Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Ц. Доржготов: БАБА

3-р сарын 5 - 15 цаг 12 минут

Ц. Доржготов: БАБА

Зэрлэг хүмүүсийн сүрэг гөрөөлж явлаа. Нэр нь ч юмуу хоч нь ч юмуу Баба гэгч эр сүргийг захирна. Баба сүргийнхээ бүх эрчүүдийг зодож дийлдгээс ахлагч болсон хэрэг. Түүн дээр Баба чулуун мунатай. Чулуун муна нь өрөөсөн үзүүртээ нүхтэй бөгөөд тэр нүхээр нь хялгас сүвлэн сагалдарга хийжээ. Баба сагалдрагыг гарынхаа бугуйгаар уургалан мунаа бариад биеэсээ салгахгүй. Баба нөхдөө хардах талаар балар эртнийхээ үед тэргүүлж байв. Уг нь тэр муныг нэг уран хүн сар зүдэрч хийжээ. Мунаа хийж дуусаад нөгөө уран хүн ихээр баярлаж нөхдөө дуудан гайхуулав. Бүх явдал үүнээс мандсан гэнэ. Хийсэн мунаа хүмүүст бүү үзүүл гэж уран хүнд хэрсүү нөхөр нь хэлж яджээ. Уран хүн хөөрсөн сэтгэлдээ нөхдөөсөө нууж чадсангүй тэдэнтэйгээ хуваалцжээ. Нөхөд нь цуглаад муныг шагшин магтаж гэнэ. Уран хүнд тун ч урамтай байв. Тэгтэл Баба ирж муныг үзүүт булааж авчээ. Уран хүн мунаа өгөхгүй гэж булаацалдахад Баба нөгөө мунаар уран хүнийг цохиж алжээ. Ийм түүхтэй юмсанж. 

Анчдын сүрэг зэрлэг үхэртэй тулалдлаа. Зэрлэг үхэртэй өвөг дээдэс маань хүч сорих гэсэн биш гэдэс нь тун их өлсжээ. Цусаа үзэж улангассан үхэр чулуунаас ондоо зэвсэггүй анчдын заримыг хүнд бэртээснээр барахгүй нэг хоёрыг бүр тонилгож орхив. Гэлээ гэвч анчид маань үхрээ эд бад хийж авчээ. Сүргийнхэн маш их өлссөн учир цөм үхрийн махнаас идэхээр яарав. Гэтэл Баба бусдыгаа зодоод үхэрт ойртуулсангүй. Ганцаараа үхрийн махнаас идэж гарчээ. Идэж идэж Баба үд болоход цадав. Гэвч Баба үхрээс холдсонгүй. Урьд нь сүрхий өлссөнѳѳ санан санан махнаас ахин ахиухан идмээр бодогдоно. Иднэ гэвч гэдэс нь хэмжээнээсээ хэтэртэл цадсан тул тэгсгээд дургүй хүрч шинэ махны нялуун үнэрт дотор нь муухайрч огиудас нь хүрнэ. Тойрч суугаад шүлсээ залгисан нөхөд нь махруу очихоор сэм өндийхийг завдана. Тэгэхээр Баба махнаасаа холдож үл чадах агаад өндийх гэсэн нөхдөө муухай харж занана. Их цадсанаас ингэж занах хүртэл Бабад залхуутай. Түүнд зодуулж хаширсан нөхөд нь арга буюу буцаж суудалдаа суугаад уурандаа ямар ч өс хонзонгүй мөртлөө өвөр хоорондоо муудалцаж цус нөжөө гоожуулна. Хүч чадлаар илүү нь Бабаг тойрон арай ойр хүрээлэн сууна. Тэдний араар тойрон дундчууд дундчуудын хойгуур ядмагууд өөрсдийн хүрээг үүсгэн суух ба тэдэнд ганц Баба ч аюултай бус хүч түрэн урдуур суусан эрчүүд араар суусан ядмагуудаа зодно. Гэвч Бабагийн ганцаараа тарган мах амтархан идэхийг хэдий чинээ ойроос харна төдий чинээ зовлонтой. Ядмаг хүмүүсийн араар том шувуу тасууд үхрийн мах Баба хоёрыг тойрсон бас нэгэн цагираг үүсгэн суух бөгөөд тэдний араар бүргэдүүд мөн л үхрийн маханд санаатай хүрээлэн сууна. Бүргэдүүдийн араар элээ, элээний араар хэрээ, хэрээний араар шаазгай гэхчилэн дор бүрнээ өөрсдийн