Монгол HD телевизийнхэн дэлхийн хэмжээний шоуг Монголдоо нутагшуулахаар “The Voice of Mongolia” шоуг анх удаа зохион байгуулсан билээ. Дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн тус шоуны ялагч өчигдөр тодорлоо.
Шоуны ялагчаар Ука шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн тодорсон юм. Хөгжим бүжгийн коллежийн Хийл хөгжмийн ангид суралцдаг тэрбээр өнөө жил 17 настай. Шат болгонд үзэгч, шүүгчдийг алмайруулж тэдний тусламжтай тэнцсээр, финалд оролцох эрхээ авсан тэрбээр ийнхүү “The Voice of Mongolia” шоуны ялагч болж чадлаа.
Энэ шоуны ялагч болсноор "Universal Music" компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч "Монгол Контент" ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулж, Nissan Qashqai загварын автомашины эзэн болж байгаа юм.
Тэрбээр “Би өөрийгөө энэ хүртэл явна, өнөөдөр энэ тайзан дээр ингээд зогсч байна гэдэгтээ итгээгүй. Гэхдээ финалд шалгарсныхаа дараа шүүгчийнхээ бас багийнхныхаа нэрийг гаргах ёстой гэдэг хариуцлагаа улам их мэдэрсэн. Намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа” хэмээн баярын нулимс дуслуулсан юм.
Сэтгэгдэл бичих хэсэг