Хатуу түлшний хэрэглээ тал хувиар буурахаар утаа тэр хэмжээгээр буурах нь бодитой зүйл
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, химийн ухааны доктор Ж.Дугаржавтай Улаанбаатар хотын агаарын бохирдол болон шахмал түлшний талаар ярицлаа.
-Та түлш судлаач, тэр дундаа нүүрсний чиглэлээр ажиллаж байгаа хүн юм байна. Тиймээс тантай Улаанбаатарын гэр хорооллынхон ирэх жилээс хэрэглэж эхлэх гэж байгаа шахмал түлшний талаар ярилцах гэсэн юм.
-Шахмал түлшний асуудал бүр өнгөрсөн зууны сүүлчээс буюу 1990-ээд оны эхнээс л яригдаж байсан. Гэхдээ өнөөг хүртэл хийж хэрэглэж чадаагүй. Шахмал түлш өөрөө харьцангуй нарийн технологи шаарддаг. Мөн үнэ өртөг гэж бий. Санхүү болон мэргэжил мэдлэг, технологи түүнчлэн төр засгийн бодлого дутсанаас одоог хүртэл яриа төдий явж ирсэн байдаг.
Утаагүй буюу сайжруулсан түлш хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулах харьцангуй дөт замын нэг болох нь магад бөгөөд хийж чадаагүй юмаа хэрэггүй гэж болохгүйн учир өндөр технологи эзэмшиж евро стандартад тэнцэх чанартай түлш үйлдвэрлэн хэрэглэгчид нийлүүлэх нь зүйд нийцнэ.
-Шахмал түлш юунаас бүрддэг юм бэ?
-Үндсэн түлш буюу нүүрс байна. Одоо үйлдвэрлэж байгаа шахмал түлшийг Тавантолгойн нүүрсээр хийж байгаа бөгөөд энэ нь илчлэг чанараараа Налайхын нүүрснээс үндсэндээ хоёр дахин өндөр гэсэн үг. Энэ нүүрсээ шахахын тулд холбогч буюу барьцалдуулагч заавал байдаг.
-Барьцалдуулагч гэхээр юу байдаг юм бэ?
-Олон янзын барьцалдуулагч байдаг. Ургамлын гаралтай цардуул эрдэс, нефтийн битум зэрэг холбох шинж чанартай бодис байдаг.
-Эрдэнэс Тавантолгой компани шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Үүний барьцалдуулагч нь ямар бодис байдаг юм бол?
-Барьцалдуулагч бодисоо Хятадаас авч байгаа. Энэ нь ургамлын гаралтай цардуул маягийн зүйл. Үүн дээр шохой мөн орж байгаа байх.
-Шахмал түлш хэрэглэснээр ирэх жил Улаанбаатарын утааг 50 хувь буурна гэж мэдэгдэж байгаа. Энэ хэр бодитой вэ?
-Энэ бол бодитой, тооцоо судалгаанд тулгуурлаж ийм дүгнэлт хийж байгаа байх. Агаарын бохидол ийм хэмжээгээр буурах бүрэн боломж бий. Тухайлбал, эдүгээ нийслэлийн гэр хорооллын өрхүүд жилд 800 мянгаас 1,2 сая тонн түүхий нүүрс түлдэг. Гэтэл энэ хэрэгцээг одоо 600 мянган тонн шахмал түлшээр бүрэн хангана гэж байна. Эндээс харвал хэрэглэж байгаа хатуу түлшний хэмжээ нь бараг тал хувиар буурна гэсэн үг. Тэгэхээр утаа бохирдол энэ хэрээр буурна. Нэгэнт түлж байгаа түлшний хэмжээ буюу эзэлэхүүн тал шахам хувиар буурч байгаа болохоор гарах утаа ч тэр хэмжээгээр багасна гэсэн үг.
Янз бүрийн судалгааны дүнгээс үзэхэд шаталтаас гарч байгаа хордуулагч бодисын хэмжээ 30 дахин буурдаг. Түүнчлэн агаарыг бохирдуулдаг хүхрийн оксидууд гэхэд 10 дахин буурдаг гэсэн тооцоо бий.
-Нийслэлийн утааг хамгийн богино хугацаанд бууруулах наад захын ямар боломж шийдэл байж болох вэ?
-Хамгийн наад захын шийдэл бол энэ шахмал түлш. Одоогоор ийм боломж л байна. Ингэснээр утааг ямар ч байсан 50 хувь бууруулах боломжтой. Энэ бол эхний алхам. Цаашид улам сайжруулах, төгөлдөржүүлэх шийдлүүд байж болно. Түүнчлэн халаалтын бусад шийдлүүд бас бий. Цахилгаан халаалт, хийн түлш гэхчлэн.
-Хийн түлш гэж ярих хүн олон байх юм...
-Хий гэдэг бол хийн төлөвт оруулсан органик бодис шүү дээ. Хийн түлшийг зарим хүмүүс амархан мэт ярьдаг. Энэ тийм биш. Наад зах нь гэр хорооллын айл бүр рүү орсон шугам хоолой хэрэгтэй. Дэд бүтцийн асуудал нь өртөг зардал их шаардана. Үүний тулд наанадаж 10 жил шаардагдана.
-Манай шинжлэх ухааны байгууллагуудаас Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад яг ямар шийдлийг санал болгодог вэ?
-Шинжлэх ухааны байгууллагаас судлагаа дүгнэлт хийсний үндсэн дээр үндсэн гурван чиглэлээр санал зөвлөмжөө хүргүүлсэн байгаа. Нэгдүгээрт түлшний чанарыг сайжруулах, хоёрдугаарт цахилгаан эрчим хүчийг ашиглах боломж болон зуухны төгс шийдэл, гуравдугаарт дулаалга, дулаалгын материал талаар тодорхой саналуудыг тавьдаг.
Сэтгэгдэл бичих хэсэг