тойргийг үүсгэн сууцгаана. Ийнхүү үхрийн махыг тойрон өдий олон цагираг үүсчээ. Цагираг гадагшилах тутам амьтдын бие жижгэрсээр эцэстээ ялаа хорхой болохын цагт дотогшлон үхрийн махан дээр бужигнана. Ялаа хорхойнууд үхрийн махан дээр дураар шавах авч Баба махаа тэднээс харамлахыг мэдэхгүй зэрлэг үхэртэй тулалдахад хүмүүсийн дундаас хамгийн бяртай Баба гол үүрэг гүйцэтгэсэн юм. Харин шувууд бүгд ямар ч үүрэг гүйцэтгээгүй хэрнээ хүч чадалтай нь хүч чадалтай нь хүч чадал багатайгынхаа урдуур сууж байлаа. Идсэн махандаа цохиулаад Баба үхрийнхээ сүүдэрт зүүрмэглэхэд хамгийн нүүрэн талын цагирагаас хэн нэг хүн сэм өндийгөөд үхрийн махруу гэтэж эхэлнэ. Гэвч Баба тэднийг андахгүй толгойгоо өндийлгөн ууртай архирна. Заримдаа Баба сэм мяраасан хүнийг мэдээгүй дүр үзүүлэн өөртөө ойртуулаад гэнэт босон барьж аваад аймшигтай зодох нь бусдыг сүрдүүлэх зорилготой. Өлсөх хэцүү, түүн дээр үнэр нь ханхлах газраас тарган мах ширтээд өлсөх бүр хэцүү. Энэ зовлонг эдлээгүй нь ганцхан Баба байв. Гэвч Баба гэнэт их цадсанааас өөрийгөө тойрон суусан хүн амьтнаас дутуугүй зовж байлаа. Түүний гэдэс тээрч үхсэн үхрийнхээ дэргэд тэлчлэн хэтэрхий цадсан Бабад тэр их махны дэргэд хэвтэх улам хэцүү. Аргаа барсан хүмүүс ам хуурайгүй элдэв үг хашгиралдана.
- Баба чи дэндэж байна.
- Бид наадах үхрийг чинь элбэж алсан учраас адилхан хувааж идэх ёстой. Гэцгээхэд хэвтэж байсан Баба толгойгоо залхуутай өндийлгөөд “Ёстой” гэсэн чинь юугсэн үг вэ? Гэнэ.
Дундах тойргоос муруй хамартай өндөр эр:
- Бид цөм адилхан хүн биздээ? гэхэд Баба:
- Тийм тэгээд юу гэж? гэнэ.
- Хэрэв бид адилхан хүн юм бол адилхан байх ёстой. Гэж нөгөө мурай хамарт мэтгэв.
- Дахиад л ёстой гэнэ шүү хэмээн Баба уурлаад
- Би наадах ёстой гэдэг үгийг чинь ойлгодоггүй учраас сонсох дургүй. Энэ үгийг дахиад хэлсэн хүнийг би хадан хясаа руу түлхэнэ гэж мэдэгдэв.
- Баба бид өлбөрч үхлээ. Чи биднийг өрөвдөөч.
- “Өрөвдөх” гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би бас л ойлгохгүй байна.
- Баба чи сонс чи бидэнтэй элбэсний хүчинд зэрлэг үхрийг намнасан. Тэгээд чи ганцаараа идээд бидэнд өгөхгүй байдаг чинь шударга бус явдал биш үү?
- Намайг шударга бус байна гээд та нар яах юм бэ? Хахаха дэмий яриагаараа та нар хоол хий. Би ч махаа идье. Тэгээд хэн нь хожих нь вэ үзье.
- Нөхөдтэйгээ адилхан байх сайхан биш үү?
- Сайхан байж яах юм бэ? Сүрэг хүмүүст хэлэх үг олдсонгүй. Арын тойрогт суугаа ямаан сахалт хижээл хүн “Сайхан” гэдэг үгийг чамлаад байдаг хүнд юу гэж хэлбэл болох вэ хэмээн элдвийг бодно.
Баба залхуутай эвшээнгээ би хоол унднаас өөр сайхан юмыг мэддэгггүй. Энэ үхрийн махыг та нартай хуваагаад идчихвэл амархан дуусна. Ганцаараа идвэл хэд хоног иднэ гээд махнаас зулгаах гэснээ ихээр ярвайгаад болив. Нар улам шарж махан дээр суух ялаа батгана үй олон болж байлаа.
