Шуурхай мэдээ:


Х.Балжинням: Алим жимс бөнжийсөн талбайдаа ач зээ нараа дагуулаад алхаж явах нь амьдын нэгэн жаргал

2-р сарын 20 - 15 цаг 53 минут

Х.Балжинням: Алим жимс бөнжийсөн талбайдаа ач зээ нараа дагуулаад алхаж явах нь амьдын нэгэн жаргал

-Монголчууд алимныхаа хэрэгцээг хангах боломжтой, гэхдээ энэ нь урт хугацааны ажил-

Х.Балжинням: Алим жимс бөнжийсөн талбайдаа ач зээ нараа дагуулаад алхаж явах нь амьдын нэгэн жаргал

Ховд аймгийн Булган сум манай орны хамгийн зах хязгаар нутгийн нэг. Минжит Булганы жимсний аж ахуй гэж дээр үеэс яригддаг байсан бөгөөд зах зээлд шилжих үед энэ салбараа авч үлдсэн цөөхөн газрын нэг юм.  Булганд жимсний аж ахуй, тэр дундаа торниун /манайхны том алим хэмээн нэрлэдэг/ алимыг  нутагшуулж тарьж ургуулж байгаа хэсэг хүн бий.  Энэ хүмүүс элсний нүүдэл, хайрга бүхий хөрсийг сайжруулан тордож эдүгээ мод жимсний  цэцэрлэгт хүрээлэн бүхий диваажин болгожээ.Түүнчлэн орон нутгийнхаа олон иргэнийг ажлын байраар хангаж байгаа, хүмүүсийн жимс тарих сонирхлыг нь өдөөж өгснөөрөө хот руу чиглэсэн их нүүдлийг хязгаарлаж байгаа хэмээн нутгийн удирдлагууд тодотгосон. Сайныг дагавал сарны гэрэл гэгчээр одоо тус сумын олон иргэн  жимсчдийнхээ жишгээр энэ салбар руу уруу татагдаж, жимс ногоо тариалж, адаглаад л айл бүхэн хашаандаа жимсний мод тарьж дадлага туршлагатай болж байна.

Мэргэжлийн байгууллагын гаргасан тооцоогоор  Монгол Улс зөвхан алимны импортод жилдээ 80 гаруй тэрбум төгрөг зарцуулж 20 мянган тонн алим  худалдан авдаг аж.  Тэгвэл Булганы жимсний аж ахуй эрхлэгчид эх орныхоо үржил шимтэй хөрсөнд ургасан жимсээр орон нутгаа цаашилбал эх орныхоо хэрэгцээг хангах, Монгол улсын алимны хэрэгцээг  бүрэн хангах том зорилго өвөрлөж яваа хүмүүс. Энэ хүрээнд төсөл санаачилж, уриалга гаргаад байна. Эдүгээ Булганд алим жимс тариалахын зэрэгцээ Монгол оронд нутагшсан алимны суулгац үржүүлж байгаа 4 хүн бий. Энэ суулгац эрэлт ихтэй, манай орны өнцөг булан бүрээс захиалга их ирдэг аж. Ийм суулгацыг бэлдэхийн тулд  наанадаж 5 жил зарцуулдаг гэдгээ тодотгосон. Бид “Алим” хөтөлбөрийг санаачлагч, “Булган голын алим” ХХК-ийн захирал, сумын Жимсчдийн холбооны тэргүүн Х.Балжиннямтай ярилцлаа.

-Ярилцлагын эхэнд Та өөрийгөө танилцуулна уу.

-Би 1960 онд төрсөн. Эцгийн нэр Хумжаа. Өөрийн нэр Балжинням. Авто тээврийн инженер эдийн засагч мэргэжилтэй. 2011 оноос алим жимс тариалах ажилд эргэлт буцалтгүй орсон. 8 дахь жилдээ энэ чиглэлээр ажиллаж байна. 2016 онд “Булган голын алим” ХХК байгуулан захирлаар нь ажиллаж байна. Манай компани нь алимны төрлийн мод үржүүлэг, тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ямар нэгэн дэмжлэг олж чадаагүй бор зүрхээрээ явж байгаа учир үржүүлсэн модныхоо нэг хэсгийг худалдаалж, нэг хэсгийг тариалж, үйлдвэрлэлээ өргөтгөх бодлого барьж ажиллаж байна.

