Увс аймгийн тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Дулмаатай ярилцлаа.
-Шүүхийн тамгын хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн үеэ дурсаач?
-Шинэ Үндсэн хуулийн дагуу шүүхэд захиргааны байгууллага байгуулах үед буюу 1993 онд Увс аймгийн шүүхийн тамгын хэлтсийн даргаар томилогдож байсан. Шүүхийн тамгын хэлтсийн анхны дарга нарын нэг .Энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө шүүгчээр ажиллаж байсан. Тамгын хэлтэс байгуулагдах үед шүүх орон байргүй, ахуй хангамж нь бэрхшээл, санхүү төсөв, унаа машин байдаггүй маш хүн байсан. Орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр хандив тусламжаар хоёр машинтай болж байлаа. Байргүйгээс байгууллага, байгууллага дамжаад нүүж явдаг үе байлаа. Боловсон хүчний хувьд ч хүнд. Дунд боловсролтой хүмүүс шүүгч хийдэг байлаа. Захиргааны байгууллага байгуулагдсанаар байртай болсон. 13 хүн дахин сургалтад хамрагдаж дээд боловсрол эзэмшиж байлаа. Боловсон хүчин нь батажсан гэсэн үг. Шүүхийнхээ ажиллах нөхцөлийг хангах, боловсон хүчнийг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаад 2001 онд давж заалдах шатны шүүгч болсон. Шүүхийн тамгын хэлтсийн даргаар 7, шүүгчээр 19 жил ажилласан.
-Шүүхийн байгууллагад 26 жил ажилласан хүний хувьд шүүхийн захиргааны байгууллагын төлөвшил, шүүхийн хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Намайг ажиллаж байхад шүүх эдийн засгийн хувьд маш хүнд байсан. Цалингаа тавьж чадахгүй, аймгийнхаа байгууллагаас гурил гуйж түүнийгээ цалинд өгнө. Нисэх, нефть баазаас мөнгө зээлж цалингаа тавьж байсан үе олон бий. Шүүхийн захиргаа Хууль зүйн яамны харьяанд байхад шүүх засаглал гүйцэтгэх засаглалаа царайчилж байгаа нь зохимжгүй санагддаг байсан. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсанаар шүүхэд маш олон эерэг үр дүн гарсан. Шүүхийн шинэтгэлээр шүүх эдийн засаг, технологийн хувьд маш сайн бэхэжсэн нь ажиглагддаг. Мөн иргэдэд нээлттэй ажилладаг болж. Манай аймгийн шүүхээр ороход л иргэдийг хүлээж авдаг, зөвлөгөө өгдөг үйлчилгээний хэсэг байдаг. Шүүхэд ажиллаж байгаа хүн бүр эрхзүйч мэргэжилтэй болсон. Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ шүүхийн ачааллыг багасгаж, иргэдэд ээлтэй үйлчилгээ болсон нь харагдаж байна. Шүүгчид салбар, салбараар мэргэшиж байгаа нь ч ач холбогдолтой.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл бичих хэсэг