- Баба чи ингэж байхдаа ичихгүй байна уу? Гэсэн ядарч доройтсон дуу сүрэг дундаас

гарахад Баба:
- Ичиж яах юм бэ? Хар заяандаа ингэж их залхуу хүрээд байхад бас дээр нь ичнэ гэдэг ёстой түвэг байгаадаа... за би унтлаа унтсан хойгуур махнаас шоглосон хүн байвал өршөөхгүй шүү, гэснээ тэрбээр булчингаа зангируулаад миний бяр тэнхээ бол миний юм болохоос муу сайны юм биш. Бяр тэнхээ байсан цагт гэдэс цатгалан яваад үхнэ шүү. Үхсэн хойно та нар миний зовлогыг яавал яагаарай гэв.
- Нөхөдтэйгээ хоолоо ав адилхан хувааж идэх чамд сайхан байхгүй байна уу?
- Үгүй ээ. Надад нөхдөөсөө илүү байх сайхан. Үхтлээ бусдаас илүү байна тэгээд л үхнэ... гүйцээ. Ганц олдсон амьдралд цатгалан яваад өнгөрхөөс өөр юу хэрэгтэй юм? Та нарт мах өгөхгүй байна гээд ямар хохирол ирэх билээ? Өглөө гээд ямар ашиг тусах билээ? Шударга байна гээд надад ямар ашиг байна? Шударга бус байна гээд надад ямар хохирол байна? Миний бяр бол минийх юм. Тийм болохоор би түүнийгээ эдлэж байна. Би хүний юмаар хүүдэгнээгүй. Та нарын хэн нэгэнд миний бяр заяасан бол түүний л юм. Чадал байвал та нар нааш ирээд надаас энэ махыг булааж ав л даа. Чадахгүй шүү дээ. Тэгээд бас нөхөдтэйгээ адилхан байх сайхан гэнэ шүү. Та муусайнтай адилхан байж яах юм?
Ямаан сахалт араас өндийж:
- Баба гэдэг маш бяртай хүн бусдыгаа дээрэлхэхийг огт мэдэхгүй ав адилхан явсан юм гээд хойч үе маань чамайг дурсана шүү дээ гэхэд Баба:
- Түй, үхсэнээс хойш хичнээн дурсаад яана гэж нулимаад тэрбээр махны шүүс завжаараа гоожуулан зулгааснаа тэнхэл нь барагдаад гараа алдлан газар хэвтэхэд хамаг бие нь сул уналаа. Үүнийг хараад Тото гэгч залуу эр суудлаасаа өндиймөөр болсноо “Би түүнийг хэрэв дийлэхгүй бол амьгүй болно” гэсэн бодол толгойд нь харваад эргэж суув. Үхрийн махны бараа харж тойрон суусан отог хүмүүсийн хамгийн арын эгнээнээс нэгэн давжаа эр урагш мөлхөн гарлаа. Тэр хүн Бабаруу шууд мөлхөхөд хүмүүс гайхав. Махны үнэрт тэвчээр алдсан шувууд байж ядахдаа үе үе нисэн урагшлах гэхэд тэдгээрийн урдах том шувууд далавчаа дэлгэн гуаглаж үхрийн махыг алсаас харамлана. Сүргийн араас мөлхсөн давжаа эр Бабад ойртож очлоо. Түүний чимээнээр хэвтэж байсан Баба толгой өндийлгөн муухай харахад цаадах нь тун арчаагүйгээр ярзайн инээгээд газарт хацраа нааж
- Баба чи миний амруу сарих уу? Гэхэд Баба яадаг юм билээ гэж бодсоноо
- Үгүй ээ үгүй. Чиний амруу хичнээн нь ч шээх юм билээ гэв.
Үд хэвийлээ. Залуу эр Тото Бабаг үзэн ядсан харцаар харж өлссөн гэдсээ базна. Тото эцэст нь хажуудаа суугаа муруй хамартай эрд
- Хоёулаа Бабаг илбэж алаад махыг нь бусдад тараая гэж шивэгнэв. Муруй хамарт:
- Чи бид хоёр дийлэхгүй бол тэгээд л өнгөрлөө шүү дээ хэмээн хариу шивэгнэв.
