Өнгөрсөн долоо хоногт Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болж манай гарагийн хамгийн хүчирхэг, нөлөө бүхий эрхмүүд нэг дор цугларлаа. Тэдний нэг болох Алибаба Холдинг Группийн үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Жэк Ма Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ирсэн залуу энтрепренёруудад хандаж дараах зөвлөгөөг өгчээ.
1. Анх Алибабаг байгуулж байхдаа би мэдээж хэрэг айж, эргэлзэж байсан. Гэхдээ бид үүнийг хийхгүй юм бол өөр хэн нэгэн хийнэ гэдэгт итгэлтэй байсан. Маргаашийн эксперт гэж байхгүй, өчигдрийн эксперт л гэж бий.
2. Бизнест өрсөлдөөн, дарамт шахалтад санаа зовох ямар ч шаардлага байхгүй. Хэрэв чи дарамт шахалтаас айдаг бол бизнесмен болоод хэрэггүй… үнэ цэнийг бүтээж чадвал боломж аяндаа бий болно. Дэлхийгээр дүүрэн санаа зовнил, шийдвэрлэгдээгүй асуудал байна шүү дээ. Энэ бол том боломж.
3. Анхны ажил хамгийн чухал. Тиймээс нэр хүндтэй компанийг хайхын оронд чамд хэрхэн хүн байхыг, аливааг хэрхэн зөв хийхийг зааж чадах удирдлагыг олоод тэндээ тогтвортой ажилла. Дор хаяж гурван жил ажиллана гэсэн амлалтыг өөртөө өг.
4. Бид хэрхэн хүүхдүүдэд бүтээлчийг байхыг, роботуудын хийж чадахгүй зүйлсийг хийхийг зааж сургах вэ? Роботуудад чип карт бий. Харин хүмүүс бидэнд зүрх сэтгэл бий… Боловсрол энэ чиглэлийн дагуу л явах учиртай.
5. Жэк Маг юу бүтэн шөнөжин сэрүүн байлгадаг гэж бодож байна? Үнэндээ, юу ч биш! Сайн унтаж амрахгүй юм бол асуудал байсаар л байна. Хэрэв би унтаж амарвал тэдгээр асуудлыг шийдвэрлэх боломж илүү нэмэгдэнэ.
6. Ухаалаг хүмүүсийг удирдахыг хүсэж байвал соёл, үнэлгээний системийг ашигла. Тэд хийж буй зүйлдээ л итгэдэг. Хэрэв чи хууль, дүрэм журам, бичиг цаас ашиглахыг хүсэж байвал энэ чинь тэнэг хүмүүсийг л хянах арга.
7. Би шинээр хүмүүс ажилд авахдаа надаас ухаантай, магадгүй 4,5 жилийн дараа миний дарга ч байж чадах хүмүүсийг сонгодог. Би эерэг сэтгэлгээтэй, хэзээ ч бууж өгдөггүй хүмүүст дуртай.
Сэтгэгдэл бичих хэсэг