УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын орон нутагт хийж байгаа уулзалтуудыг бусниулахыг оролджээ
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Хөвсгөл зэрэг төвийн болон хангайн бүсийн аймгууд мөн нийслэлийн Чингэлтэй, Багахангай дүүрэгт ажиллаж, иргэдтэй уулзлаа.
Монгол орны дөрвөн зүг, найман зовхист зочлон очиж, зон олонтой уулзсаар яваа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарыг ард иргэд халуун дотно, талархал дүүрнээр хүлээн авсаар байгаа юм. Очсон газар, орон нутаг бүрт замбараагүй олгосон уул уурхайн лицензийг эсэргүүцэж буйгаа иргэд илэрхийлж байлаа. “Ардчилал хөгжөөд 30 жил болоход газар доорхи баялаг хэдхэн хүний мэдэлд шилжиж, хүн ам баян, ядуугийн туйлд хуваагдлаа. Байгалийн баялгийг зохисгүй, хүртээмжгүй хэрэглэж, газар шороогоо сүйтгэж, хүн, малынхаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Үндсэн хуульд заагдсан эрхээ эдэлж, Монгол хүн бүр баялгийнхаа эзэн нь байя” гэдгийг иргэд ярьж байлаа.
Л.Болд, Ж.Батзандан нар Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, түүнээс хэрхэн гарах талаар иргэдтэйгээ санал солилцохын зэрэгцээ шинээр үүсгэн байгуулж буй улс төрийн намынхаа талаар мэдээлэл өгч яваа. Тэднийг орон нутагт очих үед уулзалтын цаг, газрыг санаатайгаар будлиулах, гүтгэлэг тараах, өөр уулзалтууд давхцуулан зохион байгуулах, “уулзалтад нь очвол намаас хөөнө, араа даагаарай, ажлаас нь хална” гэх мэтчилэн иргэдийг дарамтлах зэрэг бусниулах ажиллагаа явуулж буйг иргэд анхааруулж байв. Мөн иргэд ШИНЭ намын үйл ажиллагаа, бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлсээр байна.
Нийт 14 аймаг, 7 дүүрэгт ажиллаад буй хоёр гишүүн уулзалт бүрийн дараа орон нутгийн иргэдийг төрийн ордонд урьж, бүс нутгийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Өнгөрөгч долоо хоногт “Говийн бүсийн хөгжил ба тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг хийсэн бол ирэх долоо хоногийн лхагва гаригт буюу тавдугаар сарын 08-нд “Хангайн бүсийн хөгжил, тулгамдсан асуудлууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна.
Сэтгэгдэл бичих хэсэг