- Гурвуулаа болбол ч лав дийлнэ л дээ гэхэд муруй хамарт

- Тиймээ гэхдээ чи бид хоёрт өөр хэн хань болох вэ гээд хажуудаа суугаа нөхдөө харна. Тото нэг өндөр эрийг зааж чи бид хоёрт энэ Па хань болохгүй байгаа? Гэхэд муруй хамарт
- Харин? Гэхдээ цаадах Па чинь надад нэг л олигтой санагддаггүй юм гэв. Тото:
- Би юу ч гэсэн түүнд хэлээд үзье хэмээн суудлаасаа өндийж Па руу мөлхөхөд түүний араас муруй хамарт
- Тото минь болгоомжтой хэлээрэй гэв. Тото Пагийн дэргэд очоод чихэнд нь шивэгнэв.
- Па толгой дохин дуртай янзтай ам нь хөдөлж хэдэн үг хэлэв. Тото суудалдаа буцаж ирээд муруй хамартад Па зөвшөөрлөө. Үхсэн ч сэхсэн ч гурвуулаа үзээд алдая гэж байна. Па өөрөө босож Бабад ойртоно. Баба түүнийг хөөж таарна. Тэгэхээр нь бид хоёрыг босож гурван талаас нь дайръя гэж байна” гэж урамтай өгүүлэв. Муруй хамарт
- За, Тото минь хэн нэгнийгээ Бабагийн чулуун мунанд өртүүлэлгүй гурван талаас нь барьж авах юм шүү гэв.
Тэгтэл сүрэг дотроос Па бослоо. Зүүрмэглэж хэвтсэн Баба чимээ авч толгойгоо хөдөлгөхгүйг хичээн нүднийхээ булангаар хялаж эхлэв. Па шулуухан явсаар Бабад ойртлоо. Пагийн зоригонд сүргийнхэн нэн гайхахаас гадна өөрсдөө алуулах гэж буй мэт айжээ. Тэндээс Тото муруй хамарт хоёр бүр ч сандарч Баба Па хоёрыг нүд салгалгүй ширтэж босон дайрахад дор дороо бэлтгэнэ. Чингэтэл Па Бабагийн дэргэд очоод Баба би танд нэгэн үг хэлэх гэж ирлээ. Баба:
- Чи муу юугаа хэлэх гээв? Гэж байна. Сүрэг дотроос Тото муруй хамарт хоёр бүр ч их сандрав. Тэгтэл Па Бабаруу болгоомжтой нэг хоёр алхаад
- Таныг элбэж алъя гэж сая Тото хэллээ.
- Уухай тэгж байгаа вий. Өөдгүй муу новш Тотогоос гадна өөр ямар хүн байна?
- Өөр нэг хүн бий гэнэ. Түүнийхээ нэрийг Тото надад хэлсэнгүй. Па чи их сайн байна. Май чамайг энэ махаар шагная. Па махнаас ухаангүй зулгааж эхэлтэл Баба:
- Па чи явж цаадуулынхаа тэнд явж махаа ид. Чиний мах идэж байгааг хараад миний бөөлжис цутгаад байна гэв. Па махаа бариад сүрэг рүүгээ явснаа нөхдөө хараад гэнэт айдас төрж
- Баба намайг тэнд очихоор Тото нөхөртэйгээ элбэж алах байх. Би айгаад байна гэв. Баба өндийж сууснаа
- Нээрээ тийм. Тэр мууг би цааш нь харуулмаар байна. Гэвч залхуу хүрээд байна гэснээ сүрэг рүү хандаж захирангуй дуугаар хөөе та нараас Тотог элбэж авчирч өгсөн хүмүүсийг махаар шагнана гэв. Сүрэг дотор бөөн бужигнаан боллоо. Хэдэн хүн Тотог барин авчрав. Тото тэдний цохихыг цохиж өшиглөхийг өшиглөсөн боловч арга буюу хүчинд автлаа. Тото муухай орилон амь гуйв. Нөхрөө муруй хамарт өмөөрөх гэснээ энэ олон хүнийг Тото тэр хоёр дийлэхгүйгээс хойш биеэ тэгж илчлээд юу хийнэ хэмээн олны дотор нуугдан суув. Хэдэн хүн Тотог бахируулсаар Бабад аваачиж өглөө. Баба Тотогийн нуруугийн гэдрэг хугалхаар дарлаа. Тэгэхдээ нөхөр чинь хэн бэ? Хэмээн шаардлаа. Муруй хамарт олны дотор улам нугдайв. Тото нөхрөө хэлэхгүй гэж байгаа нь дуулдлаа. Муруй хамарт нүдээ анилаа. Баба уурлан
- Чи нөхрөө хэлэхгүй санаатай юу? Гээд Тотогийн нурууг улам хүчтэй дарахад яс нуржигнан дуугарлаа. Тото
- Би нөхрийнхөө нэрийг хэлэхгүй хэмээн улам чанга хашгирлаа. Баба
- Аа тийм үү гээд дахин дарлаа. Бабагийн дуу улам чангарч Тото чамайг нөхрөө хэлбэл утсан улаан амийг өршөөе гэж байгаа нь Муруй хамартад сонсогдож хамаг бие нь чичрэв. Би нөхрөө хэлэхгүй гэж байгаа Тотогийн дуу мөн л гарч байна. Баба Тотогийн нурууг шаржигнуулан хугалж буй нь муруй хамартад сонсогдлоо. Тотогийн эцсийн дуу уул хад цуурайтуулсаар замхрав.
