Хятадын хөрөнгө оруулалтын “CLSA” групп жил бүр Цагаан сарын үеэр уламжлалт фенг-шүйгийн арга барилыг ашиглан тухайн жилийн улс төр, эдийн засгийн ерөнхий зураглалыг урьдчилан таамагладаг. Тэд үүнийгээ Фенг-шүй индекс гэж нэрлэдэг бөгөөд ирж буй гахай жил нь нохой жилд төрсөн хүмүүст таагүй жил болж магадгүй аж. “CLSA”-ын шинжээч Салли Чан дорнын зурхайгаар нохой жилд төрсөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг гахай жилдээ тайван байж, хянуур ажиллахыг захисан байна.
Фенг-шүй нь гал болон ус гэсэн утгатай Хятад ханз бөгөөд сайн сайхан ирээдүйн төлөө болзошгүй аюулыг урьдчилан харж, гэтэлгэх эртний арга гэж Хятад болон Азийн олон оронд орчин үеийн амьдралтай хослуулан судалдаг байна. Фенг-шүйгийн үндсэн гал болон ус гэх хоёр махбод нь үргэлж харшилдах зохицлогоотой билээ.
“CLSA”-ын үзэж буйгаар гахайн жилийн хувьд энэ харшилдаан өмнөх жилүүдээс илүү ажиглагдаж байгаа нь хөрөнгийн зах зээлийг хөл хөдөлгөөнтэй үймээнтэй жил болгоход хүргэх аж. Гэхдээ гал нь үйлдвэрлэлийг төлөөлдөг бөгөөд интернэт, технологи, харилцаа холбооны салбарт үсрэнгүй ахицууд гарах болно гэжээ. Мөн Хонг Конгийн хөрөнгийн биржид хүнд жил болж өнгөрөх боловч хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс зүрх сэтгэлээ зориулан ажиллавал алсдаа их хэмжээний ашиг авчирна гэдгийг онцолжээ.
Өнгөрсөн дөрвөн удаагийн гахай жилийн төлөв буюу 1971 оноос хойш харвал Хонг Конгийн хөрөнгийн биржийн гол индекс HangSeng (HSI) нь жилийн эцсийн байдлаар өндөр гарч байсан нь энэ гахай жилд ч давтагдах хандлага харагдаж байгаа юм.
Эх сурвалж: CNBC
Бэлтгэсэн: О.Мөнхбат
Сэтгэгдэл бичих хэсэг