У.Хүрэлсүх: Мод тарих бол шинжлэх ухаан юм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Ойн салбарын үндэсний чуулган боллоо. Чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ:
Тэрбээр "Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь манай ард түмний экологийн боловсрол, ахуйн соёл, төлөвшлийг шинэ шатанд гаргана гэж би бодож байна гээд “Тэрбум мод тарих ажлын хүрээнд бид 1000 сургагч багш бэлтгэх зорилт дэвшүүлсэн. Мод тарьж ургуулах, хамгаалах ажлыг мэргэжил, аргазүйн хувьд заах 1000 сургагч багшийг ойрын хугацаанд бэлтгэнэ. Мод, ургамлыг хайрлаж өссөн хүн улс орноо хайрлах зөв сэтгэлтэй иргэн болж төлөвшинө гэдэгт би итгэлтэй байна” хэмээн онцлов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллаж байна. Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ тэрбээр Монгол Улсын хойд хил дээр ажиллаж, Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар анги, 0258 дугаар хүчжүүлсэн салбарын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
Мөн Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан нөхцөл байдалтай танилцаж, орон нутгийн цаатан иргэдтэй уулзаж байгаа юм.
УЛСЫН ИХ ХУРАЛ
2022 оны мөнгөний бодлогыг баталж, Монголбакны удирдлагад хариуцлага тооцох сануулга ирэв
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар 2022 онд Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг хэлэлцэж баталсан. Нэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хаан банкны хувьцаа эзэмшигчэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй олон асуудал гарах боллоо. Монголбанкинд УИХ-ын гишүүдэд энэ талаар мэдээлэл хүргүүлэхийг даалгаж байна. Монголбанк банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд Хаан банкны асуудлыг эцэслэн шалгаж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шалгуулж, нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй.
... Ингэж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцно. Өөрсдөө хууль зөрчсөн бол өргөдлөө өгөөрэй" гэсэн сануулгыг өглөө.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томиллоо
УИХ-ын чуулганы Пүрэв нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж нэр дэвшигчдийг дэмжлээ.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нар шалгарсан бөгөөд УИХ-аар томилох асуудлыг хэлэлцэж, дээрх нэр дэвшигчдийг Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр сонгох саналыг гишүүдийн олонх дэмжин эцэслэн томиллоо
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдийн томилгоо түр хойшлов
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд зургаан хүн нэр дэвшээд байсан. Тэднээс тавыг нь сонгох учиртай тул байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар Д.Зүмбэрэллхамыг хассан. Ингэснээр Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав,Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нар нэр дэвшээд байна. Тэдний томилгоог ирэх долоо хоногийн Пүрэв гаригт хэлэлцэхээр болов.
Ажилгүйдлийн түвшин 2021 оны хоёрдугаар улиралд 8.4 хувь байна
УИХ-ын чуулганы Баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хурлдаанаар “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Харин үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох байсан ч Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэв.
Чуулганы хуралдаанд ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн өгсөн мэдээллээс харвал Монгол Улсад 15 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны 2 сая нэг зуун 24 мянган хүн байгаагийн нэг сая нь ажиллах хүч, 910 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажилгүйдлийн түвшин 2021 оны нэгдүгээр улиралд 8.8 хувь, хоёрдугаар улиралд 8.4 хувь болжээ.
ЗАСГИЙН ГАЗАР
Л.Оюун-Эрдэнэ: Ойн судалгаа, хөгжлийн агентлагийг байгуулна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагт “Ойн салбарын үндэсний чуулган”-д оролцож үг хэллээ. Тэрбээр Ерөнхий сайд “Монгол Улсын Төрийн тэргүүн “Тэрбумаар тоологдох мод ургуулах” санаачилгыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын индрээс тунхаглан зарласан нь зөвхөн эх орныхоо цөлжилт, газрын доройтол, ой мод, ойн сан, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын нөлөөллийг бууруулж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний үйлсэд Монголчууд та бидний оруулж хувь нэмэр, чухал үйлсийн тод илэрхийлэл юм” гэдгийг дурдлаа. Мөн Ерөнхий сайд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах Ойн судалгаа, хөгжлийн агентлагийг байгуулахаар шийдвэрлэсэн. гэв
Ерөнхий сайд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аймаг, Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай нэгдсэн уулзалт хийлээ.
Уулзалтаар нэмэлт тунг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах, ажлын шалгуур үзүүлэлтүүдээ хэрэгжүүлэх, эдийн засгийн шийдэл, зорилгоо тодорхойлсон алсын хараагаа гаргах, сахилга хариуцлагаа дээшлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон юм.
2022 оны нэгдүгээр сараас Ерөнхий сайд Засаг дарга нарт хуулийн дагуу хариуцлага тооцдог болж байгаа. Миний хувьд хариуцлага тооцоод явна шүү. Өнгөрсөн хугацаанд үүрэг даалгавар биелүүлээгүй 32 хүн ажлаас халагдсан. Засгийн газар шийдвэр гаргаад биелүүлж чадаагүй бол шууд ажлаа өгөх ёстой. Би хэнийг ч хэлмэгдүүлэхгүй” гэлээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНААС ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮД
Төрийн албан хаагчдаас бусад нь шинэ жил тэмдэглэж болно
Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдааныг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулав. Засгийн газраас гаргасан шийдвэрүүд:
-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Халдварын тохиолдол сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд эрчимтэй буурч байна.
