Төрийн албаныхан ажлын байран дээрээ архиддаг хэвээрээ л байгаа юм байна
Нийслэлийн нэгэн дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын дарга хүчингийн хэрэгт нэр холбогдсон тухай мэдээлэл тархснаа төдхөн дарга биш мэргэжилтэн болж өөрчдөгдөв. Бүр сүүлдээ хүчиндэхийг завдсан явдал байхгүй, зүгээр л ажлын байран дээрээ архидсан, халамцуу хүмүүсийн явдал болж хувираад хэргийг хаах тухай санал гараад байгаа аж.
Дүүргийн мэргэжлийн хяналтын газар гэдэг бол хяналт шалгалтыг хэрэгжүүлэх төрийн том төлөөлөл болж ханхайж байх ёстой газар. Тэр утгаараа ёс зүйтэй, хормой хотны явдал байтугай архи дарсны сураг чимээ ч тэндээс дуулдах учиргүй мэт.
Төрийн байгууллагад нүүрлэсэн ажлын байран дээрхи архидалт араасаа ямар гай балаг чирдэгийн нэг жишээ гэвэл Зам Тээврийн Хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэг. Энэ хар усны балгаар төрийн яамны хоёр даргын нэг нь газарт булагдаж, нөгөө нь дээлээ толгой дээгүүрээ нөмрөөд байгаа.
Хэдэн жилийн өмнө хөдөөгийн нэгэн аймагт согтуу эмч төрөлт нь эхэлж байсан жирэмсэн бүсгүйд нойрсуулах тариа хийсний улмаас хүүхэд нь насан туршийн эмгэгтэй болсон тухай яригдаж байв. Энэ мэт жишээ алийг тэр гэхэв.
ЗТХЯ-ны сургамжийн дараа Засгийн газраас дэг журмыг чангатгах, сахилгын тогтоол гаргаж байсан бөгөөд цаг хугацаагаар нь жишихэд бэх нь хатаж амжаагүй шинэхэн тогтоол гэж тодотгож болмоор. Тэрхүү тогтоолоор ажлын байранд архи уусан төрийн албан хаагчийг хэн байвч ажлаас нь чөлөөлөх сахилгын арга хэмжээ авч байхыг Ерөнхий сайд үүрэг болгож байсан санагдана.
Хэрэв Ерөнхий сайдын энэ үүрэг “шоу” биш л юм бол ажлын байран дээрээ архидсан Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын нөхөд ажлаас халагдах болзлоо хангачихлаа гэсэн үг.
Үглэж сургахаас үлгэрлэж сурга гэж үг бий. УИХ-ын танхимд халамцуу гөлөмцүү орж ирээд халуурч хадуурч ярьдаг төрийн түшээ ганц Н.Батбаяр байсан гэвэл эндүүрэл болно. Өнөөгийн хууль тогтоогчдын дунд чуулганы танхимд “халаалалттай” орж ирж суудлаа андуурахаас эхлээд бөлдөг, гөлөг ярьдаг түшээ ч бас бий. Тэд үүнийхээ төлөө хариуцлага хүлээх байтугай сонгогчдоосоо уучлалт гуйж байсан нь үгүй. Төрийн төлөөлөл болсон хүмүүсийн иймэрхүү үлгэрлэл нийгэмд маш таагүй жишээ болж, ажлын байран дээрхи архидалтыг өдөөгч нь болж байна.
Ерөнхий сайд үнэхээр төрийн албыг ёс зүйтэй, хариуцлагатай болгоё гэж зорьж байгаа л бол хэлсэн үгэндээ эзэн болж ажлын байран дээрх архидалтын толгойг нь илж өнгөрөөмөөргүй байна.
Сэтгэгдэл бичих хэсэг