Харү башёгийн банцүке зарлагдлаа
Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башё гуравдугаар сарын 10-24 хүртэл Токио хотноо явагдана. Харү башёгийн банцүке өчигдөр албан ёсоор зарлагдсан байна.
Харү башёг Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлж, Какүрюү М.Ананд баруун жигүүрийг манлайлжээ. Озеки цолтнуудыг Такаясү манлайлсан бол өнгөрсөн башёгийн түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргил сэкиваке цолоо буцаан авчээ. Тэрбээр хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сард сэкиваке цолтой барилдаж байв. Дээд зиндааны бусад бөхчүүдээс Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 4, Дайшохо Ч.Шижирбаяр 16, Чиёошома Г.Мөнхсайхан 17-д тус тус эрэмбэлэгдсэн байна. Дайшохо Ч.Шижирбаяр ингэснээр анх удаагаа макүүчи зиндаанд барилдах юм.
Жюүрёо зиндаанд таван бөх барилдахаас Кирибаяма Б.Лхагвасүрэн анх удаагаа цолтой бөх болж барилдах бөгөөд Монголын 34 дэх цолтон болж байгаа юм байна. Макүшита зиндаанд 6 бөх эрэмбэлэгдсэнээс Д.Долгорсүрэн зааны ач хүү Хошорюү С.Бямбасүрэн макүшита зиндааны 7-д эрэмбэлэгджээ. Тэрбээр сайн барилдах аваас долоодугаар сарын тэмцээнд Монголын 35 дахь цолтон болох магадлал бүрэн байна. Санданмэд 2, жониданд 3 бөх барилдахаар тус тус эрэмбэлэгдсэн ажээ. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ жонидан зиндаанд эрэмбэлэгдсэн ба гэмтлээ бүрэн эдгээж байж эргэн дэвжээндээ гарах төлөвлөгөөтэй хэмээн багш нь мэдэгджээ.
Ч.Амар
Сэтгэгдэл бичих хэсэг