Манай шайвьтай хоккейн шигшээ багийнхан Ази тивийн аварга шалгаруулах “Asian challence cup-2018” тэмцээнд 10 дахь жилдээ оролцож аваргын алтан медаль хүртлээ. Уг тэмцээн 11 удаа зохион байгуулагдсан бөгөөд Монголын хоккейчид 10 удаа оролцохдоо 2013, 2014, 2015, 2016 онд хүрэл медаль хүртсэн бөгөөд 2017 онд мөнгө, 2018 онд ийнхүү алтан медаль авлаа. Монголын Хоккейн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Хоккейчид маань сайхан амжилт үзүүллээ. Ингэснээр Дэлхийн аваргад оролцох эрх нээгдэж байгаа. Харамсалтай нь, Хоккейн ордонтой байх шаардлагыг хангаж чадаагүй учраас Дэлхийн аваргад оролцохгүй байх” гэдгийг хэллээ. Мөн Хоккейн шигшээ багийн бараг тал тамирчид нь зодог тайлж, дүү нартаа халаагаа өгөхөөр болсон гэнэ. Филиппин улсад болсон тэмцээнд манай багийнхан Сингапурын багийг 5:3, Кувейтын багийг 10:1, Тайландын багийг 5:1-ээр хожиж эзэн орны багт хожигдсон байна.
Сэтгэгдэл бичих хэсэг