Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани лалын шашинтнуудын “Ид аль-Адха” баярыг тэмдэглэх үед түр гал зогсоохыг Талибан бүлгийн босогчдод ням гарагт уриалжээ.
Тэрбээр даваа гарагаас эхлэн гурван сарын турш түр эвлэрэхийг уриалсан байна. Өмнө нь буюу өнгөрсөн зургадугаар сард “Ид аль-Фитр” баяраар засгийн газраас Талибаны босогчдод гал зогсоохыг уриалж байсан ба тухайн үед уг бүлгийн босогчид 3 хоногийн турш эвлэрсэн боловч төд удалгүй тэмцлээ үргэлжлүүлсэн байна.
Талибан бүлгийнхэн одоогийн байдлаар ерөнхийлөгчийн уриалгад хариу өгөөгүй байгаа юм байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэхүү уриалгыг сайшаан дэмжжээ.
“Афганы ард түмэн “Ид аль-Адха” баяраа энх тайван, айх айдасгүй тэмдэглэж чадна хэмээн АНУ болон олон улсын байгууллагууд найдаж байна” гэж М.Помпео мэдэгджээ. Мөн Афганистаны засгийн газар болон Талибан бүлгийн хооронд шууд хэлэлцээнд оролцож, тусалж дэмжихэд АНУ хэзээд бэлэн гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Сэтгэгдэл бичих хэсэг