Цагаан будааны шүүс болон маскны ид шид
Цагаан будааны шүүс болон маск нь арьсыг залуужуулж, чангаруулах гайхалтай үр дүн өгдөг. Учир нь В, С, Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө ихээр агуулдаг байна. Эдгээр нь нэлээн идэвхтэй антиоксидант бөгөөд хамгийн чухал нь коллаген агуулдгаараа онцлог аж.
Будааны шүүс нь дэлхий дээрх хамгийн элбэг, гар дор тааралдах гоо сайхны аврагч гэдгийг гоо сайханчид хүлээн зөвшөөрсөн байдаг. Арьсаа цэвэрлэх, үсээ өнгө оруулах, цаашлаад турахад ч энэхүү шүүс тусалж “ид шид”-ээ гайхуулдаг аж.
Будааны шүүс нь сэвх үүсэх, арьсны хөгшрөлтийг зогсоож, нүхжилтийг багасган, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгохоос гадна нарнаас хамгаалах чухал үйлчилгээ үзүүлдэг байна.
Японы охид, бүсгүйчүүд будааны маскны гайхалтай үр дүнг биширдэг ажээ. Тус маск нүүрний арьсанд чийг өгч, хуурайшилт болон үрчлээг багасгаж, гайхалтай сайн цэвэрлэгч болдог байна. Та дараахь зөвлөгөөг туршаад үзээрэй. Гайхалтай үр дүнг та 15-хан минутад мэдрэх болно хэмээн Woman.ru танд зөвлөж байна.
Цагаан будааны маск бэлтгэх арга
1. Цагаан будаа 3 халбага
2. Сүү 1 халбага
3. Зөгийн бал 1 халбага
Цагаан будаагаа чанаж, хөргөсөн байх хэрэгтэй. Шөлийг нь ашиглах тул асгах хэрэггүй. Чанаж болгосон будаан дээрээ сүү, зөгийн балаа хийж хольж бэлтгэнэ. Та нүүрээ сайтар угааж цэвэрлэж, хатаасны дараа энэхүү зунгааралдсан бэлдмэлээ нүүрэндээ түрхээрэй. Будааны шөлийг дараа нь угаахад ашиглах юм.
Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд бүсгүй та долоо хоног бүр энэхүү маскийг хэрэглээрэй. Цагаан будааны маск тогтмол хэрэглэснээр зөөлөн, чийглэг арьстай болно. Улмаар хэт ягаан туяаны хорт нөлөөг арилгах ач холбогдолтой юм байна.
Цагаан будааны шүүсээр нүүрээ цэвэрлэх
Одоо цагаан будааны шүүсээр хэрхэн нүүрээ цэвэрлэх аргыг толилуулъя. Нэг, эсвэл хагас аяга будаа угааж, бохироос нь салгана. Будаагаа паалантай саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд усанд шингэж, арьс цэвэрлэхэд тун үр дүнтэй шингэн болно гэсэн үг.
15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Будаагаа хаях хэрэггүй, хоол хийхдээ ашиглаарай. Гаргаж авсан усаараа нүүрээ угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн хором иллэг хийж болно. Та анх удаа угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны шүүсийг хөргөгчинд 5-аас дээш хоног хадгалах хэрэггүй.
Үсээ будааны шүүсээр арчлаарай
Будааны шүүсийг үс арчилгаанд хэрэглэвэл үр дүнтэй ажээ. Үсээ угаах, эсвэл зайлахдаа будааны шүүсийг ашиглавал зөөлөн, гялалзсан өнгөтэй болдог байна.
Будааны шүүсийг турахад ашиглах нь
1. Нэг аяга будаан дээр 4-7 аяга ус хийнэ.
2. 2-4 цагийн турш зөөлөн гал дээр чанана.
3. Бага зэрэг давс нэмээд шүүсийг өдрийн турш ууна.
Сэтгэгдэл бичих хэсэг