Арын тойргоос ямаан сахалт босч
- Баба би чамайг маш их өрөвдөж байна гэж хоолой чичрүүлэн хэлэв. Өлссөн хүн цатгалангаа яахаараа өрөвддөг билээ гэж Баба ёжтой асуув. Үхсэнийхээ дараа чамайг хэрхэн зовохыг чинь бодохоос өрөвдөөд байна.
- Үхсэнийхээ дараа зовох оо? Үхсэнийхээ дараа юу гэж зовох юм бэ? Үхлээ тэгээд л гүйцээ.
- Гүйцлээ ч бишдээ хө гэж Ямаан сахалт цөхрөнгүй хэллээ.
- Гүйцэхгүй өөр яах юм бэ гээд Баба дэргэдэх үхсэн үхрээ зааж, Энэ үхэр чинийхээр бол одоо бас зовсоор байна уу?
- Зовж ч байж болно, жаргаж ч байж болно.
- Ямаан сахалт чи юу яриад байна? Би ойлгохгүй байна за яахав энэ үхсэн үхэр одоо зовж байна гэж саная. Тэгвэл энэ үхрийн махыг намайг идээд дууссаны дараа юу нь зовох болж байна? Чи надад тодорхой ярь.
- Аливаа амьтны бие үхэх болохоос амь нь үхдэггүй юм.
- Чамд хэн тэгж хэлээв?
- Надад тэр уул хэлсэн юм гээд Ямаан сахалт оргилдоо нүүдлийн үүлний тасархай ямагт хийсгэж байдаг шовх улаан уулыг заав.
- Битгий худлаа хэл. Уул хэзээ ярьж байлаа.
- Үнэмшвэл үнэмш. Байвал бай. Баба чи бусад амьтны адил үхнэ биз.
- Мэдээж хэрэг үхэж лү таарна.
- Үхсэнийхээ дараа чи мөн л их тарчлах юм гэндээ хөөрхий гээд ямаан сахалт уулын оргил өөд харлаа.
- Чи нээрээ хэлж байна уу?
- Би хэлж байгаа юм биш. Уул хэлж байгаа үг. Уул хүнтэй адил худлаа хэлдэггүй.
- Би тэгвэл тэр уулнаас чинь өөрөө асууна. Тэгсэн цагт итгэнэ.
- Маш зүйтэй Баба. Гэхдээ уул үхсэнийхээ дараа зовох хүнтэй ярьдаггүй юм.
- Хэнтэй болохоор яриад, хэнтэй болохоор ярьдаггүй юм бэ? Хэмээн нөхдийгөө хардаг шигээ уул өөд дээрэнгүй харснаа уул яагаад Ямаан сахалт чамтай яриад надтай ярьдаггүй юм гэж уурлав.
- Яагаад гэвэл үхсэнийхээ хойно чамайг тарчлах учраас ярихгүй байгаа юм гэхэд Баба:
- Тэгвэл яагаад чамтай уул ярьж байгаа юм хэмээн хашгирав. Ямаан сахалт тайвнаар
- Би үхсэнийхээ дараа жаргах учраас уул надтай ярьж байгаа юм гэв.
- Чи яагаад үхсэнийхээ дараа жаргах би яагаад зовох ёстой болов?
- Чи шударга биш болохоор үхсэнийхээ хойно зовох болжээ. Баба би хүний юм булааж иддэггүй ядмаг нөхөддөө тусалдаг болохоор үхсэнийхээ дараа жаргах юм.
- Битгий худал чалч. Үүнийг би хэлээгүй надад уул хэлсэн. Баба босон харайж шовх улаан уулыг ууртай харснаа “Би энэ муу уулнаас асууна гэв”.
- Уул чамд хэлэхгүй шүү дээ.
