Орхон аймгийн хүн ам өсөхийн хэрээр БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн үйл ажиллагаа зарим үед ачааллаа даахгүйд хүрээд байсан. Тэгвэл өнөөдөр шинэ хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг ашиглалтад хүлээн авах ёслолын ажиллагаа БОЭТ-д боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын дэд бүтэц, хот байгуулалт хариуцсан орлогч С.Батжаргал, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг, БОЭТ-ийн дарга Б.Батсүх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяр гэх мэт албаны хүмүүс оролцлоо.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн эмнэлэг барих ажил 2016 онд анх эхэлсэн бөгөөд 2016 оны 10 сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөх хуваарьтай байсан ч хөрөнгө санхүүжилтийн хүндрэлээс болж ажил нь зогсоод байв. Иймээс аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс Засгийн газарт асуудлыг танилцуулан 2017 оноос эхлэн орон нутаг өөрөө тус эмнэлгийн барилгын явцад хяналт тавин хариуцаж, гэрээг шинэчлэн, барилгын ажлыг үргэлжлүүлснээр ийнхүү өнөөдөр ашиглалтад орлоо.
Барилгын ажлыг нийт 4 тэрбум 200 орчим сая төгрөгийн өртөгтэйгөөр “Цомбон тоосго” ХХК гүйцэтгэсэн бөгөөд орчин үеийн хүүхдийн эмнэлгийн стандартын дагуу өвчтөн хэвтэн эмчлүүлэх 50 ортой, хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий хүчилтөрөгчийн хоолой, давхар бүртээ сувилагчийн пост, зоорийн давхартаа гал тогоо, сургалтын өрөө, дээд давхартаа техникийн хэсэг, хоёр давхартаа хүүхдийн тоглоомын өрөөтэй баригдсан байна.
Сэтгэгдэл бичих хэсэг