Би өөрөө Ховд аймгийн Булган суманд “Жимсчдийн холбоо”-ны тэргүүнээр ажилладаг бөгөөд Монгол орон даяар алим жимс тариалах, дэлгэрүүлэх, цаашдаа Монгол орныг алим жимсээр хангах холын зорилготой ажиллаж байна.

-Минжит Булганы жимс гэж бүр өмнөх нийгмийн үед л яригддаг байсан санагдана. Ер нь ямар онцлогтой газар нутаг вэ?

-Ховд аймгийн Булган сум Алтайн өвөр говьд оршдог. Булган голын хөндий нь алим, жимс жимсгэнэ тариалах хөрсний физик, химийн шинж чанар тохирсон, усны хангамж сайтай,  жилд үргэлжлэх нартай өдрийн тоо харьцангуй олон, далайн түвшнээс дээш 1160 орчим метрт оршдог. Социализмын үед Монгол орон даяар алим тарьж нутагшуулах чиглэлээр ажилласан олон арван газраас бараг ганцаараа үлдсэн бүс нутаг юм. Тухайн үед Жимс ой турших станц нэртэйгээр 1959 онд байгуулагдаж, Шаамарын жимс ногооны аж ахуйгаас алим жимсний олон төрлийн суулгац авч ирж, эрдэм шинжилгээний ажил хийн тариалсан нь эдүгээ 60 жил нутагшин ургаж байна. Үүнд тухайн үеийн ЗСБНХУ-аас авч ирж нутагшуулсан торниун алимны 8 сорт, бэсрэг алимны 5 сорт, давжаа алимны 18 сорт бий. Булган суманд алим, жимс жимсгэний чиглэлээр үйл ажиллагаагаа дагнасан 10-аад ААН, иргэн бий.

Ховд Минжит Булган

 -Төрийн байгууллагад удирдах ажил хийж байсан инженер эдийн засагч мэргэжилтэй хүн яаж яваад газар тариалан, тэр дундаа алим тарихаар сэтгэл шуудардаг билээ?

-Миний аав Булган сумын анхны ногоочдын нэг. Хүүхэд нас маань аавын ногооны талбай дээр өнгөрсөн болохоор бүр багаасаа л газартай харьцаж ирсэн нь энэ салбар руу ороход түлхэц болсон. Нөгөө талаар Увс аймгийн “Чацаргана хөтөлбөр”-тэй 2010 онд очиж танилцсан нь орон нутгийн онцлог, давуу талыг ашиглан хөгжиж болохыг харж мэдэрч авсан. Ингээд өөрийн сумын давуу байдлыг ашиглан алим тариалж, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, хот чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зогсоож болох юм байна гэсэн үүднээс “Алим” хөтөлбөр, төсөл боловсруулан УИХ, Засгийн газар, аймаг орон нутгаар  хөөцөлдөн ажиллаж байна. Өөрөө ч алим жимсний эдийн засгийн үр өгөөжийг тооцож үзсэнээр  төрийн ажлаа орхин, алим тариалах, үржүүлэх, шинээр сорт гаргах, БНХАУ-ын шилдэг сортын алим нутагшуулах чиглэлээр дагнан ажиллаж байна.

-Монгол улс алимны хэрэгцээгээ өөрсдөө хангах боломжтой юу? Боломжтой бол хэдий хэрийн газар, хүн хүч хэрэгтэй вэ?