- Хэлүүлэх л болно доо.
- Хэрэв энэ муу уул хэлэхгүй бол би би түүнийг нураана.
- Уулыг нурааж чи чадахгүй шүү дээ.
- Битгий донгос. Би уулыг нурааж чадна
- Нурааж чадах юм бол нураадаа Баба минь. Баба чулуун мунаа далайн уул өөд догшин харснаа явж ч чадахгүй ойлгон мухардана. Тэгвэл чамайг ална даа хэмээн Ямаан сахалтруу мунаа далайна.
- Чи намайг албал тун сайнсан. Чамд алуулах би дуртай байна.
- Яагаад чи үхэх дуртай байна?
- Үхэхээрээ би жаргана. Чамд ингэж хэзээ ч дарлуулахгүй. Миний үхсэн хойно чи намайг дээрэлхэж хэзээ ч чадахгүй.
- Үхэхээрээ жаргах юм бол чи үхэхгүй юу хийж өдийг хүртэл зүдэрч амьд явна?
- Би санаагаараа яаж үхэх вэ?
- Өөрийгөө алахгүй яасан юм бэ?
- Тэгж болохгүй
- Яагаад?
- Хэрэв би өөрийгөө албал үхсэнийхээ дараа жаргахгүй бас чам шиг зовох болчино.
- Хэн тэгж байна?
- Уул
- Тэгвэл чи өөрийгөө хэн нэг хүнээр алуулчихаад бушуухан жаргахгүй өдийг хүртэл юу хийж явна?
- Аа тэгж бас болохгүй
- Намайг алсан тэр хүн үхсэнийхээ дараа тарчилдаг гэнэ.
- Яадаг юм. Тэр хүн тарчилбал тарчилна л биз. Түүнийг тарчиллаа гээд чиний бие өвдөхгүй шүү дээ.
- Миний бие өвдөхгүй нь ч өвдөхгүй. Гэхдээ намайг алсан хүнийг тарчилна гэхээс миний зүрх өрөвдөөд байдаг юм.
- Өрөвдөж яах юм бэ?
- Хэрэв бусдыг өрөвдѳхгүй бол үхсэнийхээ дараа тарчилдаг. Өрөвддөг бол үхсэнийхээ дараа жаргадаг учиртай юмсанж. Баба чи бусдыг өрөвддөггүй учраас өнгөрснийхөө хойно зовох нь байна шүү дээ.
- Үхсэнийхээ дараа зовж байгаа жаргаж байгаа нь бидэнд яагаад үзэгдэхгүй байна?
- Аливаа амьтны бие нь нүдэнд харагдахаас амь нь нүдэнд харагддаггүй биздээ? тийм үү Баба? Жишээлбэл миний бие чиний нүдэнд харагдахаас миний амь чиний нүдэнд харагдахгүй. Тэгэхээр үхсэнийхээ дараа амьтны амь зовж байгаа жаргаж байгаа нь хэнд ч үзэгдэхгүй.
- Хэнд ч үзэгдэхгүй зүйлийг хэн харж үзсэн байна?
- Уул
- Уул болгон харах уу?
- Үгүй ээ ганцхан энэ шовх улаан уул хардаг гэнэ.
- Ганцхан энэ уул хардаг болохыг чи хэрхэн мэдэв?
- Уул өөрөө надад хэлсэн юм
- Яагаад ганцхан чамд хэлэв?
- Өрөвч сэтгэлтэй болохоор минь надад хэлсэн юм.
- Уухай гээд Баба сууж байсан газраа гэдрэг налан хэвтэв. Хөөрхий Баба минь өрөвч сэтгэлтэй болохоор би чамайг өөд болсныхоо дараа яаж тарчилнадаа гэхээс зүрх өвдөх юм. Баба хэсэг бодол болон хэвтсэнээ Ямаан сахалтыг дуудаж
- Үхсэнийхээ дараа би тарчиллаа гэхэд хэрхэн яаж тарчилах юм уул чамд юу гэж байна гэлээ?
