Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй



6-р сарын 11 | 14 цаг 06 минут
1
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн том хүү, Монголын газрын тосны салбарын анхдагчдын нэг, ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Янтай ярилцлаа. Тэрбээр УИХ-ын ирэх сонгууль болоод ИЗНН бусад намтай эвсэл байгуулах эсэх гээд сүүлийн өдрүүдэд толгой өндийх завгүй их ажилтай байгаа аж. 26-хан настай залуу Монголын газрын тосны хайгуулын анхны шанг таталцаж явахдаа юу мөрөөдөж, хүсэж байсан. Өмнөх ажлаа хийгээд л явбал болно гэх итгэл үнэмшилтэй тэрбээр улс төрд ямар учраас гар бие оролцохоос аргагүй сонголттой тулгарсан, түүнийг улс төрд ороход аав нь тусалсан болов уу гээд сонирхол татах хүмүүсийн нэг тэр мөн.  
-Таныг улс төрийн хүрээнийхэн Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуайн хүү гэдгээр илүүтэй мэднэ. Харин Хүдэр-Ян гэж хүний хүүхэд нас, өсөж төрсөн нутгийн талаар сонирхмоор байна?
-Аав минь намайг эх барьж авсан юм шүү дээ. Тэгэхээр би их хувь тохиолоор төрсөн хүн байгаа биз. Хүмүүний орчлонд ээжийнхээ хэвлийгээс аавынхаа гар дээр унасан хүн ховор байх. Манай ээж охин төрвөл Хонгорзул гэж нэр өгнө гэж байсан юм билээ. Аав “За би хүүдээ нэр өглөө” гээд Хүдэр-Ян гэдэг нэр өгчихсөн гэж байгаа юм. Хүдэр гэдэг нь том хүдэр гэсэн утгатай, Ян гэдэг нь ян сарьдаг мөнх цастай уулын оргил гэдэг утгаар нэрлэсэн гэдэг юм. Ээж миний дараагийн дүү охинд Хонгорзул гэж нэрээ өгч сэтгэл нь амарсан даа.
-Бямбасүрэн гуай тухайн үед сандарсан гэж ярьдаг уу?
-Тухайн үед утас гэж байсан биш. Аав ер нь юмыг яаж мэдэх вэ гээд эх барихын ном уншсан гэдэг. Хэд хоногийн дараа ээж өвдөж, төрөх болоход аав эх барьж авсан. Түргэн дуудсан ч амаржсаных нь дараа ирсэн гэдэг.
-Аав нь эх барьж авсан ууган хүү гэдэг их хувь тохиол байх нь аргагүй юм байна. Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?
-Миний бага нас аав ээжийн нутагт Онон голын хөвөөнөө өнгөрсөн. Биндэр сумын нутаг Дэлгэрнуга, Өлзийт тасагтай салшгүй холбоотой. Өвөл, хавартаа баавай, ижий хоёртойгоо Дэлгэрнугадаа өвөлжөөд зун, намартаа Өлзийт тасагт ирж зусна. Зундаа Хурхын голоо өдөржин өгсөж, уруудан загас жараахай эргүүлцгээж, зөөхийтэй талх, гогодтой хуушуур идээд л гүйдэг байж. Энэ тухай дурсах сайхан байдаг. Ингээд сургуульд орох нас болж, Нийслэлийн I арван жилийн сургуульд элссэн. Нийслэл рүү сургуульд ирсэн хүн зуны амралтаар л хөдөө явах эрхтэй болж байгаа юм. Сурагчдын амралт эхлэхийг л тэсэн ядан хүлээдэг хүүхэд байсан даа.
-Та эхээс зургуулаа гэдэг байх аа?
-Тийм ээ, аав, ээж хоёр минь гурван хүү, гурван охинтой.
-Багадаа ямархуу хүүхэд байсан бэ. Ямар мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байв?