-Боломжтой, гэхдээ урт хугацааны ажил бөгөөд монголчууд бид өөрсдөө хийх л хэрэгтэй. Бид гадаадаас алимны суулгац авч ирж тариалаад, богино хугацааны дотор алимтай болох боломж байхгүй. Учир нь тэдгээр суулгац нутагших эсэх нь бүрхэг. Бид ч ОХУ, БНХАУ-аас олон мянган суулгац авч ирж тариалсан боловч үр дүн гараагүй. Иймээс эхний ээлжинд монгол оронд нутагшсан, эрдэм шиншилгээний ажил хийгдсэн  алимныхаа модыг үржүүлж тариалвал үр дүнтэй нь харагдсан. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар хүн өдөрт 96 гр, жилд 35 кг  алим жимс жимсгэнэ хэрэглэвэл зохимжтойг дурдсан байдаг. Тэгвэл дунджаар нэг алимны модноос 35 кг алим хураана гэж тооцвол 3 сая модыг 5000 га газарт тарих шаардлагатай болно. 1 га-д 3 хүн ажиллана гэвэл 15000 мэргэжилтэй ажилтан хэрэгтэй. 5000 га газар гэдэг нь 10 км урт, 5 км өргөн газар гэсэн үг бөгөөд Ховд аймгийн алим тариалах боломжтой 10 сумаас энэ газар олдоно. Ийм ажлыг төр засаг анхаарч дэмжлэг өгч чадвал ойрын 20 жилд хийчих ажил юм.

 

-Монголд ургасан алим амт шимт тэжээллэг чанараараа хэр байна вэ?

-Ховд аймгийн Булган сумын алим амт чанараараа хэзээнээс алдартай. Бид багадаа дөрөв тавхан ширхэгийг идчихээд хөөсөөр бөөлжиж байсан удаатай. Булган сумын 10 жилийн сургуулийн багш Хүрлээгийн Бадамсид сургуулийнхаа туршлагын талбайд хүүхдүүдийн хүчээр 18 га газарт алим, жимс жимсгэнэ, төмс хүнсний ногоо  тариалаад Улаанбаатар хотод үзэсгэлэн гаргасныг тухайн үеийн Хүүхдийн төлөө фондын дарга Цэдэнбал Филатова ирж сонирхон 1 кг улаан Мерьлба сортын алим худалдан авсан байдаг. Удалгүй туслах нь гүйн ирж, үлдэгдэл 36 кг алимыг бүгдийг нь худалдан авсан түүх бий. Иймээс бид “Филатовагийн таалсан улаан хацарт” хэмээн өхөөрдөн нэрлэдэг юм. Х.Бадамсид  багш маань хийсэн бүтээсэн ажлаараа “Гавьяат багш” , “Ардын багш” цол хэргэмийг хүртсэн билээ.  Харин Улаанбаатар хотын гудамжинд “Ховдын Булганы алим аваарай” гэж хашгирч байгаа нөхдөөс болгоомжлох хэрэгтэй бөгөөд манай сумын алим хотод орох хэмжээнд хүрээгүйг иргэддээ анхааруулья.

-Та одоо хэдэн сортын торниун алим тариалж хэдий хэмжээний жимс авч байна вэ?

-Манай сумын 10-аад жимсчид 20 гаруй га газарт алим жимс тариалж, 50 орчим тн жимс жимсгэнэ хурааж, сумынхаа хэрэгцээний  багахан хэсгийг хангаж байгаа нь цаашид Монгол оронд асар том зах зээл байгааг харуулж байна.  Торниун алим гэхэд зун, намар, өвлийн 8 сорт байгаа бөгөөд суманд ердөө 1 га орчим талбайд ургаж  байна.

-Алимны мод Монголд хэр нутагшиж байгаа вэ. Ер нь алим тарих хүсэлтэй бүхэн тариалах боломжтой юу?

-Бид эхний ээлжинд нутагшсан алимны модоо мөчрийн болон нахианы залгалт хийж үржүүлж байгаа бөгөөд БНХАУ-аас 5, ОХУ-аас 2 сорт нутагшуулах тал дээр ажиллаж байгаа ч  эцсийн үр дүн хараахан гараагүй байна. Харин шинэ сорт гаргана гэвэл дор хаяж 8 жил зарцуулдаг юм шүү дээ.

Алим тариалья гэж зорьсон хүн бол урт хугацааны ажил болохоор эхлээд сэтгэл санаагаа бэлтгэх нь зүйтэй. Зүрх сэтгэлээ зөвхөн түүнд зориулах ёстой. Ном олж унш, анхны мэдэгдэхүүнтэй бол, уйгагүй хөдөлмөрлөж чадвал хэн ч гэсэн хийх л ажил.

Манай нийлүүлж буй модыг сайн арчилж тордоод ургуулахад 2-3 жилийн дараа жимсээ /алим/ өгнө. Ингээд 8-10 нас хүрэхээрээ нас гүйцэж байгаа нь тэр бөгөөд ийм модноос жилд 50-60 кг алим хураан авах нь ч бий.