- Ямаан сахалт хоромхон зуур түгдэрснээ Бабагийн гал түймрээс үхтэлээ айдгийг санаж үхсэний чинь дараа чамайг галд шатаана гэв. Ойн түймэрт шатан үхэж буй хүнийг Баба олон үзжээ. Улаан гал маналзуулан шатсан нэг хүн орилон чарлан аврал эрсээр Бабаг элдсэн удаатай. Баба түүнд гүйцэгдэн хамт шатахвий гэж нэн айж хар хурдаараа зугтжээ. Галд шатсан хүн маш хурдан гүйсний дээр тун ч нүд халтирам байв. Хамаг биенээсээ улаан дөл дүрэлзүүлэн ноцож буй тэр хүн Бабаг удаж төдөлгүй гүйцээд Бабаг чарлан тэвэрчээ. Тэрбээр Бабагаас болон шатаж буй юм шиг түүнийг үзэн ядаж гал дүрэлзүүлсэн гараар Бабаг зүй дүрсгүй зоджээ. Баба түүний гараас арай чарай мултарсан боловч бүх бие нь тун сүрхий түлэгдсэнаж. Газар хөсөр унаад шатаж буй хүний нүд өрөвдөм хэрнээ аймшигтай заналтай зэхийсээр бүлт үсрэн амьсгал хураав. Энэ их занал гагцхүү Бабаг занасан байлаа. Бабаг яагаад ч юм бэ энэ тухай гэнэт бодогдож тэрбээр галд түлэгдсэн халанхай сорвио тэмтрэхэд хөндүүрлэх шиг болжээ.
- Хаха намайг яаж шатаах юм? Миний үхсэн зовлого хичнээн шатаагаад өвдөхгүй шүү дээ гэж хашгирлаа. Чиний цогцос бусдынх шиг хүмүүсийн нүдний өмнө хэвтэж байх болно.
- Тэгвэл хэдийд яаж шатаах болж байна?
- Чиний хүүрийг хэн ч хөдөлгөхгүй амийг чинь шатаах юм. Чиний үхсэн биеийг хичнээн шатаагаад өвдөхгүй. Харин амийг чинь шатаавал өвдөнө.
- За яахав Ямаан сахалт минь. Чиний хэлснээр би тэр галд чинь шатаж үхье. Харин энэ махнаас чамд өгнө гэж ярихгүй, шатаад л үхэн биз. Нэг үхэхээс хоёр үхэх юм биш.
- Хүний амь үхнэ гэж байхгүй.
- Үхэхгүй тэгээд шатаад л байх гэж үү?
- Тийм үхэхгүй үргэлж шатаад байна. Тийм учраас л би чамайг өрөвдөөд байгаа юм.
- Үхэхгүй үргэлж шатаж байна гэнээ? Тэгээд хэдий хүртэл тэгж шатах юм бэ?
- Өө их удна. Чи бол далан жил шатах юм гэнэлээ. Тиймээ далан жил. Гэхдээ энэ далан жилийн нэг жил нь бидний тоолдог зуун жилтэй тэнцдэг гэнэлээ Баба минь
- Юу тэгэхээр бүгд нийлээд би хэдэн жил шатах болж байна?
- Долоон зуун жил
- Уул тэгж байна уу?
- Тиймээ уул тэгж хэлсэн юм гээд Ямаан сахалт уул өөд харснаа нүдээ аньж амандаа хэдэн үл ойлгогдох үг шивэгнэв.
- Сүргийн хүмүүс Ямаан сахалтыг амьсгал даран ширтэх бөгөөд бүгдийн царайд битүүхэн түгшүүр төрсөн байлаа. Ямаан сахалт бүх хүн ялгаагүй ийм тавилантай гэнээ. Шударга өрөвч явахгүй бол цөм ингэж галд шатаж тарчилдаг жамтай ажээ гээд гүнээ санаа алдахад түүний нүдийг нулимс дүүрсэн харагдав. Баба түүнийг чив чимээгүй харж байснаа
- Заза Ямаан сахалт чи юу гэж солиороод байна. Би чиний үгэнд итгэхгүй байна гэлээ.
- Хөөрхийдөө муу Баба минь хэмээснээ ямаан сахалт сүргийн хүмүүст хандаж үхсэнийхээ дараа шатах хүнийг ингээд юм ойлгохгүй болчихдог гэж байгаа юм гэлээ.
- Пээ яасан аймар юм бэ? Хэмээн сүрэг аяараа уулга алдав.
- Гэхдээ нөхөд минь Бабад энэ аюулаас гарах арга бий юм гэнэлээ. Сүрэг дотроос нэг хүн
- Ямар арга байгаа юм бэ? Бабад энэ аюулаас гарахад амаргүй биз гэж их л горьдлоготойгоор асуув.
- Гайгүй гэнэ шүү
- Тэгээд яах ёстой юм бэ?
- Шударга өрөвч үйл үйлдээд байвал үхсэний нь дараа шатаахгүй гэж уул хэлсэн.
