ЕХБХ-ны Аваргуудын лигийн тэмцээний хасагдах шатны шөвгийн наймын хариу тоглолтууд боллоо. Энэ шатанд урд шөнө Испаний "Барселона" клуб Италийн "Рома" клубын талбайд зочлон тоглолоо.
Хоёр багийн эхний тоглолт Каталончуудын талбайд буюу Кэмп Ноу цэнгэлдэхэд болоход 4-1 харьцаатайгаар хүчирхэг Барса илүүрхсэн юм. Хоёр багийн аль хожсон нь хагас шигшээд шалгарах чухал тоглолт байсан учраас энэ тоглолтыг дэлхийн өнцөг булан бүрт орших хөлбөмбөгийн фанатууд тэсэн ядан хүлээж байлаа.
Гэсэн ч тоглолт "Барселона" клубийн хувьд хар дарсан зүүд мэт болов. Энэ тоглолтонд хожих нь "Рома" клубынхэнд ус, агаар мэт хэрэгтэй байсан юм. Тэд ч биелэгдэшгүй мэт даалгавраа амжилттай давж, 3-0-ийн харьцаатайгаар хүчтэй өрсөлдөгчөө буулган авсан юм.
Тоглолт эхлээд ердөө 6 минут өнгөрч байхад талбайн эздээс 32 настай Боснийн тоглогч Эдин Жеко Барсагийн хоёр хамгаалагчийг, хаалгачтай нь хамт аргалж гоолдсноор, Ромачууд тоглолтыг эхнээсээ хошуучилж эхэлсэн.
Эхний хагаст өөр гоол нэмж ороогүй. Хоёрдугаар хагас эхлээд 12 минут өнгөрч байхад буюу тоглолтын 58 дахь минутанд нэгэнт сэргэлт авсан Рома клубээс Даниеле де Росси 11 метрийн торгуулийн цохилтоос гоолдсон. Итали залуу багтаа хэрэгтэй үед урам зоригийг авчирснаар, байдал Барсагийн хувьд улам хүндхэн болж ирсэн.
Тоглолтын сүүлийн цэгийг 82 дэх минутад Рома клубын тоглогч Костас Манолас тавьснаар, 3-0-ийн харьцаатайгаар Рома клуб талбайдаа ялалт байгуулсан байна. Барселона клуб өөрсдийн боломжуудаа алдснаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.
Учир нь хоёр тоглолтын нийлбэр дүн 4-4 болсон ч Рома клуб зочлон тоглолтод гоол оруулсан гэх давуу байдалтайгаар, Аваргуудын лигийг үргэлжлүүлэх галт тэргэндээ сууж чадлаа. Хэдийгээр боломжгүй мэт байсан ч, тэд гайхамшгийг бүтээлээ.
Рома клубийн дасгалжуулагч Э.Франческо тоглолтын өмнөх хэвлэлийн хурлын үеэр биелэгдэшгүй зүйлийг бүтээхийн төлөө чадах бүхнээ хийнэ хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэж байсандаа хүрч чадав. Ингэснээр Рома клуб 34 жилийн дараа Аваргуудын лигийн тэмцээн хагас шигшээд шалгарч байна.
Сэтгэгдэл бичих хэсэг