Алим жимс нь бөнжийгөөд, ач зээ нараа дагуулаад талбай дотроо алхаж явах нь амьдын нэгэн жаргал юм шүү дээ. Хөлсөө дуслуулж, өөрийн гараар ургуулсан бүхэн амттай байдаг даа.

-Алимны нэг модноос хэдэн жилийн турш хэчнээн хэмжээний ургац авах боломжтой вэ?

-Эрдэмтдийн тогтоосноор дунджаар 70 жил ургаж, ургацаа өгнө гэж бичсэн байдаг. Энэ хугацаанд залуужуулах, танах тайралтуудыг заавал хийж явна. Нас гүйцсэн модноос дунджаар 35 кг алим хураах бөгөөд Монголд бүртгэгдсэн дээд амжилтууд олон бий. Жишээлбэл: Шаамарт 10 настай Папировка сортын торниун алимны модноос 65.8 кг, Халхын голд Славянка сортын 10 настай модноос 190 кг, Ховдын Булганд Грушовка Московская сортын торниун алимны модноос 56.9 кг хурааж байсан түүх бий.

Булган голын алим

 -Алим ер нь хадгалалт хэр даадаг жимс вэ?

-Алимныхаа онцлогоос шалтгаалан 7 хоногоос 3 сар  хүртэл хугацаанд хадгалах боломжтой. Тээвэрлэлт сайн даах сортууд ч бий. Давжаа алимыг  хураагаад компот, варень, нөөш хийх бүрэн боломжтой. Тухайлбал, Антановка, Славянка зэрэг өвлийн сортын алимыг хураахад ногооноороо байх ба цаасанд боож, үртсэнд 3 сар хадгалаад, шар өнгөтэй сайхан амттай болгоод хүнсэнд хэрэглэдэг.

-Одоо Минжит Булган суманд иргэд аль хэр алим тариалж байна вэ?

-Алим тариалах ажил урт хугацааны ажил бөгөөд дээр нь төр засаг анхаарахгүй байгаагаас энэ бизнес рүү орох иргэд цөөн байна. Иймээс эрэлт хэрэгцээ их байгаа ч өчүүхэн хэсгийг нь  хангаж байна. Манай суманд гэхэд С.Бааст, Б.Төмөрбаатар, С.Ариунбаатар, М.Ядамсүрэн, Б.Мөнхтулга зэрэг 10-аад айл өрх ААН  алим тариалж байна. Сум орны удирдлагуудад хэлж ойлгуулснаар 2017 оноос жил бүр 50 өрхөд таван алимны мод  хашаандаа тарих хөдөлгөөн өрнүүлж, орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгийг нь гарган ажиллаж байна. Тодорхой хугацааны дараа Булган сумын өрх бүхэн алимны модтой, тэндээсээ хэрэгцээт алимаа хураадаг болно оо.

-Та саяхан уриалга гаргасан байсан энэ талаараа тодруулахгүй юу?  

-Бид өөрийн эх орондоо эрх тааваараа хөдөлмөрлөж, ажиллаж амьдрах хувь заяатай хүмүүс. Төр засгаас баялгийн тэгш хуваарилалт хийж, ажлын байр нэмэгдүүлж, ажиллах амьдрах боломжийг нь хангаад өгвөл юун тэр Солонгос молонгос явж ажиллах, харин ч бид гаднаас ажиллах хүч авч ажиллах байх. Ер нь Монгол орноо хөгжүүлэх олон боломж нь бий гэж би боддог.

Иймээс ч бүс нутгийн онцлогоор Монголоо хөгжүүлэх санал санаачлагыг гаргаж, “Алим” хөтөлбөр, төсөл боловсруулан Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хандсан. Мөрийн хөтөлбөрт нь дэмжихээр  тусгагдсан боловч 2016 онд Ардчилсан нам ялагдчихсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хандсан боловч удалгүй уначихсан. Төр засгийн тогтворгүй байдал хүртэл бидэнд ингэж нөлөөлөх юм. УИХ-ын гишүүндээ хандсан нь нааштай хариу өгсөн. Цаг хугацаа бүхнийг харуулах биз ээ.

