Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Ж.Цолмон: АШУҮИС-ийн багш, ажилчдын нийгмийн асуудлыг анхаарах цаг болсон

10-р сарын 8 - 11 цаг 43 минут

АШУҮИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч АУ-ны доктор, профессор Ж.Цолмонтой ярилцлаа.

-Юуны өмнө танд Олон улсын болон Монголын багш нарын баярын мэндийг хүргэе. Танайх “Дуурь бүжгийн эрдмийн театр”-т багш нарынхаа баярыг хийж нэлээн их шагналын хур бууж байх шиг байсан?

-Баярлалаа. Тэгсэн, бид хамт олноороо хуран цугларч нэг оройг сайхан өнгөрүүллээ. Манай сургуульд 531 багш ажиллаж байгаагаас профессор 33, дэд профессор 53, ахлах багш 129, багш 234, дадлагажигч багш 92, 189 нь анагаах ухааны доктор, 322 нь анагаах ухааны магистр цолтой багш нар байгаа нь манай хамт олон хэчнээн эрдэмлэг болох нь харагдаж байна. АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор энэ удаа дөрвөн профессор, долоон дэд профессор төрж, Монгол Улсын гавьяат багш, АШУ-ны доктор, профессор, академич Д.Амгаланбаатар багш маань Хүндэт доктор цол хүртлээ.

Мөн ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучилсан олон багш, эмч БСШУСЯ, ЭМЯ-ны салбарын тэргүүний цол тэмдэг, хүндэт жуухаар шагнуулсан нь бид сурган хүмүүжүүлэх нөр их ажлынхаа хажуугаар хүн ардынхаа эрүүл энхийн манаанд нүд цавчилгүй зогсож байдаг хос мэргэжил эзэмшсэн хүмүүс шүү дээ. Их бичгийн хүн Л.Түдэв гуай ямар сайндаа “Анагаахын багш бол хос морьтой хүмүүс юм. Хүний эрүүл мэндийг сахин хамгаалахын зэрэгцээ өөрсдийн ирээдүй залгамж хойч үеийн эмч эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэдэг эмч, багш нар юм” гэж хэлсэн байдаг.

-Та ажлаа аваад хоёр сар болж байна. Энэ хугацаанд та юу хийж амжуулав?

-Бид бусад улс орны их, дээд сургуулиудын хурдацтай хөгжлийн туршлагыг өөрийн онцлогт тулгуурлан төрөлх сургуулийнхаа хөгжлийн бодлогоо тодорхойлоход ашиглан нутагшуулж хугацаа товчлох, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт, сургуулийн санхүүгийн бие даасан байдал бүтээмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанар, агуулга, үнэлгээ, төгсөгчдийн чанарыг сайжруулж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг баримжаалсан мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй эмч, мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлж, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэхийн төлөө нэг цул баг болон ажиллаж байна.

Бид энэ хичээлийн жилийн уриаг “Багшаа дэмжин оюутнаа хөгжүүлье” хэмээн томьёолсон. Их сургуулийн маань гол хөдөлгүүр нь манай багш, ажилтан ажиллагсад шүү дээ. Тэднийхээ нийгмийн асуудалд их сургуулийн захиргаа онцгой анхаарч, үйл ажиллагаагаа тэднийг дэмжихэд илүүтэй чиглүүлэхээр шийдвэрлэсэн. АШУҮИС-ийн Захирлын зөвлөл 2018 оны аравдугаар сарын 1-нээс Эрхэс эмнэлгийн эмч нарын цалинг 15, багш нарын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, тэтгэлэг, тэтгэмжийг 20-30 хувь нэмлээ.

Анагаахын суурь боловсролын дамжааны ерөнхий эрдмийн хичээл заадаг багш нарын цагийн ачаалалд бататгах цагийг тооцдог болгож, багш ажилтнуудын чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлдөг болголоо. Багш, оюутнуудынхаа эрүүл мэндийн асуудлыг чухалчлан үзэхгүй бол нөгөө “Загасчны морь усгүй” гэдэг шиг багш нар маань эрүүл мэндээр тааруухан байж болохгүй. Бид өөрсдөө эрүүл байж, эрүүл саруул, эрч хүч, оюун мэдлэг, итгэл зүтгэлтэй эмч нарыг бэлтгэж тэд ард түмнийхээ эрүүл энхийн төлөө илүү сайн зүтгэх учиртай. V, VI курсийн оюутнуудаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулаад дуусч байна.