-Зан төлөвийн хувьд даруухан, гэр амьтай, ном их уншдаг хүүхэд байсан. Би багадаа эдийн засагч болно гэж боддог байсан. Тоо их боддог хүүхэд байлаа. Тоонд их дуртай. Сүүлдээ инженер болно гэж хувираад харин түүндээ хүрсэн шүү. 1987 онд нийслэлийн I арван жилийн лаборатори дунд сургуулийг дүүргээд, Москва хотын Эрчим хүчний их сургуульд Турбин хөдөлгүүрийн зохион бүтээгчийн ангид элсэн орж байлаа. Элсэлтийн шалгалт өгөхөд аав хамт очсон. Хуваариа аваад гараад иртэл ээж уурлаад байх юм. Учрыг нь асуусан чинь “Турба засдаг мэргэжил сонгоод байх даа яахав дээ” гэж байна. Тэгэхээр нь “Тийм биш шүү дээ, Турбин хөдөлгүүрийн зохион бүтээгчийн хуваарь авлаа” гээд тэрүүгээр нэг инээд болж байж билээ. Ингээд сургуульдаа очтол хэлний бэрхшээл тулгарсан. Хэдийгээр хэлний бэлтгэлд явж байгаа ч хичээлээ ойлгодоггүй. Математик, физикийн бодлогуудаа бол бодчихно. Тайлбарлах гэхээр хэл байхгүй. Лекцүүдээ цээжилнэ ээ. Ийм байдалтай нэг улирал явсны эцэст хэл овоо сайжирч, хичээлдээ шамдаж эхэлсэн дээ. Сургуульдаа 1990 оныг хүртэл сурч байгаад тухайн үед Орос орны задрал, перестройкийн хөдөлгөөний үед Монгол Улсынхаа Техникийн их сургуульд шилжин суралцаж, Дулааны инженер мэргэжлээр төгссөн.
-Таныг ирэх үед Монголд ардчилсан хувьсгал яг эхэлж байсан байх нь. Тэр үеийг дурсаач?
-1990 оны гуравдугаар сарын 7-нд эх орондоо галт тэрэгнээс буухад Сүхбаатарын талбайд ардчилсан хүчнийхэн өлсгөлөн зарлаад нэг хонож байлаа. Тухайн үеийн ардчилсан хувьсгалын үйл явдал миний залуу насны амьдралын нэгээхэн үед хүчтэй нөлөөлсөн нь хожим үзэл бодол, байр сууриа эргэлт буцалтгүйгээр тодорхойлох шалтгаан болсон.1990-ээд оны ардчилсан хөдөлгөөн жинхэнэ утгаараа ардчилал, шударга ёсны төлөөх тэмцэл байсан гэж би хувьдаа боддог.
-Аав тань зах зээлд шилжих үеийн анхны Ерөнхий сайд. Сургуулиа төгссөний чинь дараа таныг ажилтай болоход тусалсан уу. Ер нь Ерөнхий сайдын хүү гэдгээрээ давуу эрх эдэлж байсан удаа бий юү?
-Бид ер нь бид гэртээ давуу эрх эдлэхээс биш албан тушаалынх нь хувьд ямар нэг эрх эдэлж үзээгүй. Аав минь ч тэгж сургадаг, маш хатуу зарчимч, чанга хүн шүү дээ. Албаны ажлаа амин хувьдаа ашиглана гэдэг аль ч төрд байх ёсгүй зүйл гэдэгтэй бид ч санал нэг байдаг. Ямар сайндаа би аавыг Ерөнхий сайд байхад өрөөнд нь нэг л удаа хальт орж үзсэн гээд боддоо. Оройтож ажиллах үеэр нь хоол хүргээд гарч байсан.
-Та тухайн үед улс төрд орно гэж бодож байсан уу?
