Вьетнам Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг өнөөдөр Орхон аймагт ажилалаа. Түүнийг АИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хэлсэн үгэндээ хоёр улсын найрамдалт хамтын ажиллагаа жилээс эилд өргөжин тэлж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн. Мөн Эрдэнэт хотын хувьд тус улстай жижиг дунд үйлдвэрлэл, багш, эмч солилцооны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.
Манай улс Вьетнам Улстай дипломат харилцаа тогтоогоод 60 гаруй жил болж байна. Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын хоорондох худалдааны эргэлт 40 гаруй сая америк доллар байжээ. Энэ онд тус улсын Элчин сайдын яамнаас Монгол Улсын 3 аймгийг өөрийн 4 мужтай хамтран ажиллуулахаар холбож ажиллажээ.
Вьетнам Улсын Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг Орхон аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ хамтран тодорхой чиглэлийн үйлдвэр байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн эрүүл мэнд, боловсролын салбар өндөр хөгжсөн Вьетнам Улсын мужуудтай Орхон аймгийг холбож, хамтын ажиллагааны эхлэлийг тавина гэлээ.
Ийнхүү талууд санал солилцсон тул хамтран ажиллах салбар, мужуудыг тодорхой болгох алхам хийхээр тохиролцлоо.
Сэтгэгдэл бичих хэсэг