацуу ажээ. Өдөр болгон автобусаар нэг цаг яваад сургууль дээрээ очдог. Өдөр нэг юаньд таарсан хоол иддэг гэнэ. Аав нь өдөр болгон оройтож ирдэг боловч тэр ангидаа сурлагаар хамгийн тэргүүний сурагч болж чаджээ.

Тэр ч байтугай тооны хичээл дээр анги сургуулиа төлөөлөөд олимпиадад хүртэл орсон аж. . . . . .Түүний нэрийг Хуан Ен гэдэг боловч хүмүүс түүнийг багынх нь нэрээр Ань Ань гэж дууддаг юм байна. Ань Ань дуунд их авьяастай болохоор надад дөнгөж шинэ сурсан дуунуудаа харилцуурын цаанаас дуулж өгдөг болов. Найман сард сургууль амарсаны дараа би нөхөр охин хоёртойгоо цуг Бээжин рүү нэг сарын хугацаатай аяллаар явлаа. Аяллаас эргэж ирдэг тэр өдрийн орой утас дуугарахаар нь автал Ань Ань ажээ. Тэр энэ хугацаанд орой болгон над руу залгаж байсан боловч авахгүй байсан гэдгийг маш гомдолтойгоор өгүүлэв. “Ээж ээ, та хааччихдаг юм бэ? Манай сургууль амарчихаад ангийнхны маань зарим нь зуслан явж, өөр бусад нь ээжтэйгээ цуг аяллаар явцгаасан. Харин би л гав ганцаараа гэртээ үлдчихээд ярих ч хүн байхгүй болохоор маш их ганцаардаж байна. Ээж ээ, намайг дагуулаад энэ тэрүүгээр явж болохгүй юм уу? Манай ангийн сурагчид Хөх мөрний шинэ гүүрийг үзсэн. Үнэхээр гоё гэцгээж байдаг шүү. Гэтэл намайг дагуулаад явах хүн ерөөсөө байхгүй юм.” хэмээн Ань Ань өгүүлэв. Миний зүрх пэлбэгэнэн цохилох боловч дуугүй тэвчихээс өөр яалтай билээ дээ? Тэр хөөрхий амьтанд охинтойгоо цуг Бээжинд аялаад ирлээ гэж хэлэлтэй биш. Арга ядахдаа “Ээж нь энэ зун томилолтоор яваад маш их завгүй байлаа. Дараа завтай болохоороо чамайг дагуулаад очъё гэсэн газар болгоноор чинь дагуулж явах болно” гэж худал залав. Улирал дундын шалгалт дуусаад удаагүй байтал Ань Ань над руу бас л залгаж өөрийн сурлагын амжилтаа дуулгалаа. Тэр хэл бичгийн хичээл дээрээ 99 оноо авч ангидаа тэргүүн байр эзлэсэн гэнэ. Хоёрдугаар байрыг 98 оноотой Е Лили гэдэг охин эзлэжээ. Ээж нь түүний энэ амжилтыг том шоколадаар мялаасан юм байх. Харин түүний хажууд суудаг Жанхуа гэдэг жаалхүү 72 оноо авчихаад аавдаа бөгсөө улайтал алгадуулжээ. “Аав нь чамайг юугаар шагнав даа?” гэж би түүнээс асуулаа. Утасны цаад талд дув дуугүй хэсэг хугацаа өнгөрсөн хойно тэр сая ам нээж “Аав намайг ерөөсөө тоодоггүй л дээ. Хэдэн ч удаа багш аав ээжээрээ «Гэрийн даалгаврын дэвтэр дээр гарын үсгийг нь зуруулаарай!» гэсэн боловч аав дандаа оройтож ирдэг болохоор би түүний гарын үсгийг дууриалгаад зурчихсан юм. Гэтэл багш түүнийг мэдчихээд намайг хүн хуурдаг муу хүүхэд байна гэж зэмлэсэн.