-Сургуулиа төгссөн жаахан хүүхдэд юуных нь тийм зүйл бодох ухаан байх вэ, сонирхдог ч үгүй байлаа. Харин мэргэжлийнхээ дагуу мундаг инженер болно л гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Энэ ч үүднээс Эрдэнэт хотын Дулааны станцад ангийн хоёр хүүхдийн хамт илгээлт аван очиж ажил амьдралынхаа гарааг эхэлж байлаа. Бид сургууль төгссөн шинэхэн инженерүүд, агуу хүсэл мөрөөдөлтэй, том хүмүүс очтол Дулааны станцын дарга Батчулуун гуай, ерөнхий инженерийн хамт хүлээж аваад “Инженер болох гэж байгаа хүн бүхнийг дороос нь эхэлдэг юм” гээд үнсчний туслах, үнсчин, насосны жижүүр гэх мэтээр мэргэжил болгон дээр 14-21 хоног ажиллаж, шалгалт өгөөрэй” гэсэн. Ингээд төгсөлтийнхөө онц сурлагатан, том амьтад 18 мэргэжил дамжиж байж Түлшний цехийн мастер болж байлаа. Бидний хийж байсан ажил Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг дулаанаар тасралтгүй хангах үүрэгтэй, нэн хатуу сахилга, хариуцлагатай ажил байлаа. Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг дулааны цахилгаан станц болгож шинэчлэх, Эрдэнэтийн үйлдвэрлэлийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх ажилд гар бие оролцсон хүн шүү. Хүнийг ажилд жинхэнэ утгаар нь сургадаг, хүн болгодог их сайхан хамт олон байлаа. Одоо хүнийг мэргэшүүлэхийн тулд багаас нь эхэлж сургадаг газар бараг үгүй болсон байх.
-Мастер болтлоо ажилласан атлаа яагаад газрын тосны салбар руу явчихав?
-1995 онд нэг өдөр бид хамт олноороо “Монголд хамгийн их эрэлт хэрэгцээтэй бизнес бол газрын тосны хайгуул юм байна” гэж яриад энэ салбар руу оръё гэж шийдсэн. Тэр жилийнхээ өвөл техник, тоног төхөөрөмж олж ирэхээр 10 мянган ам.доллар өвөртлөөд Якут хүртэл ганцаараа явсан. Ингэж явж байхдаа Орост 27 ширхэг хийгдсэн станцын 27 дахийг нь Монголдоо авчирч байлаа. Ингэж л 26 настайдаа газрын тосны салбарт хөл тавьсан даа.
-Анхны Ерөнхийлөгчийн дээлээ мялаадаг газрын тосны цооногийг танай багийнхан илрүүлсэн үү?
-Тэгсэн. 1995-1996 онд хувийн хэвшлийн Газрын тосны хайгуулын анхны ангийг зохион байгуулж, Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь Тосон Уулын XXI талбайд хийсэн хайгуул маань үр дүнтэй болж, Ерөнхийлөгч П.Очирбатын дээлээ мялаадаг цооногийг илрүүлж байв. Бидний хайгуул тус сав газрын тосны олборлолтын эрин үеийг эхлүүлсэн гэж болно.
-Та нэг хэсэг Улаанбаатар хотын захирагчийн албанд ажиллаж байсан. Тэр үедээ Багахангай дүүргийг үйлдвэрлэлийн район болгоно гэж байсан тухай яриа байдаг?
-1999-2000 онд Улаанбаатар хотын захирагчийн албанд Багахангай дүүрэгт “Үйлдвэрлэл технологийн чөлөөт бүс” байгуулах ажлыг санаачилж, ажлын хэсэгт төслийн ахлагчаар ажилласан. Монгол Улсад тэргүүн зэргийн ач холбогдолтой үйлдвэрүүдийн шаардлагатай технологийг авчирч нутагшуулах нь бидний гол зорилго байлаа. Уг төслөөр Багахангай дүүргийг Монгол Улсын үйлдвэрлэлийн томоохон төв болгон хөгжүүлж, технологи шууд орж ирж нутагших боломжийн судалгаа, нөхцлийг бүрдүүлж тухайн үеийн Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Боломж байсан. Гэхдээ хийгдээгүй.
-Түүний дараа МИАТ-д ажилласан байх аа?
-2002-2006 оны хооронд МИАТ ХК-ийн охин компани болох “МИАТ Агросервис” ХХК-д маркетингийн менежер, захирлын үүрэг гүйцэтгэгч, захирлаар ажиллаж байлаа. Төрийн өмчийн “МИАТ Агросервис” компани 30 ширхэг Ан-2 агаарын хөлөгтэй, 50 гаруй нисэгч, инженер техникийн бүрэлдэхүүнтэй, Монгол орны 18 аймгийн сумдад газар тариалан, бэлчээр, ойн хортон мэрэгчидтэй тэмцэх, ачаа тээвэр, аялал жуулчлалын болон бусад хэрэгцээтэй нислэг үйлддэг, эвсэг хамт олонтой гар нийлэн ажиллаж байлаа. Харин 2007 оноос хойш өнөөг хүртэл “Хэт” ХХК-д дэд захирлаар ажиллаж байна.
