Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Майчимэгээс хоёр дахь жилдээ олгож буй "Насны хишиг"-ийн талаар болон жил бүр олгогддог одонгийн мөнгөний талаарх зарим зүйлүүдийг тодрууллаа.
-Засгийн газраас "Насны хишиг"-ийг жилд хоёр удаа олгож байгаа. Энэ жилийн эхний олголт болох мөнгө нь цагаан сарын өмнө олгогдох хуультай байгаа. 2018 оны эхний ээлжийн мөнгийг сар шинийн баяраас өмнө ахмадад олгох уу. "Насны хишиг"-ийг хэзээнээс олгож эхлэв?
-”Насны хишиг”-ээ ахмадууд маань энэ жилээс аваад сурсан байгаа байх. Өнгөрсөн жил бүртгүүлсэн иргэд энэ жил бүртгүүлэх шаардлагагүй. Таны өгсөн дансанд мөнгө тань шууд шилжээд орно. Үүн дээрээ үндэслэж аймаг, дүүргийн хэмжээнд "Насны хишиг"-ийг авах ахмад настны жагсаалтыг үүсгээд байна. Уг жагсаалтыг үндэслэн өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт санхүүжилтийг нь шилжүүлсэн. Тиймээс хүсэлтээ гаргасан иргэд энэ долоо хоногоос эхлээд "Насны хишиг"-ээ авах боломжтой болж байна. Цагаан сарын өмнө бол ахмадуудын "Насны хишиг" орно.
-Хүсэлтээ өгч, бүртгүүлээгүй ахмадуудын "Насны хишиг"-ийг хэзээ олгох вэ?
-Үндэсний их баяр наадмын өмнө гэж төлөвлөсөн. Хамгийн гол нь ахмадууд маань хүсэлтээ өгөх хэрэгтэй.
-Ингэхэд энэ онд "Насны хишиг"-ийг нийт хэчнээн ахмад авахаар болсон бэ. Түүний хэдэн хувьд нь удахгүй болох сар шинийн баяраас өмнө олгохоор болов?
-"Насны хишиг" авах ахмадын 90 гаруй хувь нь өнгөрсөн жил хүсэлтээ гаргасан байна. Бид хүсэлт гарган "Насны хишиг"-ийг авах эрхтэй, дээр нь ахмад настны жагсаалтад багтсан иргэдэд ямар ч саадгүй мөнгийг нь олгож эхэлсэн. Тэд сар шинийн баяраас өмнө авах бүрэн боломжтой.
-Зарим хүн цагаан сараас өмнө "Насны хишиг"-ээ авахгүй бол баярын дараа олгохгүй ч гэх мэдээлэлтэй байна. Энэ үнэн үү?
-Үгүй. Тийм зүйл байхгүй.
-Тэгвэл алдарт эхийн одонгийн мөнгийг хэзээнээс олгох вэ. Санхүүжилтийг нь шийдсэн үү?
-Шийдсэн. "Насны хишиг"-тэй яг адилхан энэ долоо хоногоос олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, алдарт эхчүүдийн одонгийн мөнгийг "Насны хишиг"-ийн санхүүжилттэй хамт өнгөрсөн пүрэв гарагт аймаг, дүүрэгт нь шилжүүлсэн.
-Саадгүй олгож эхэлсэн гэж ойлгох уу?
-Халамжийн мөнгөнүүд сар бүр тогтмол орж байгаа. Ямар нэгэн байдлаар саатсан, удааширсан зүйл байхгүй.
Сэтгэгдэл бичих хэсэг