Би үүнээс хойш дахин тийм муухай хэрэг хийхгүй ээ. Ээж ээ! Та хэзээ над дээр эргэж ирэх юм бэ? Таныг эргээд ирвэл би гарын үсэг зуруулж байх хүнтэй боллоо гэсэн үг.” гэж хэлэв. Миний нулимс жолоогүй доош бөмбөрөөд: “Ань Ань! Хонгор үр минь! Ээжийгээ эргэж иртэл сайн л сурч байдаг юм шүү. Ээж нь чам дээрээ очоод зөндөө их шоколадаар шагнаж дэвтэр дээр чинь гарын үсэг зурж өгөх болно. Харин сурлага чинь тааруу байвал бөгсөн дээр чинь алгадна гэж мэдээрэй!” хэмээн хэллээ. Утасны цаад талд баярлаж хөөрөх дуу гараад Ань Ань их л энхрий хонгор аалиараа “Ээж ээ! Bye! Bye!” гэв. Хоёр долоо хоног өнгөрсөний дараа Ань Ань бас л над руу залгаад баяр хөөрөө нууж ядсан байдалтай “Ээж ээ! Тооны хичээлийн тестийн шалгалтын хуудас тараагдан ирсэн. Би дөнгөж 72 оноотой шалгуулсан байна лээ. Нээрэн шүү, ээж ээ! Та одоо хурдан эргэж ирээд миний бөгсөн дээр алгадаарай!” гэдэг байгаа. Түүний энэхүү хөөр баяр нь харин ч намайг бүр үймрүүлж орхив. Би ээжээрээ бөгсөн дээрээ алгадуулахаар яарч байгаа Ань Анийн цаад санааг сайтар ойлгож байлаа. Хичнээн гэнэн хонгор хүүхдийн сэтгэл гэж ийм байдаг байна даа! Өөрийн бүгээхэн мөрөөдлийн төлөө бүр байтлаа ийм уйлмаар дуулмаар баатарлаг үйлийг хийдэг байна шүү! Мэдээжийн хэрэг би түүний хариуд Ань Анийг нэлээд ширүүн зэмлэв. «Яахаараа ээжийнхээ сэтгэлийг ойлголгүй тааруухан дүн авч байгаа юм бэ?» гэж аашлахын хажуугаар «Ойрдоо бас л томилолттой байгаа болохоор түүн дээр очиж уулзах зав чөлөө ерөөсөө гарахгүй байна» гэж худлаа хэлэхээ ч мартсангүй. Охин маш гомдонгуй уйлах зуур эхэр татан өгүүлрүүн: “Миний буруу. Ээж ээ! Би үнэндээ худлаа ярьсан юм л даа. Уг нь 70 оноотой шалгуулъя гэж маш их бодсон боловч бас л 97 оноо авсан байна лээ. Би ганцхан ээжтэйгээ уулзахын төлөө л ингэж худал хэлсэн юм шүү. Би үүнээс хойш дахин ээжийнхээ санааг яасан ч зовоож байхгүй.” гэж хэллээ.

Би залгаагаар таван өдрийн турш орой болгон Ань Анийн утсыг хүлээсэн боловч таг чиг болчихов. Харин 6 дахь өдрийн орой шөнө дундын 2 цагийн орчимд утасны хонх дуугарахад очиж автал нэгэн эрэгтэй хүний эвгүйцсэн атлаа эргэлзэж тээнэгэлзсэн дуу сонсогдоод “Уучлаарай! Нэг юм асууя даа!. Би Ань Анийн аав байна аа! Манай охин өвдчихөөд халуундаа дэмийрээд болдоггүй ээ. Түүнээс болсон юм уу, бүү мэд! Ээжтэйгээ ярья гээд өөрийн чинь утасны дугаарыг хэлээд байх юм. Энэ орой залгасанд уучлаарай. Бид ямар танил дотно улс байгаа биш. Гэхдээ манай Ань Ань яахаараа өөрийн чинь утасны дугаарыг ийм сайн мэдээд байгаагийн учрыг би ойлгохгүй байна л даа. Хэд хоногийн дараа . 11 сарын 13-ны өдөр Ань Анийн төрсөн өдөр нь болох юм. Тэр төрсөн өдрөөрөө ээжтэйгээ уулзмаар байна гээд болдоггүй.” гэв. Миний зүрх огцом базлахад би харилцуур руу хандан: “Ань Ань маань тэгээд зүгээр үү? Та нар ер нь ямар учиртай улс юм бэ? Яахаараа түүний ээж дэргэд нь байдаггүй билээ?” хэмээн асуув. Утасны цаад талд дуугаа намсгаад “Та бүү санаа зов доо! Ань Ань маань уушигны хатгаа тусчихаад одоо овоо гайгүй болж байна. Би өөрт чинь дараа өөрсдийн ямар учиртай улс болохыг ярьж өгье!

Ганц үгээр хэлэх юм бол би охиныхоо өмнө түмэн буруутай хүн!” гэхэд нь “За тэр ч яахав! Ань Аньд утсаа өг дөө!” гэж би хэллээ. «Ээж ээ!» хэмээн удтал хүсэмжлэн хүлээсэн дуу хоолой миний өр зүрхийг өмлөчих шиг болов. “Ээж ээ, би өвчин тусаад одоо эмнэлэгт хэвтэж байна. Бусад хүүхдүүд ээжээрээ сахиулж байгаа мөртлөө тариа хийлгэхэд уйлах юм аа. Харин би их гүргэр байгаа шүү. Гагцхүү ээж минь намайг сахидаг ч болоосой гэж маш их бодох юм. Ээж ээ, та над дээр хэзээ ирэх юм бэ?” хэмээн Ань Ань асуув. Миний хоолой цахиртан ээрч гацсан дуу хоолойгоор “Охин минь! Би . . . . . .Ээж чинь чам дээр заавал очно оо!” гэж ганц өгүүлбэр арай ядан унагав. Тэгээд би Ань Анийн төрсөн өдрөөр овоохон бэлэг худалдан аваад түүнд өгье гэж шийдлээ. 11 сарын 13-ны өдрийн 4 дэх өдрийн үдээс хойш би том хайрцагтай шоколад худалдан авч гоёмсог өнгийн цаасаар боолгоод дээр нь «Хамгаас хайртай бяцхан Ань Аньдаа төрсөн өдрийн баяр хүргэе!» хэмээн бичив. Би Ань Анийн суралцдаг бага сургууль дээр очоод түүний ангийн багш Ян Юй Сятай уулзав. Би түүнд ирсэн зорилго болон Ань Аньтай утсаар хэрхэн танилцсан тухайгаа ярьж өгөхөд багш нарын өрөөнд байсан хүмүүс бүгд чив чимээгүй сонсоцгоох ажээ. “Сурагч Хуан Ен бол миний хамгийн хайртай шавь нарын нэг яахын аргагүй мөн байгаа юм. Хичээл сурлагадаа сайнаас гадна маш ухаалаг охин шүү!

