Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ энэ сарын 28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 29-ний өдрийн 10:09 цагт аймгийн ОБГ-т өгсөн байна.
Энэхүү дуудлагыг хүлээн авсан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 9 алба хаагч, Цагдаагийн газрын 3 алба хаагч, ар гэрийн 8 хүн, нийт 20 хүн “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас Улаанбаатар төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 50 км-т “Орхон” гол дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Эрлийн баг тухайн өдөр нэг удаагийн гүний шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон аж. Энэ сарын 30-ний өглөөнөөс эрж хайх ажиллагааг дахин үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл бичих хэсэг