"Синчи газ" зөвшөөрөлгүй газ худалдаалсан тул газын орлогыг улсад хураах хүсэлтээ хүргүүлжээ
Энэ сарын 2-нд СХД-т үйл ажиллагаа явуулдаг "Синчи газ" шатахуун түгээх станцаас газ алдагдсан хэрэг гарсан. Уг асуудлаар МХЕГ-ын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд мэдээлэл өгсөн. Түүний өгсөн мэдээллээр тус ШТС нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, газ худалдаалагдаж байсан нь тогтоогдсон юм.
Синчи ойд компани нь 7 салбартай бөгөөд Баянхошуу дахь "Синчи газ"-аас хий алдагдсан байна. Хий алдагдсан даруйд онцгой байдлын гал унтраах аврах ангийн баг хийн тархалтыг саармагжуулах арга хэмжээ авч ажиллажээ. Урьдчилсан байдлаар хий агуулж байсан саванд цуурал үүссэнээс хий алдагдсан гэж үзэж байгаа аж. МХЕГ-аас тухайн цууралт нь шинэ цууралт уу, өмнө нь байсан цууралт уу гэдгийг шинжлэн дүгнэлт гаргах юм байна. Одоогийн байдлаар хий алдагдсан хэмжээ тодорхойгүй, саармагжуулах бодис цацсан учраас хамрах хүрээг тогтоох боломжгүй байгааг албаны хүмүүс хэллээ.
"Синчи газ"-ыг зөвшөөрөлгүй газ худалдаалсан хэмээн үзэж НМХГ-аас зөвшөөрөлгүй худалдсан газын орлогыг улсын орлогод хурааж авахаар прокурорын газарт хүсэлт явуулжээ.
Сэтгэгдэл бичих хэсэг