Цаашдаа III, IV гээд хамруулна даа. Багш, ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулж интернетийн хурдыг нэмэгдүүлэхээс эхлээд компьютер, техник тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангах зорилтыг тавьж эхний ээлжинд 100 нөүтбүүк захиалаад байна. Ер нь цаашид багш, ажилчид, оюутнуудынхаа нийгмийн баталгаат байдлыг үе шаттайгаар хангах, орлого олох эрх зүйн орчин, нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судалж, багш, ажилтныг дэмжих зардлыг бий болгон төсөвт тусгах, “Оюутны хөдөлмөрийн бирж байгуулах” ажлыг энэ ондоо багтааж хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Мөн Өвөрмонголын өөртөө засах орны Тонгляогийн их сургуультай манай Монгол анагаах ухааны олон улсын их сургуульд оруулах 2.3 сая юуаны гэрээнд гарын үсэг зурлаа. Удахгүй хөрөнгө оруулалт орж ирэх гэж байна гээд дурдаад байвал бас байнаа байна.

-Танай сургууль зургаадугаар сарын 1 гэхэд шинэ байр руугаа нүүнэ. Мөн Япон-Монголын сургалтын эмнэлэг есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно гээд байсан юу болсон юм бол. Хэзээ орохоор төлөвлөж байна?

-Харин тийм. Би ажлаа авангуутаа хичээлийн байр болон эмнэлэг маань ашиглалтад ороход бэлэн болсон байгаа байх гээд л газар дээр нь очиж үзсэн. Гэтэл хаа ч байсан юм эмнэлгийн барилга гадаад засал нь 82 хувьтай, дотоод засал нь дөнгөж 42 хувьтай гэж барилгын ажил гүйцэтгэж байгаа “Канто” компанийнхан хэлж танилцуулсан. Хичээлийн барилга мөн дөнгөж 80 орчим хувьтай, гадаад тохижилт огт хийгдээгүй, шугам сүлжээний ажил бүгд зогссон байдалтай байсан.

БСШУС-ын сайдыг барилгын ажилтай танилцуулсан. Нэгэнт байдал ийм байгаа хойно ашиглалтад хурдан оруулахын тулд бүх арга хэмжээг авч ажилласан. Уламжлалт анагаах ухааны сургуулийг \МАУОУС\ төв сургууль руу аль хичээл дуусахаас өмнө нүүлгэчихсэн байсан. Шинээр элсэж орсон оюутнууд маань шинэ хичээлийн байрандаа хичээл орно гэсэн ойлголттой ирсэн байдаг.

Гэхдээ манай хамт олон мөн Японы ЖАЙКА олон улсын байгууллага, барилгын зөвлөх баг “Ямашита Секе” хамтын хүчээр уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд бид бүхний мөрөөдөл болсон их сургуулийн эмнэлгээ ирэх оны наймдугаар сард орох байсныг I улиралд ашиглалтад хүлээн авахаар, Анагаах ухааны Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн барилгыг ирэх сард ашиглалтад оруулахаар зүтгэн ажиллаж байна.

Японы Жайка олон улсын байгууллага, гүйцэтгэгч компаниудтай хамтран бид хичээн зүтгэж байна. Энэ талаараа бид гурвалсан тал болох ЖАЙКА, барилгын зөвлөх компани “Ямашита Секе”, АШУҮИС хамтраад хэвлэлийнхэнд барилгын ажлыг гүйцэтгэх шинэчилсэн төлөвлөгөөгөө танилцуулсныг та бүхэн санаж байгаа байх. Мөн Удирдах зөвлөлийн хурлаараа хуульд нийцүүлэн төсөвтөө тодотгол оруулснаар нэгдүгээрт, худалдан авалт хийх боломжтой болсон. Хоёрдугаарт, тодорхой хэмжээний төсвийн хэмнэлтийг хийлээ.

-Сая нэлээн том арга хэмжээг танай сургууль төрийн ордонд зохион байгуулж Нобелийн шагналтныг урьж авчирлаа. Тархи судлал манайд хэр хөгжсөн шинжлэх ухаан бэ?

-АШУҮИС, Мон-голын тархи судлалын нийгэмлэгийн урилгаар тархи судлалын чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн Проф Мозер тэргүүтэй дэлхийн эрдэмтэд хүрэлцэн ирж төрийнхөө ордонд 1,000 гаруй эрдэмтнийг цуглуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Мөн сургууль дээрээ Нобелийн шагналтны хэлэлцүүлэг, ярилцлагыг зохион байгуулсан. Тархи судлал нь XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан бөгөөд манай оронд төдийлөн сайн хөгжөөгүй байна. Энэ шинжлэх ухааныг хөгжүүлэх шаардлага хэрэгцээ байгаа.

