Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Ангела Меркель Грекийн нийслэл Афин хотод хоёр өдрийн айлчлал хийнэ. Меркель Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас, тус улсын Ерөнхийлөгч Прокопис Павлопулос болон сөрөг хүчний намын дарга Кириакос Мицотакистай уулзана.
Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, уулзалтын үеэр олон улсын болон бүс нутгийн асуудлыг, эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэх боловч хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан Македон улстай байгуулсан гэрээг тус улсын парламент баталсны дараа Грекийн хууль тогтоох байгууллага батлах гэж буйтай холбоотой асуудалд гол анхаарлаа хандуулах төлөвтэй байна.
Меркель Грекийн Ерөнхий сайдтай пүрэв гарагт уулзахаар төлөвлөжээ. Уулзалтын дараа талууд хэвлэлүүдэд хандаж мэдэгдэл хийнэ. Германы Канцлер баасан гарагт Нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн хөшөөнд цэцэг өргөх бөгөөд үүний дараа тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Прокопис Павлопулост бараалхана. Грекийн хэвлэлүүд тус улсын сөрөг хүчний “Шинэ ардчилал” намын тэргүүн Кириакос Мицотакистай хийх Меркелийн уулзалтад онцгой анхаарал хандуулж байгаа аж. Тус нам Бүгд Найрамдах Македон Улсын нэрийг өөрчлөх тухай Грек улстай байгуулсан гэрээг дэмжихгүй гэдгээ мэдэгджээ.
"Нафтемборики" сонинд онцлон тэмдэглэж буйгаар, хоёр талын харилцааг зохицуулах тухай гэрээнд Грек болон Македон улсын Гадаад хэргийн сайд нар гарын үсэг зурсныг Герман сайшаагаад, хоёр орны хооронд олон жил үргэлжилсэн маргааныг шийдэж, Скопьед НАТО болон Европын Холбоонд элсэх замыг нээнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Харин “Меркелийн айлчлал “Шинэ ардчилал” намыг хүнд байдалд оруулна хэмээн” Грекийн Засгийн газар найдаж байгаа аж. Хэрэв тус нам энэ жил Грекийн парламентын сонгуульд ялбал дээрх гэрээний асуудлаар Македоны эрх баригчидтай дахин хэлэлцээ хийнэ гэж Кириакос Мицотакис урьд нь мэдэгджээ.
Сэтгэгдэл бичих хэсэг