ЯПОНЫ ЯДУУ АХМАДУУД ШОРОНД ОРОХЫГ ХҮСДЭГ
Японд сүүлийн 20 жилийн хугацаанд 65-аас дээш насны хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийн тоо нэмэгдсээр байгаа ажээ. Энэ талаар ВВС-гийн сэтгүүлч Эд Бутлер сурвалжилсан байна. Хирошима хотын шоронд хоригдож байгаад суллагдсан, 69 настай Тошио Таката түүнтэй ярилцахдаа яагаад шоронд орсныг нь асуухад “Ядуу учраас” хэмээн ярьжээ. Япон эр шорон ч юм уу, ямар нэгэн үнэ төлбөргүй газар амьдрахыг хүсдгээ ярьсан байна. Тэрбээр “Шоронд л байвал илүү эрх чөлөөтэй амьдрах байх” гэсэн бодол надад төрсөн. Тэгээд гудамжинд байсан унадаг дугуйг авч унаад, цагдаагийн газарт очиж “Хараач, залуус аа. Би энэ дугуйг хулгайлсан” хэмээн хэлжээ.
Бүх зүйл төлөвлөгөөнийх нь дагуу явагдсан байна. Энэ нь Тошиогийн 62-той байхдаа үйлдсэн анхны гэмт хэрэг аж. Японы шүүх жижиг хэмжээний хулгайн хэрэгт ч нухацтай ханддаг тул түүнд нэг жилийн хорих ял оноожээ. Жижигхэн, туранхай, тахир дутуу түүнийг хэн ч гэмт хэрэгтэн гэж харахгүй аж. Тэрбээр суллагдсаныхаа дараа дахин гэмт хэрэгт холбогджээ. Тошио “Би парк руу очиж хүмүүсийг зөвхөн айлгахыг л хүссэнээс ямар нэгэн хор хөнөөл учруулъя гэж бодоогүй. Нэг нь утсаараа цагдаа дуудахыг оролдож буйг хараад би айлгах зорилгоор хутгаа гаргаж ирсэн юм. Нэг нь цагдаа дуудсан” гэж ярьсан байна. Тэрбээр сүүлийн найман жил гаруй хугацаанд шоронд суужээ.
Сэтгэгдэл бичих хэсэг