АНУ-ын Кентаки мужийн Бентон хотын Маршал кантрийн ахлах сургуульд мягмар гарагт 15 настай сурагч армид ашигладаг галт зэвсэг ашиглан 2 сурагчийн амийг хөнөөж, 17 сурагчийг шархдуулжээ.
Кентаки мужийн амбан захирагч Мэтт Бэвин мэдэгдэлдээ гэмт этгээдийг цагдаа нар баривчилжээ. Мужийн цагдаагийн газрын дарга Рик Сандерс өчигдөр орой 18:00 цагт хийсэн мэдэгдэлдээ “Гэмт этгээд 15 настай сурагчид Бэйли Николь Холт, Престон Райн Коуп нарын амийг хөнөөсөн байна. Цагдаа нар гэмт этгээдийг баривчилсан. Тэр эсэргүүцэл үзүүлээгүй” гэжээ.
Цагдаа нар гэмт этгээдийн нэр, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан гэх мэт холбогдох мэдээллүүдийг буудлагын хэргийг нь шалгаж байж мэдээлнэ гэв. Харин амиа алдсан, шархдагсдын ар гэрийнхэн гэмт этгээдийн мэдээллийг шаардаж байгаа аж.
Маршал кантрийн ахлах сургуулийн хэсэг сурагч хэдэн долоо хоногийн өмнө галт зэвсгийн сургалтанд сууж байсан аж. Гэхдээ тухайн үед яг ямар төрлийн бэлтгэл хийсэн эсэхийг цагдаагийн дарга Рик Сандерс тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Бентон хотын дагуул, 31000 оршин суугчтай Маршал кантри хэмээх жижигхэн хотын уг ахлах сургуульд 1000 гаруй сурагч хичээллэдэг.
Дээрх хэрэг явдал нь АНУ-д сүүлийн 24 цагийн дотор ахлах сургуульд болсон хоёр дахь буудлагын хэрэг явдал аж. Техас мужийн Даллас хотод Италийн ахлах сургуулийн цайны газарт даваа гарагт 16 настай хөвгүүн 15 настай охин руу гал нээж шархдуулсан байна.
Сэтгэгдэл бичих хэсэг