Төрийн албан хаагчаас бусад нь цомхон хүрээнд шинэ жил тэмдэглэж болно. Хамгийн гол нь бүүстэр тунг 50 хувьд хүргэх ёстой.
Мөн хуралдаанаар Нийслэлийн амаржих газруудыг Эрүүл мэндийн сайдын мэдэлд шилжүүлсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Амаржих газрууд ЭМЯ-ны харьяанд шилжих тушаал гарлаа. Аливаа улс орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх хүүхдийн тусламж үйлчилгээгээр хэмждэг. Яам бодлогоо барьж буй учраас харъяандаа байсан нь илүү оновчтой” гэлээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг БНХАУ-тай тохирсон
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин: БНХАУ болон Монгол Улс хоёрын хооронд төмөр замын огтлолцлын цэгийг нотоор солилцуулах асуудлыг шийдвэрлэлээ.
Ингэснээр манай талаас өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр тавьсан санал буюу Ганцмод-Гашуунсухайт буюу хилийн аль цэг дээр хоёр талын огтлолцлын цэг байхыг хоёр улсын Засгийн газар нотоор солилцож, баталгаажуулна.
Нэг үгээр хоёр улс Засгийн газрын түвшинд хаана огтлолцлын цэг байхыг тохирсон. Одоо хоёр талын компаниуд хэрхэн зохион байгуулах тал дээр харилцан тохиролцож, ажил хэргээ явуулна гэсэн үг юм.
Нүүрсний экспорт эргэн сэргэж байна
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрөгч өдрүүдэд хилийн боомтуудад ажиллаа. Тус боомт дээрх нүүрс тээврийн асуудал харьцангуй сайн эмх цэгцдээ орсон байна. Үүний үр дүнд сүүлийн 3-4 хоног Гашуунсухайт боомтоор тогтмол 400-500 тээврийн хэрэгслээр нүүрс экспортолсон. Өнөөдөр 600 орчим тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэн гаргажээ.
Цаашдаа улам тогтворжиж, сайн үр дүн өгснөөр тээврийн хэрэгслүүдийн тоог аажмаар шат дараатай нэмэх боломж бүрдэнэ.
Дотоодод 11.5 саяыг нь эдийн засгийн эргэлтэд оруулна
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Нийтдээ энэ жил 16.7 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэсэн тооцоо гаргасан. Үүнээс 5.2 саяыг дотоодод 11.5 саяыг нь эдийн засгийн эргэлтэд оруулна. Нийслэлтэй хамтарч махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах, 31 байршлыг бэлэн болгосон. Арваннэгдүгээр сарын 20-ноос хойш нэг сарын хугацаанд Төв цэнгэлдэхэд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.
НАМ,БҮЛЭГ
МАН: Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг дэмжихгүй
Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж мэдээлэл хийв.
МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд оролцож мэдээлэл хийжээ. Энэ тухайд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: “2022 оны төсвийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд гурван чиглэлийн мэдээлэл хийсэн.
Нэгдүгээрт, эдийн засгаа сэргээх, хоёрдугаарт, хүний эрхийг хангах чиглэлд УИХ, Засгийн газар тодорхой зүйлийг анхаарах, гуравдугаарт, авлигатай тэмцэх чиглэлээр УИХ, Засгийн газраас тодорхой ажлууд хийх хэрэгтэйг ярилцсан” гэв.
Мөн бүлэг Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэвч гишүүдийн олонх хэлэлцэх эсэхийг дэмжихгүй хэмээн шийдвэр гаргасан. Тиймээс тус хуулийг УИХ-аар хэлэлцэхэд МАН-ын бүлэг дэмжихгүй. Дэмжихгүй шалтгаан нь нэгэнт энэ хууль хэрэгжээд арав орчим жил болж байна. Нийгэмд хэрэгжээд үр дүнгээ өгч буй” гэв.
Д.Ганбат: Койныг зохицуулах хуулиа яаралтай батлаач ээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлынхаа дараа мэдээлэл хийв. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ярилцав.
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар мөнгөний бодлогыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой койнд зохицуулалт хэрэгтэйг бид хэлж байгаа юм. Энэ бол ард түмний мөнгө. Үүнийг хянах, зохицуулах хуулиа яаралтай батлаач ээ.
Хоёрдугаарт, Жагсаал цуглаан хийх тухай хуулийг нарийвчлан зохицуулахгүй бол энэ маягаараа даамжирвал цагдаа, иргэдийн хооронд эмх замбараагүй байдал гарах эрсдэл үүсч байна. Иймд АН-ын бүлгээс хуулийн төсөл боловсруулах, нээлттэй хэлэлцүүлэг явуулах талаар судалгаа хийж байна. Нээлттэй сонсгол хийхээр гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. гэв.
Сэтгэгдэл бичих