АТГ-ын даргад З.Дашдаваа, С.Ганбат нарын нэр яригдаж байна
V6UgyХаврын чуулган энэ баасан гаригт нээлтээ хийнэ. Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт хараахан гараагүй байгаа ч УИХ-ын даргын зөвлөл өнөө маргаашгүй хуралдаж, хэлэлцэх асуудлын жагсаалтаа гаргана гэнэ. Мэдээж энэ чуулганы хамгийн онцлох бөгөөд чухал үйл явдал нь АТГ-ын удирдлагуудыг чөлөөлж, тэдний орны хүнийг томилох. Энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулгын чин хүсэл. Тэрбээр АТГ-ын удирдлагуудыг солихын тулд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьж, улмаар ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэн батлуулаад авсан.
Хуулиа батлуулсанаас хоёрхон хоногийн дараа зарлиг гаргаж, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг үүрэгт ажлаас нь огцруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа дууссан бол Ерөнхий шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр чөлөөлөх хүсэлтээ өгсөн гэдэг. Харин Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ямар үндэслэлээр огцруулсан нь одоо хэр тодорхойгүй. Үүнийгээ ч тайлбарлаагүй юм.
Харин АТГ-ын удирдлагуудыг солих асуудал УИХ-ын гарт бий. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 22.1-д АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал эсвэл огцруулах бол ҮАБЗ-ийн саналыг УИХ-д оруулна. ҮАБЗ-өөс АТГ-ын удирдлагуудыг чөлөлөх, огцруулах санал гаргавал саналаа УИХ-д хүргүүлнэ. Улмаар УИХ хэлэлцээд ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжтэй санал нэгдэж байвал чөлөөлж, огцруулна. Хэрвээ санал нийлэхгүй бол АТГ-ын удирдлагууд үлдэх хуулийн заалттай аж.
Гэхдээ энэ удаад УИХ Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх нь нэгэнт тодорхой болоод байгаа юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын удирдлагуудыг солих хүсэлтээ хэдийнээ гаргачихсан. Бүр тэдний оронд томилох хүмүүсийн нэрийг өргөн бариад амжсан ч өнгөрсөн сарын 28-ны өдөр саналаа эгүүлэн татсан. Энэ нь ч тодорхой байсан. Учир нь түүнийг АТГ-ын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа хүргүүлэхэд л энэ бол халхавч хэмээн хүмүүс жиг жуг хийлцэж байв. Олны үг ч ортой байсныг Ерөнхийлөгч баталж, тэдний нэрийг эгүүлэн татаж, бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-д дахин санал оруулах шийдвэр гаргаснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдсэн юм.
Тэгвэл түүний оруулж ирэх дараагийн хүмүүс хэн бэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын даргаар Сийлэнгийн Ганбат, Зандраагийн Дашдаваагийн нэрийг УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа гэнэ.
С.Ганбат нь өдгөө хурандаа цолтой, Дотоодын цэргийн штабын даргаар ажилладаг. Эрүүгийн цагдаагийн газрын ахлах төлөөлөгчөөс тасгийн дарга, дэд дарга, ЭЦГ-ын дарга хүртэл дэвшин ажиллаж байжээ. Ойр тойрныхон хүмүүс түүнийг ажилдаа зарчимч, шударга хэмээн үнэлдэг аж.
Гэвч тэрбээр удахгүй генерал цолоо авахаар хүлээж байгаа бөгөөд бас бус шалтгаанаар АТГ-ын даргын албан тушаалаас татгалзсан гэх мэдээлэл байна.
Тиймээс З.Дашдаваагийн нэрийг АТГ-ын даргад ярьж байна. З.Дашдаваа нь Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан, одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажилладаг юм байна.
Сэтгэгдэл бичих хэсэг
Ganbat estoi bolj baina shuu.. Niarsag aytaihan zaluu.