-Та Дорнодод газрын тосны үйлдвэр барина гэж цөөнгүй жил явлаа. Үр дүнд хүрч байна уу?
-Дорнод аймагт дотоодын хэрэглээний 10 гаруй хувийг хангах бололцоотой 120 мянган тонн түүхий тос боловсруулах үйлдвэр барихаар би сүүлийн 10-аад жил зүтгэж байна. Энэ төслийг хэрэгжүүлчих санаатай л ажиллаад байна. Тэнд газрын тосны үйлдвэр барихад шаардлагатай тусгай зөвшөөрөл нь байна, газар нь байна, үйлдвэрийн дэд бүтцийг барих тоног, төхөөрөмж бэлэн байна. Төр, засгийн шийдвэрээс шалтгаалаад л ийм удаан хугацаанд хүлээгдэж байна. Түүнээс биш үйлдвэрийн ТЭЗҮ бусад зүйлийг бид аль эрт хийчихсэн. Засгийн газраас зүүн бүсэд барих нефтийн үйлдвэрийн концесс гэж зарлаад явж байна. Тэрэндээ сонгон шалгаруулалт явуулна гэж байгаа юм билээ. Үйлдвэр барих анхны санаачилга, ажлыг бид хийсэн. Гэтэл Засгийн газраас концесс энэ тэр гэж явсаар одоо Бор-Өндөрийн 2.5 сая тоннын үйлдвэрийн тухай яриад явж байна. Энэ бол асар том үйлдвэр. Үүнийг бариад, Дорнодоос нефть шугам хоолойгоор татна гэдэг бол үлгэр. Зүгээр л хугацаа алдуулж байгаа явдал шүү дээ. Ордынх нь хажууд жижиг үйлдвэр бариад, зүүн бүсийг хангаад, илүү гарсныг нь бусад зах зээл рүүгээ борлуулах тооцоотой байсан. Үүнийг дэмжихгүй юм шиг байна.
-Энэ таны улс төрд орох шалтгаан болсон уу?
-Улс төрд их сонин түүхтэй орсон. 2011 оны тавдугаар сарын 14-нд Дорнодод “Хэт” компани нефтийн үйлдвэр барихаар тоног, төхөөрөмжөө суурилуулж байхад Сү.Батболд, тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд байсан Д.Зоригт хоёр очихоор боллоо. Би тэдэнд “Бид үйлдвэрийнхээ шавыг тавих гэж байна. Манайхаар ороод нээлтэд оролцооч” гэсэн юм. Нөгөө хоёр тэгье гэж байснаа шав тавихын өглөө “Амжихаа байлаа” гэсэн. Би ч ажилчидтайгаа үйлдвэрийнхээ шавыг тавилаа. Орой нь Газрын тосны сургуулийн захирал Цэвээнжав гуай “Хүдэрээ, юу болсон бэ, танайх үйлдвэр барихаа больсон юм уу. Цаад хоёр сайд чинь Дачинд очоод Монголд үйлдвэр байгуулаад өгөөч гээд гуйгаад явж байх юм” гэсэн. Миний дургүй хүрсэн. Үндэсний компани үйлдвэр барихаар шав тавьж байхад хажуугаар нь давхиж гараад Хятадын компаниас гуйна гэдэг юу гэсэн үг вэ. Энэ улсууд чинь болохоо байсан юм байна. Зүгээр байж болохгүй юм байна гэж бодогдсон. Үндэсний компаниудаа дэмжье, ажлыг нь явуулъя гэвэл бидний төлөөлөл тэнд байх ёстой юм байна гэж бодсон. Бизнесийн салбарт ажиллахад танил талгүй, аль нэг улс төрийн бүлэглэлд ашиггүй бол хавчиж гадуурхах үзэгдэл газар авсныг яс махаараа мэдрээд байсан үе. Улс төрд орох сэдэл анх тэгж төрсөн. Хүссэн бол өмнө нь улс төрд орох боломж зөндөө л байсан.