Түүнийг 2 настай байхад ээж нь нэгэн хамаатныхаа батлан даалтаар Америк руу суралцахаар явсан юм. Уг нь 1 жилийн дараа нөхөр охин хоёрыгоо татаж авна гээд явсан хүн чинь хоёр жил бололгүй салах өргөдлөө гаргасан гэдэг. Түүнээс хойш Хуан Енгийн амьдрал сэтгэл шимширмээр хэцүү байдалтай болон хувирсан юм. Аав нь сэтгэл санаагаар унаж улмаар архинд орсноор охиноо огтхон ч хайхрахаа больсон. Хэдэн ч удаагийн эцэг эхийн хурал дээр бараа нь үзэгдээгүй гээд бод доо! Өөрт нь зааж залаад өгөх хүн байхгүй хэр нь Хуан Ен өөртөө ахадсан сэтгэлийн хатандаа дулдуйдан хичээнгүйлэн суралцдаг. Ёстой ховор охин доо!” хэмээн Ян багш ярингаа нэгэн зохион бичлэгийн дэвтэр сугалан надад өгөв. Түүн дээр маш гаргацтай цэвэрхэн зохион бичлэг бичсэн нь «Миний ээж» гэсэн сэдэвтэй байлаа. «. . . . . . Би ээжтэйгээ ерөөсөө уулзаж байгаагүй л дээ. Аав түүнийг холын хол газар руу яваад өгсөн гэдэг юм. Гэвч би ээжтэйгээ утсаар байнга харилцдаг шүү. Ээжийн маань дуу хоолой маш эелдэг зөөлөн. Лав Зюйпин эгчийн хоолойноос ч илүү яруу тунгалаг байх аа. Ээж маань магадгүй маш сайхан хүн байж таарна. Лав Сү Ягийн ээжээс ч илүү гоё хүн байх ёстой. Тэр холын хол газраас намайг зорьсоор ирнэ гэдэг. Бас намайг энэ хорвоогийн хамгийн ухаалаг охин шүү гэж магтдаг юм. Надад нэгэн мөрөөдөл байдгийг би зөвхөн Ян багшдаа л хэлдэг юм. Тэр юу гэвээс хэзээ нэгэн өдөр ээж маань миний зохион бичлэгийн дэвтэр дээр гарын үсэг зурж, урлагийн үзлэг дээр миний тоглолтыг харах юм бол лав их баярлана даа! »

Ийнхүү уншсаар байтал миний нүдний хараа бүүдийгээд явчихав. Би Ян багшид хандан: “Та надад Ань Анийн бүхий л зохион бичлэгийн дэвтрүүдийг гаргаад ирэхгүй юу? Би бүгдэн дээр нь гарын үсэг зураад өгье!” гэв. Би мөнөөх зохион бичлэгийн ард талд нь ийм нэгэн цохолбор бичлээ: «Охин минь! Чи ямар мундаг зохион бичлэг бичээ вэ? Ээж нь уншиж суух зуур сэтгэлдээ нулимс дуслуулж байлаа шүү. Үр минь! Ээж чинь цаг мөч бүхэнд өөрийн чинь ойр хавьд байгаа гэдэгт чи итгээрэй! Ээж нь төрсөн өдрөөр чинь чамд нэг хайрцаг шоколад бэлэглэлээ. Энэ чиний хувьд хамгийн том урамшуулал болог! Ирэх жилийн төрсөн өдрөөр ээж чинь чам дээр заавал ирсэн байх болно!» Би ийм үйлдэл хийдэг нь тэр охинд бага ч гэсэн сэтгэлийн тайвширал өгөх эсэхийг хэлж мэдэхгүй юм. Гэвч би хожмын өдөр хоногуудад эх хүний энгүй их хайрыг балчир охины сэтгэлд ямх ямхаар шингээхийг хичээх болно гэдгээ өөртөө тангараглаж билээ...

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019