- Шатаахгүй тэгээд яах юм?
- Тэр ч байтугай хийсэн алдаагаа засан үргэлж шударга өрөвч явсаар үхвэл гээд Ямаан сахалт нүдээ эргэлдүүлэн тэнгэрийн хаяа өөд шилбэлзсэнээ
- Тийм хүмүүсийн амийг тэнгэрт явуулдаг гэнэ. Тэнгэрт жаргалын орон байдаг бөгөөд тэнд очсон хүн үхнэ гэж байдаггүй гэнэ.
- Хээ яасан сайхан юм бэ гэж сүрэг мөн л уулга алдлаа.
- Үхсэн хүнийг хаана шатаадаг юм бэ гэж сүргээс муруй хамарт сэжигтэй асуув. Ямаан сахалт
- Шатаах хүмүүсийг газар доор. Өлсөхдөө байж ядсан шувуу сууж буй тойргоосоо нисэх боловч ахиж чадалгүй эргэж суудалдаа бууна. Үхрийн махан дээр ялаа батгана сууж эвгүй үнэр үл мэдэг гарч байв. Баба дэндүү цадсандаа бие нь эвгүйцэн хэвтэртээ тавгүйхэн хөрвөх агаад бас хажууд нь ямаан сахалтын яриа бодолд оруулав. Тэрбээр бодсон нь: “Ямаан сахалт үнэн ярьж байна уу, худал ярвж байна уу. Түүний ярьсан нь үнэн үү худал уу гэдгийг би хий ингэж бодоод ойлгохгүй нь мэдээж. Үнэн худал хоёр надад ав адилхан нууц байна. Тэгэхээр хэрхэх нь зөв бэ? Энэ мууу ямаан сахалт намайг залилж мах идэх гэснээс зайлахгүй бий. Хэрэв ямаан сахалтад уул үнэхээр хэлсэн бол яах вэ? Би долоон зуун жил шатах юм гэв үү? Долоон зуун жил шатвал ийяа мөн хэцүүеэ. Үгүй байхаа. Уул хүн шиг ярьсан гэхэд итгэмээргүй юм. Энэ худлаа. Гэхдээ яг худлаа гээд бодчихвол үнэн байвал яана. Би аль альнийг нь яг мэдэхгүй байна шүүдээ. Үнэн байвал би долоон зуун жил шатаж магадгүй талтай юм. Шатаж магадгүй талтай энэ замаар явах хэрэг байна уу? Хаширлах нь дээр галд долоон зуул шатвал тоглоом биш. Үхдэггүй орон тэнгэрт байдаг гэнээ үнэн бол мөн сайхнаа, очих юмсан. Үхэхгүй бол ямар сайхан бэ? Энэ ч ёстой худал биздээ. үгүй тэгээд үнэн ч юмуу худал ч юмуу би мэдэхгүйгээс хойш худал худал гэж онгирч явж долоон зуун жил шатсанаас үнэн үнэн гээд явж байвал уг нь алдах юм байхгүй. Энэ уг нь худалаа л даа, гэхдээ яахав. Миний өмнө хоёр зам байна. Нэг нь алдаж ч магадгүй алдахгүй ч байж магадгүй зам. Нөгөө нь ямар ч байсан алдахгүй ч онож ч магадгүй онохгүй ч байж магадгүй зам юм. Алдахгүй нь тодорхой байна гэдэг учиртай. Онох онохгүй тухай дүүрсэн хэрэг. Одоохондоо би жаргаж л байна. Намайг хэн ч дийлэхгүй. Гэхдээ би өтөлнө. Үхнэ. Энэ тухай бодох л хэрэгтэй. Баба ийнхүү бодолд дарагдан хэвтэртээ хөрвөөнө.
Ямаан сахалт түүнийг ажиглан “Нөхдийгөө аминаасаа илүү хайрладаг Тото шиг хүн бол миний залийг тоохгүй л байх. Харин Баба шиг аминдаа дэндүү хайртай өөдгүй амьтан үеийн үед тасрахгүй оршсоор байвал миний зохиосон ухаан байсаар л байх вий” хэмээн жуумалзана. Баба унтсангүй. Түүний нойр сэргэж орхижээ. Тэгээд хэвтэрээсээ муухан өндийж өөрийгөө тойрон суусан сүрэг хүмүүст хандаж “Ямаан сахалтаас бусад хүмүүс бүгд ирж энэ махнаас ид” гэж их л ууртай хэлсэн юмсан жээ.
Ц.ДОРЖГОТОВ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019