-Аав тань юу гэсэн бэ. Таныг аль нэг намд ор гэж зөвлөж байв уу?
-Үгүй. Миний аав “Чи өөрийнхөө зөв гэж бодож байгаа зүйлээ л хий. Гол нь улс, үндэстний эрх ашигт нийцсэн, зөв зүйл л хийх хэрэгтэй” гэж байсан. Тэгээд ч би аль намд орохыгоо өөрөө бодоод олчихсон байсан.
-Иргэний зориг ногоон нам уу?
-Тийм. Анх оюутан байхдаа талбайд өлсгөлөн зарласан хүмүүсийг дэмждэг байлаа. Ардчиллынхан бүгд л ааваас зөвлөгөө авдаг, уулздаг байсан. Хажууд нь сонсож суудаг байсан болохоор энэ улсууд зөв юм хийж байна гэж дэмждэг байлаа. Сүүлдээ тухайн үед ярьж байсан, мөрөөдөж байсан нь огт өөр болоод, өөрсдөө дарангуйлагчид болоод эхэлсэн. Тэдэнтэй зам нийлэхгүйгээ ойлгосон. Би хувийн ашиг сонирхол харж, улс төрд ороогүй. Үнэхээр энэ байдлаараа ахиад арван жил амьдарвал Монгол Монголоороо үлдэхэд үнэхээр хэцүү болж гэж харсан. Яагаад Иргэний Зориг Ногоон Намыг сонгов оо гэж олон хүн асууж байсан. Иргэний Зориг Ногоон Нам идэж уугаагүй, авлигын асуудалд оролцоогүй хамгийн цэвэр улс төрийн хүчин гэж би харсан. УИХ-д суудалтай, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн цэвэр шударга нам. Иргэний Зориг Ногоон Нам иргэний эрх чөлөөг дээдэлсэн, ногоон үзлийг тэргүүлэх чиглэлээ болгосон үзэл баримтлалтай. Энэ нь миний өөрийн үзэл баримтлалтай яв цав нийлсэн. Тийм учраас би улс төрийн сонголтоо хийж, 2012 онд Иргэний Зориг Ногоон намын гишүүн болсон.
-Одоо ч энэ хэвээрээ яваа болов уу?
-Тийм. Хамгийн цэвэр, шударгаар яваа нам манайх.
-Танд “Та нар үндэсний үйлдвэр нь үйлдвэр барих гээд шав тавьж байхад очихгүй байж гаднын компаниас бариад өгөөч гэж гуйгаад явж байсан нь ямар учиртай юм бэ” гэж Сү.Батболд, Д.Зоригт нараас асуух боломж гарсан уу?
-Гарсан. Манайх санхүүгийн хувьд хэцүү шүү дээ. Үйлдвэр барих санхүүжилтээ яаж бүрдүүлэх юм бэ. Харин Дачингийнхан ч юм уу, гаднынханд санхүүжилт нь бэлэн байгаа гэж байсан. Бид өөрсдийнхөө хөдөлмөрөөр, санхүүжилтээ болгоод үйлдвэр барьчих хугацаа, боломж байсан. Гэтэл 2009 оноос хөөцөлдсөөр 2014 оны долдугаар сарын 14-нд л тусгай зөвшөөрлөө авсан. Засгийн газрын ирэх хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдэх байх гэж найдаж, хүлээж байна.
-Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулах ирээдүй бий юү?
-Зөвхөн Дорнодын сав газраас жилдээ сая гаруй тонн түүхий тос гардаг. Дорнодын нефть хангалттай. Одоо байгаа нөөцөөр Монголыг 20-30 жил элбэг хангана. Хайгуул хийх хэмжээгээр газрын тосны нөөц нэмэгдэнэ. Гадныхны тусламжтайгаар газрын тос боловсруулах төслүүд явдаг. Дотоодынхоо тосон дээр боловсруулах үйлдвэр барина гэж манайх л дуугарсан. Бусад нь Оросоос тос авчирч нэрэхээр тооцоолдог. Боломж их байгаа. Манай төр барьж байгаа нөхөд хүсэх л юм бол бид боловсруулах үйлдвэр барьж чадна. Тэд хүсэхгүй байна. Нефтийн үнэ ханш савлахад хомсдол үүсэхэд нефть боловсруулах үйлдвэр барих тухай ярьдаг. Бусад үед нь мартчихдаг.