Тодорхой хугацааны дараа 100 алимны модноос жилдээ наанадаж 3.5 тн алим буюу 28 сая төгрөг олох боломж бүрдэнэ. Ийм байдлаар энэ 100 модноосоо 70 жил ашиг хүртэнэ гээд бодоорой.

Уг уриалгыг 2014 онд гаргаж, төвийн болон аймаг орон нутгийн хэвлэл мэдээллээр цацсан. Хамгийн гол нь иргэд нэг нэгийгээ дууриаж бизнес хийх биш цоо шинэ хэрэгцээтэй бизнес рүү хөл тавиасай гэсэн үүднээс энэхүү төсөл хөтөлбөрийг гаргасан юм. Олон хүн ч холбогдон санал солилцсон.

-Энэ хөтөлбөрийн гол санаа юу билээ?

-Гол санаа нь эх орны экологийн цэвэр алим жимсээр монголчуудынхаа хэрэглээг хангах тухай л юм. Өрхийн хэмжээнд гэвэл хамгийн багадаа 100 мод тарьцгаая, хөрөнгийг нь янз бүрийн аргаар босгоё гэсэн санаа л даа. Жишээлбэл,100 алимны модны үнэ  3 сая төгрөг. Цалингаасаа хуримтлал үүсгэж болно. Малтай бол 6 үхэр худалдахад олох мөнгө. Төрийн албан хаагч гавъяандаа гарахад тэтгэмжийнхээ нэгээхэн хэсгээс зарцуулах мөнгө. Сум хөгжүүлэх сан, ЖДҮ-ийн сангаас хөөцөлдөж хөнгөлттэй зээлээр  хөрөнгө олж амжуулж болох ажил юм.

Тодорхой хугацааны дараа 100 алимны модноос жилдээ наанадаж 3.5 тн алим буюу 28 сая төгрөг олох боломж бүрдэнэ. Ийм байдлаар энэ 100 модноосоо 70 жил ашиг хүртэнэ гээд бодоорой. Үр шимийг нь хүртээд ирэхээрээ нэг өрх цаашид бизнесээ өргөжүүлж, олон мод  нэмж тарих боломж бүрдэнэ. Харин Аж ахуйн нэгжийн тухайд дор хаяж 50 га, 100 га-гаар тооцож ажлаа төлөвлөх хэрэгтэй гэж би зөвлөдөг юм.  100 га газарт алим тариалвал жилдээ 15-17.5 тэрбум төгрөгийн орлоготой ажиллах боломжтой.

Эцэст нь  хэлэхэд бид гадаадын ямар хөрсөнд ургасан, ямар бордоогоор бордсон, яаж хадгалсан зэргийг мэдэхгүйгээр жилдээ 100 орчим тэрбум төгрөгийн алим жимс импортолж хэрэглэж байна. Ийм хэмжээний хөрөнгөөр гадаадын жимсний аж ахуйг дэмжсээр байна. Иймээс  бид өөрийн онгон зэлүүд хөрсөн дээр ургасан,  хонь ямааныхаа бууцаар бордсон, экологийн цэвэр бүтээгдэхүүнээ хэрэглэх нь хамгаас чухал болоод байна.

-Та бүхэн Монголын цаг агаарт дасч зохицсон суулгац бэлддэг гэлээ. Танайхаас суулгац авлаа гэхэд хэдэн жил болоод жимсээ өгч эхлэх вэ?

-Алимны модыг үрээр үржүүлдэггүй. Харин Өрөл гээд Монгол газарт ургадаг жимсний мод бий. Энэ өрөлний 3 настай модон дээр алимны  модны мөчир, нахиаг залгаж дахин 2 жил бойжуулсны дараа талбайд суулгадаг. Тэгэхээр нийтдээ 5 жил ургуулж бэлдсэн суулгацыг зах зээлд нийлүүлж байна гэсэн үг.  Манай нийлүүлж буй модыг сайн арчилж тордоод ургуулахад 2-3 жилийн дараа жимсээ /алим/ өгнө. Ингээд 8-10 нас хүрэхээрээ нас гүйцэж байгаа нь тэр бөгөөд  ийм модноос жилд 50-60 кг алим хураан авах нь ч бий. Тэгээд ойролцоогоор 70 жил үр жимсээ өгнө гээд тооцоод үзэх хэрэгтэй.  