Энэ чиглэлээр мэргэшсэн гадаадад эрдмийн зэрэг цол хүртсэн 10 гаруй эрдэмтэд бэлтгэгдсэн байгаа нь том нөөц юм. Тархи судлалыг хөгжүүлснээр монгол хүний эрүүл наслалтыг уртасгах, оюун ухааны хөгжлийг сайжруулах, хүн амын дундах сэтгэц, мэдрэлийн өвчнүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх боломжтой. Үүнээс гадна тархи судлалын эрдэм шинжилгээний лаборатори үүсгэн байгуулснаар монгол хүний язгуур угсаа, оюун ухаан, өрсөлдөх чадварын онцлогийг генийн төвшинд цогцоор нь судлах, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн шинэчлэлтийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж манай эрдэмтэд үзэж байна. Мозер, дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч проф Магистратти гуай нар “Тархи судлалын хүрээлэн” байгуулахыг санал болгосон.

Өөрсдийн зүгээс тусалж дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Бусад улс орны туршлага дээр үндэслээд хөгжүүлэх зөв замыг сонгох стратеги боловсруулах мөн олон улсын зөвлөхийн багийг бүрдүүлж тэрэндээ өөрсдийгөө оруулах талаар зөвлөсөн. Цаашид бид Нобелийн шагналтнуудыг бусад шинжлэх ухааны чиглэлээр урьж авчрах талаар түлхүү ажиллана гэж бодож байгаа. Манай их сургуулийн Ази номхон далайн баруун эргийн бүсийн 100 шилдэг сургуулийн нэг болно гэсэн зорилгод хүрэхэд энэ нь нэг том үзүүлэлт болох учиртай. Зорилгодоо хүрэхийн тулд эхлээд бид өөрсдөө ядаж Монголдоо хаана нь байна.

Өөрөөр хэлбэл, их сургуулиудын хэдэд нь жагсаж байна вэ гэдгээ тодорхойлох шаардлагатай байна. Дэлхийн их сургуулиудыг эрэмбэлсэн судалгаагаар 6245 хавьцаа, Азидаа 2000 хавьцаа орж байна гэсэн судалгаа байсан. Хэдий чинээ өөрсдөдөө зөв онош эрт тавина төдий чинээ зорилгодоо хүрэх эмчилгээ маань зөв болж хурдан хүрэх боломж гарна гэсэн үг. Ер нь гадаад харилцаагаа эрчимтэй хөгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү татах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг шинэ шатанд гаргаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохгүй бол орлогынхоо 94 гаруй хувийг сургалтын төлбөрөөс бүрдүүлээд хөгжих боломж бага юм. Мөн судалгааны их сургууль болоход төрийн бодлого, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.

-Манай бүх их сургууль бүгд л судалгааны их сургууль болно гэх юм. Энэ нь хэр боломжтой юм бол. АШУҮИС судалгааны сургууль болох боломж байна уу?

-Олон улсын туршлагаас харахад аливаа улсын боловсролын системийн дээд оргил нь судалгааны мэргэжлээр дагнасан цөөн тооны их сургуулиудтай байдаг. Жишээ нь АНУ-д 4,000 гаруй их сургууль байдгаас дөнгөж 200 нь судалгааны их сургууль юм билээ. Англид 400 их дээд, сургуультайгаас дөнгөж 25 нь судалгааны их сургууль юм байна. БНХАУ улс 3,000 их, дээд сургуулиасаа есийг нь судалгааны сургууль болгохоор С9 хэмээх элит их сургуулиудын сүлжээг хөгжүүлж байна. 

Ингээд бодохоор бидний хувьд судалгааны их сургууль байгуулна гэдэг нь зүгээр нэг сэтгэлийн хөөрөл байж болохгүй байгаа биз. Бид бодит байдалдаа бодит үнэлгээ, дүгнэлт өгөх хэрэгтэй болоод байна. Өөрсдийгөө болон бусдыг хуурах, хоосон хөөсрөлөөс салах цаг болсон. Үнэхээр зорьж байгаа бол бүгд хичээх хэрэгтэй.

Удирдлага нь, багш, ажилчид нь, оюутнууд, манай сургуульд орох гэж байгаа ирээдүйн оюутнууд, нийгэм ч, төр ч хичээх хэрэгтэй болоод байна. Мөн судалгааны сургуультай болох нь төрийн бодлого бол төрөөс тавих хяналт, дэмжлэг нь ч бас өөр байдаг байна. Олон улсын жишиг ийм байна. Жишээ нь ОХУ 10 жилийн хугацаатай судалгааны их сургууль гэсэн статусыг маш өндөр шалгуурын дагуу өгдөг юм байна. 2010 онд 128 их сургуулиас 15 их сургуульд ийм статус өгсөн байна. Ийм сургуулиуддаа нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж эдгээр сургууль нь лабораторио орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож судалгааны баазаа шинэчилсэн байна.