-Зарим лидерийн хэлснээр Монголд газрын тос боловсруулах өртөг өндөр гэсэн. Нэг литр нь бараг 4000 төгрөг хүрэх юм биш үү?
-Бид өөрсдөө газрын тосоо боловсруулбал өртөг асар ихээр буурна. Манай тооцоогоор 1600 төгрөгөөр борлуулахад хангалттай. Одоо бол шатахуунаа борлуулахдаа хилийн үнэ, ашиг, зардлаа нэмээд тооцдог. Монголчууд түүхий эд нийлүүлэгч улс байгаад хожихгүй эцсийн бүтээгдэхүүн л хийх ёстой.
-Монголд одоо юу үгүйлэгдэж, дутагдаж байна вэ?
-Монголын төр урт хугацааны залгамж халаатай байх хамгийн гол үнэт зүйлээ алдсан. Монголын улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагаа урт хугацаанд биш дөрвөн жилээр л хэмжигдэж ирлээ. Дөрвөн жилийн дараа дахиж яаж гарах вэ гэсэн зарчмаар явсаар байгаад Монгол Улс хөгжсөнгүй. Хөгжүүлж чадсангүй. Урт хугацааны бодлого, алсын зорилгогүй бол улс орон мөхнө. Зарим нам дөрвөн жилээр, зарим нь хоёр, нэг жилээр бодлого тодорхойлж, түүнийгээ мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөөх ажилдаа чиглүүлж байгаа нь харамсалтай. Үүнээс болоод төрийн албаны хүнд суртал, авлига, хээл хахууль газар авчээ. Энэ бол арай дэндүү ялзрал. Үүнийг л засаж залруулах, урт хугацааны бодлогоо зөв тодорхойлж, аль ч хүчин түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Одоо энэ систем алдагдсан.
-Иргэний Зориг Ногоон нам ХҮН, МҮАН, Эх Орон гэсэн намуудтай сонгуульд эвсэл байгуулж оролцохоор боллоо гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Манай намын Үндэсний хорооны хурал энэ сарын 16-нд болно. Тэр хурлаар эвсэл байгуулах нь ашигтай юу, үгүй юү гэдгийг хэлэлцэж шийднэ. Одоогоор хэд хэдэн намаас эвсэл байгуулах саналаа манайд ирүүлээд байгаа. Бид судалж байгаа. Эвсээд бодлого дээрээ нэгдэж чадахгүйн уршгийг бид энэ Засгийн газраас хангалттай харлаа. Тэгэхээр эвсэх нь ямар үр дүнд хүргэх вэ гэдгийг маш сайн тооцоолох хэрэгтэй.
-Парламентад цөөхөн суудал авсан, эсвэл парламентад суудалгүй намуудыг сүүлд шинэчилсэн Сонгуулийн хуулиар шахах бодлого барьсан гэх шүүмжлэл бий. Танай намын хувьд дангаараа бүх шатны сонгуульд оролцох боломжтой юу?
