Филадельфи 76 багийн төвийн тоглогч Жоел Эмбийд Лхагва гарагт Нью Йорк Никс багийн эсрэг хийсэн тоглолтын үеэр зүүн нүдэндээ гэмтэл авч тоглолтыг орхисон билээ. Өчигдөр Жэфферсоны эмнэлэгт нарийн шинжилгээ хийлгэхэд зүүн нүдний ухархайн яс цуурсан гэсэн онош гарчээ. Улмаар зайлшгүй мэс засал хийлгэх шаардлагатай болсон байна.
Түүний талбайдаа эргэн ирэх хугацаа нь тодорхойгүй байгаа хэдий ч ийм төрлийн бэртэл гэмтэл эдгэхэд ихэвчлэн 2 - 4 долоо хоногийн хугацаа шаардагддаг ажээ. Тиймээс Жоел Эмбийд үлдсэн цөөхөн хэдэн улирлын тоглолтуудад оролцохгүй нь тодорхой боллоо. Цаашлаад плэйоффын эхний шатыг ч өнжиж магадгүй болоод байна.
Филадельфи 76 багийн залуу төвийн тоглогч Жоел Эмбийд 22.6 оноо, 11.0 самбараас бөмбөг авалт, 3.2 оновчтой дамжуулалт, 1.8 блок дунджилж байгаа юм. Түүний баг 44 хожил, 30 хожигдолтойгоор дорнод бүсийн 4 дүгээр байранд бичигдэж байгаа билээ.
Сэтгэгдэл бичих хэсэг