В.Путин тэргүүлэх их сургуулиудаа дэмжих зорилгоор 5:100 төслийг эхлүүлээд байгааг бид мэднэ. Энэ нь дэлхийн хэмжээний чансаа тогтоодог QS, ARWU, THE World системээр Оросын таван их сургуулийг эхний шилдэг 100 их сургуулийн тоонд багтаах зорилго тавьсан. Эдгээр сургууль 360 мянган оюутан суралцаж, 21 Нобелийн шагналтан ажиллаж байна. Тэгэхээр манай сургууль тийм хэмжээний чанарын үзүүлэлттэй байж тэр статусыг авч болох нь. ОХУ 80 сая хүнтэй гээд үзвэл хүн амдаа ногдох оюутны хамралтын тоогоороо хамрагдах хувь нь ойртож байна. Өөрөөр хэлбэл, манай оюутны тоо хангалттай гэсэн үг.

Тэгэхээр бидний хувьд үндэсний эрдэмтдийнхээ чансааг олон улсын хэмжээнд дээшлүүлэх, Нобелийн шагналтнуудыг төрүүлэх, мөн судалгаа явуулах бааз, лабораторио олон улсын стандартад хүргэх, энэ тал дээр төрийн дэмжлэг болон, өөрийн харилцаа холбоогоо ашиглан нэмэлт төсөв хөрөнгө олох тал дээр эрчимтэй, зүтгэлтэй ажиллах хэрэгтэй байна. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа АШУҮИС-ийг Харвардын хөтөлбөрт оруулах гэрээг Харвардын их сургууль дээр очиж байгуулж тус хөтөлбөрт 200 багш, эмчийг хамруулах гэж байна. Энэ жилээс бид Т2С хөтөлбөрт 100 эмч, багшаар хамруулж, ирэх жилд Т2Т хөтөлбөрт мөн 100 багшаа хамруулах гэж байна. АШУҮИС Монголдоо судалгааны сургууль болгох боломж харьцангуй бүрдэж байна гэж хэлж болох юм.

-Уучлаарай асуухгүй байж болсонгүй. Таныг ирэнгүүтээ олон багшийг халсан гэх мэдээ гарч байсан. Мөн Г.Батбаатар захиралд ажил өгөөгүй гэх. Анхан шатны шүүхээр ялсан, эргүүлэн ажилд нь томилжээ гээд сайтуудаар, миний үзсэн “SBN” телевизээр гараад байна. Энэ үнэн үү?

-Зүгээр ээ, зүгээр. Би одоогийн байдлаар гурван хүнийг л халсан байгаа. Энэ нь тодорхой үндэслэл шалтгаантай. Нэг ч багшийг халаагүй. Бүгд ажлаа хийж байгаа. Батхуяг, Гантулга хоёр нь манай хангамжийн газар ажиллаж байсан. Ер нь тэдний хариуцлагагүй үйлдэлтэй эмнэлгийн болон сургуулийн хичээлийн байрны ашиглалтад орох хугацаа хойшилсон нь холбоотой. Бусад хууль зөрчсөн асуудлууд байгаа. Хүрэлбаатарын гэрээний хугацаа дуусгавар болсон.

Г.Батбаатар захирлын хувьд бол бид хоёр “эр хүмүүс” шиг ярьж гараа барилцсан. Г.Батбаатар захирлын тавьсан асуудлыг би шийдэж өгсөн. Үнэндээ надад тушаал гарснаас хойш 20 хоногийн дараа ажлаа өгөхдөө ажлаа огт хүлээлгэж өгөөгүй. Дансны дугаартай үлдэгдэл мөнгөн дүнг бичсэн нэг хуудас, “хөгжлийн хөтөлбөр” гээд нэг брошур л өгсөн. Өөр юм надад өгөөгүй, ажлын талаар юу ч яриагүй. Харин намайг яах гэж байна, би Био анагаахын сургуулийн захирал болмоор байна томилж өг гэсэн. Би тэгэлгүй яахав, харин тэр албан дээр байгаа хүнийг нь яах юм” гэж асуусан. Гэтэл тэр хамаагүй ээ, миний шавь зүгээр гэсэн.