-Сонгуульд оролцох боломж бүх намд нээлттэй. Гэхдээ оролцоод дараа нь үр дүн яаж гарах вэ гэдэг нь хэцүү асуудал. Сонгуульд бүх намыг бүртгэхэд ямар ч асуудалгүй атлаа, сонгуулийн үр дүн яаж гарах, жагсаалтад хэдэн оноогоор гарах вэ гэдэг асуудлаар бол ярих зүйл их байгаа. Хоёр том намд үйлчилсэн, учир дутагдалтай заалт орсон. Тойрогт заавал хүн гаргаж байж жагсаалтыг тооцно гэж оруулсан. Сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоног болгож хассанаар нийгэмд шинэ хүн, шинэ намыг гаргахгүй байх боломжийг бүрдүүллээ. Өмнө нь Сонгуулийн хуулийг зөрчсөн бол нэрийг нь татдаг байсан бол шинэ хуулиар торгууль төлөөд л сонгуулийн хуулиа зөрчих боломж гараад ирж байгаа юм. Эндээс харахад шударга өрсөлдөөн биш хэт мөнгөний өрсөлдөөн бий болох нь. Шинэ хүн, шинэ нам өрсөлдөхөд маш хэцүү. Нөгөө талаас хар машины тооллого нь эцсийн тооллого байна гэж гаргачихсан. Гэхдээ техникийн тооллого хийнэ гэсэн атлаа түүнийг хэрхэн шийдэх нь хуульд ороогүй, задгай орхичихсон. Энэ мэт асуудал их байгаа учраас бие даагч, парламентын гадна байгаа намууд дангаараа сонгуульд орох боломж хаагдчихлаа. Ер нь намууд эвсч нэгдэж, хүчээ нэгтгэх нь тодорхой болж байна.
-Таны хувьд Хэнтий аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэсэн үү?
-Тэгнэ ээ. Өмнө нь хоёр удаа унасан. Гэхдээ энэ удаад иргэд, сонгогчдын боловсрол, юманд хандах хандлага өөр түвшинд хүрсэн. Тийм болохоор дэвшинэ.
-Би сая ирэхийнхээ өмнө Бямбасүрэн гуайн орсон Монгол Тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийг үзсэн. Гэр бүл, хань ижилдээ их зөөлөн ханддаг, зөөлөн сэтгэлтэй хүн юм аа гэж бодож байлаа. Аавынхаа талаар та юу хэлэх вэ?
-Миний аав бол монгол төрийн жинхэнэ зүтгэлтэн. Хүний эрх ашиг, монгол төрийнхөө төлөө гэсэн замаасаа өчүүхэн ч хазайж үзээгүй, биднийг бага байхаас тэр замаар л хүмүүжүүлж, өсгөсөн. Өөрсдийнхөө хувийн эрх ашгийг дээдлээд явж байгаа хүн байхгүй дээ. Ийм хүмүүжлээр л хүмүүжүүлсэн. Аав минь зөөлнөө хүрвэл зөөлөн хүн. Гэхдээ амьдралын чухал үед тэр бүр зөөлөн хандаад байдаггүй . Миний ээж их сайхан хүн байлаа. Биднийг нэлээд шударга, хатуу замаар л хүмүүжүүлсэн, зарчимч хүн байсан. Даанч эрт өнгөрсөн дөө. Манай ээж сэтгүүлч, бас зохиол бичдэг байсан. Ээжийн бичсэн шүлэг, өгүүллэгийн ном бий л дээ. Спортлог, цанаар сайн гулгадаг байсан.
-Танай гэр бүлийн хүний тухай сонирхохгүй өнгөрч болохгүй байх. Гэр бүлээ танилцуулаач?
-Манай гэр бүлийн хүнийг Цоодолын Лхагвадулам гэдэг. Бид хоёр охин, нэг хүүтэй. Хань маань Мебель хавтангийн технологич мэргэжилтэй.
-Хүүхдүүд нь хаана, ямар сургуульд сурч байна вэ?
-Том охин маань МУИС-д сэтгэл судлалын чиглэлээр суралцаж байна. Хүү мөн сургуулийн Эдийн засгийн сургуульд сурч байна. Бага охин Орос III сургуулийн нэгдүгээр анги.
Эх сурвалж: https://itoim.mn/article/%D1%85%D2%AF%D0%B4%D1%8D%D1%80-%D1%8F%D0%BD-%D0%B0%D0%B0%D0%B2-%D0%B7%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%B3%D3%A9%D3%A9-%D3%A9%D0%B3%D0%B4%D0%B3%D3%A9%D3%A9%D1%81-%D0%B1%D0%B8%D1%88-%D0%B0%D0%BB%D0%B1%D0%B0%D0%BD-%D1%82%D1%83%D1%88%D0%B0%D0%B0%D0%BB/3935?6f1e5a9e2396dd84032ae96416f71438




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com