-Танай сумын жимсчид жилд алимны хэчнээн суулгац бэлтгэдэг вэ? Эрэлт хэр байх юм?

-Манай суманд алимны суулгац бэлддэг 4 хүн л бий. Жилдээ 10 мянган мод нийлүүлдэг. Монгол орны хот хөдөөгөөс маш их захиалга хүсэлт ирдэг ч тэр бүрийг хангаж чадахгүй байна. Хэрэв бидэнд төр засгийн дэмжлэг, ядахнаа тэр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл олддогсон бол ажлын байр нэмэгдүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж илүү олон суулгац нийлүүлэх боломжтой.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Жуулчин Лас-Вегас хотын казиногоос нэг сая ам.доллар хожив8 цаг 28 минутын өмнөEdu Help Олон Улсын Боловсролын Агентлагийн Нээлттэй Өдөрлөг8 цаг 35 минутын өмнөЖ. Амарсанаа: Би маш их бүтэлгүйтлийн дундаас гарч ирсэн бүтээгдэхүүн8 цаг 44 минутын өмнөНийслэл, дүүргийн удирдлага, гадаад харилцааны ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулав8 цаг 47 минутын өмнөАлбаны машины амины "зориулалтыг" халж, эхнэр хүүхдүүдийнхээ "хонины хээр" болгох ёсзүйн гажуудлаасаа хэзээ салах вэ8 цаг 49 минутын өмнөД.Цогтбаатар: Элчин сайдуудын нэрийг ээлжит бус чуулганаар оруулахаар төлөвлөж байна8 цаг 53 минутын өмнөБайнгын хороод хуралдана8 цаг 57 минутын өмнөС.Баярцогтын оффшор бүсэд нуусан их хэмжээний ам долларын эх үүсвэр хаанаас вэ ?8 цаг 59 минутын өмнөЦензургүй яриа - Mонгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцлоо.3 сар 19. 10:06Хөдөө аж ахуйн бирж Төрийн өмчит ХХК нь ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна3 сар 15. 17:17Хөдөлмөрийн хуульд орох голлох өөрчлөлтүүд3 сар 15. 17:11Батлан хамгаалахынн сайд Н.Энхболд Турк улсад айлчиллаа3 сар 15. 17:07УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалаар хоёр тал тодорхой асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрлээ3 сар 14. 15:52Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав3 сар 14. 15:32Г.Энэрэл Хүндийн өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж АНХДАГЧ боллоо3 сар 13. 16:48А.Мөнгөншагай дэрвэгэр сормууст бүсгүйчүүдээ магтан дуулжээ3 сар 13. 16:43АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзав3 сар 13. 16:31АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ: "1072 хувьцааг зарж арилжих ямар ч боломжгүй"3 сар 13. 16:21ҮСХ: Дундаж цалин 1.1 сая төгрөг болжээ3 сар 13. 16:15Засгийн газар өнөөдөр хуралдахгүй3 сар 13. 16:10УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцов3 сар 13. 16:07О.Орхон, Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарыг яллагдагчаар татах хүсэлтэд прокуророос хариу өгөөгүй байна3 сар 13. 16:03Ө.Энхтүвшин: Онцгойгийнхны байгуулсан гавъяаг төр мэдэж байгаа учраас хангалтыг сайжруулахад анхаарч ажиллана3 сар 13. 16:00Видео: "Бойнг 737" нисэх онгоц осолдохоос өмнөх хоромыг зорчигч утсандаа бичжээ3 сар 12. 16:27Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж байна3 сар 12. 16:19Чингэлтэй дүүрэгт байгуулагдсан дэд бүтцийн төвтэй танилцав3 сар 12. 16:15Монголбанкны 5 албан тушаалтан ББСБ-тай байна3 сар 12. 16:11“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж байна3 сар 12. 16:04Төрийн жишиг менежмент3 сар 12. 16:00Чуулган эхлэхэд АН бүлэггүй болсоноо мэдэгдэж, УИХ-ын даргад өргөн барина3 сар 12. 15:53
99703993, 80830505 

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019