Би хэлсэн амандаа хүрч Био анагаахын захирлаар тавих гэтэл өөрөө тохироогүй байсан.Дараа нь танай тэнхимийнхэн таныг профессороор ажиллуулахаар санал гаргасан ажиллах уу гэсэн “Үгүй, харин Эрдмийн сургуулийн захирал болъё” гэсэн. Би бас хэлсэн амандаа хүрээд тэр ажлыг гардаж хийж байсан хүнээ гомдоогоод Эрдмийн сургуулийнхаа захирал болгосон. Гэтэл хамт олныг айлгаж, бутаргаж, янз бүрийн мессеж бичиж дарамталж байсан. Банкны хуулгыг хуурамчаар гаргаж хууль зөрчсөн үйлдэл хийсэн байсан тул халсан. Харин Г.Батбаатар захирал надад хэлж байсан амандаа нэг ч хүрээгүй. Нүд нүд рүүгээ харж гараа барьчхаад хүрээгүй. Ийм л юм болсон.

Хамт олноо дарамталж гарын үсэг албадан зуруулж байсан. Ийм муухай, хүний эрхэнд халдсан, албан тушаалаа ашиглаж дарамталдаг жишиг тогтож байсныг би хална. Хамгийн сүүлд л гэхэд өөрөө профессороор ажиллахгүй гэчхээд бас багш нарыг минь дарамталж гарын үсэг зуруулаад л байсан. Тийм муухай, муйхар арга одоо хол явахгүй.

-Таныг намын томилгоогоор ирсэн, сургуулийн хүн биш гэсэн яриа тарсан?

-Г.Батбаатар захирал Ардчилсан намын эрх барьж байх үеийн АН-сайд Л.Гантөмөрийн тушаалаар томилогдсон. Би МАН эрх барьж байгаа өнөөдрийн МАН-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар томилогдож Ялгаа байна уу. Хоёр хар хэрээ бие биеийнхээ харыг гайхав гэгчээр... Г.Батбаатарыг томилогдохоос өмнө манай боловсролын асуудал хариуцсан дэд захирал Н.Сүмбэрзул үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Яагаад тэр хүнийг үргэлжлүүлээд томилчхоогүй юм.

Намын ялгаварлаар сонгон шалгаруулалт нэрийн дор сольсон гэж бодож байгаа. Яагаад АШУҮИС гэдэг хаягийг өөртөө өмчлөөд байгаа юм. Юугаараа би түүнээс ялгаатай юм. Адилхан тэр сургуулийг төгссөн, адилхан тэнд ажлынхаа гарааг эхэлж байсан. Харин ч хамгийн түрүүний магистр болж, хамгийн анхны Японтой хамтарсан судалгаа хийж, докторын зэргийг мөн энэ сургуульдаа хамгаалсан. Тэр энэ сургуульдаа багшилсаар ирсэн бол би бас бүхэл бүтэн салбараа хөгжүүлэх гэж зүтгэж, сургуулийнхаа Удирдах зөвлөлийн даргаар таван жил ажиллаж, хөгжлийн бодлогыг нь дэмжиж урагшлуулах гэж явлаа. Миний буруу юу.

-Сонгон шалгаруулалт зарласан байсан. Та орох уу?

-Сонгон шалгаруулалт зарласан байсныг өөрөө гомдол гаргаад болиулсан сурагтай. Шүүхийн маргаантай байгаа үед угаасаа сонгон шалгаруулалт зарлагдах ёсгүй юм байна. Ихэнх их сургуулийн захирлууд үүрэг гүйцэтгэгч байна. Бүгд л орно. Төрийн ажлыг хийлээ, авсан шигээ өгч чаддаг тэнхээтэй байх ёстой гэж боддог юм. Ядаж эр хүний хэлтэрхий баймаар юм даа, өдий зэргийн хүн. Би хийж бүтээсэн юмыг нь үргэлжлүүлж, алдаа дутагдал байвал бид бүгдээрээ засахын төлөө л явж байна. Хамтраад сайхан ажиллая, эрдэмтэн, эмч хүмүүс чинь ондоо юм байна шүү гэж үзүүлье гэж хүртэл хэлсэн. Бид бүгд төрийн ажил хийж байгаа хүмүүс, бидний өмч энд нэг ч байхгүй.

Бас төрийн сайд руу дайрч давшилж, худал мэдээлэл тарааж томилогдоогүй байж томилжээ гээд л, болохгүй л дээ. Сайдтай тэрсэлдээд байхын оронд үнэхээр шударга, алдаагүй ажиллаж уу гэдгийг нь холбогдох байгууллага нь тогтоогоод өгөхөд л болно шүү дээ. Аудитын шалгалт оруулахаар бид хүсэлтээ гаргасан байгаа, оруулж өгөөсэй гэж хүсэж байна. “Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэдэг байх аа. Нэгэнт та асуусан болохоор дээрх бүхнийг ярилаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019