Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Аз хурсан айлд зочилсон нь

12-р сарын 27 - 16 цаг 08 минут

“Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан бүр жил бүрийн өдийд Ерөнхий захирлынхаа нэрэмжит шинэ жилийн баярын цэнгүүнийг битүүхэн хүлээж догдолдог. Учир нь тэр үдэш компанийн 6000 гаруй ажиллагсадын дундаас бүртгэлийн дугаараар Алтан азтан тодорч, хоёр өрөө байрны түлхүүр газар дээр нь гарддаг уламжлалтай.

Өнгөрсөн жил Засвар угсралтын цехийн гагнуурчин Пүрэвсүрэнгийн Шижирболд Алтан азтанаар тодорч, монгол гэрээ элит орон сууцаар сольсон. Баярт үйл явдлын ойн дээр тэднийд зочилж амьдралын мартагдашгүй дурсамжаас нь хуваалцахыг зорилоо. Азтаных “Маргад” дээд сургуулийн хойно сүндэрлэх Эрдэнэтдээ дээгүүр зэрэглэлд тооцогдох өндөр байранд оржээ. Цагаан даашинзтай, гурван настай болов уу гэмээр “цасан охин” хаалга нээлээ. П.Шижирболд ээлжийн ажилдаа “мордохоор” зэхэж байв. Гэрийн эзэгтэй гал тогоондоо бууз сэвээд чөлөөгүй. Хүүгийн анги энэ өдөр шинэ жилээ тэмдэглэсэн юм уу гэлтэй үсээ толийтол самнаад цагаан цамцаар гоёж. Хойморт зассан гоёхон гацуурын гэрэл анивчаад, хүүхдийн инээд хөөр цалгиад, хоолны үнэр хамар цоргиод гэр бүлийн халуун дулаан амьсгал угтсан нь юутай таатай.

Гэрийн эзэгтэй цай аягалах зуур нутаг ус, уурхайчны амьдралд хөл тавьсан түүхийг нь сонирхов. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул П.Шижирболд долоон жилийн өмнө нагац нараа бараадан Эрдэнэсийн хотыг зорин иржээ. Тэр үед хүү нь дөрвөн сартай байсан гэдэг. Өмнө нь Тавантолгойн Дулааны цахилгаан станц, Оюутолгой компанид туслах гагнуурчнаар ажиллаж байсан тэрээр Технологийн сургуульд суралцаж хүнд үзүүлэх мэргэжлийн үнэмлэхтэй болох зорилго өвөрлөн анх ирсэн гэнэ. Сургуулиа төгсөөд тун удаагүй байтал “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар угсралтын цехэд гагнуурчин сонгон шалгаруулж ажилд авах зар түгжээ. Хүмүүсийн дунд “Сонгон шалгаруулна гэж худлаа. Орох хүн нь хэдийнэ тодорчихсон байгаа” гэх явган яриа амь бөхтэй оршиж хүсэл зоригийг нь унтрааж байсан ч материалаа бүрдүүлээд өгөхөд илүүдэх юун хэмээн бодож “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захиргааны байрыг зүглэн итгэлгүйхэн алхсан нь саяхан. Сонгон шалгаруулалтад 13 хүн өрсөлдөж, эхний шатны онолын шалгаруулалтаар долоон хүн үлдэхэд мань хүн тогтож. Гэхдээ л “Эзэн нь тодорхой доо...” гэх олны яриа ортой санагдсаар л байсныг нуугаагүй. Дараагийн шатанд мэргэжлийн ур чадвараа бодитоор үзүүлэн шалгуулжээ. Дүн тэр дороо гарч комисс П.Шижирболдын нэрийг дуудахад ёстой магнайгаа хагартал баярласнаа ярив. “Эрдэнэт” үйлдвэрт гурван сар ажиллаад нутгийнхаа довон дээр тоглож өссөн ханьтайгаа хуримаа хийсэн нь амьдралынх нь бас нэгэн сайхан дурсамж.      

Тэрээр цаг руу үе үехэн хяламхийх нь ажил руугаа яарч, хагас цаг хууч хөөрөх “виз”-тэйг надад сануулна. Эднийх жилийн өмнө нагац эгчийнхээ хашаанд айлсан гэрт амьдардаг байв. Захын хашааг хэлэх үү, архи зардаг дэлгүүр ойрхоныг хэлэх үү, П.Шижирболд шөнийн ээлжинд ажиллахдаа ар гэрийнхэндээ санаа ихэд зовдог байснаа ярив. Хүүхдүүд нялх болохоор эхнэр ажилгүй, ганц хүний цалин амьдралд хаана ч хүрэхгүй. Гэхдээ энэ сайхан үйлдвэр бараадсан юм чинь хэзээ нэгэн өдөр байртай болно доо гэсэн гэгээн мөрөөдөл тээж явсан. Өнөөдөр тэрээр Зууны манлай үйлдвэрт зургаан жил хэртэй ажиллаад л Алтан азтанаар тодорч “оронтой” болсон доо гээд тав тухтай, халуу дүүгсэн байрныхаа хойморт инээд цацруулж сууна.

2016 оны арванхоёрдугаар сарын 28-ныг бид эргэн дурслаа. П.Шижирболд ажлаасаа гэртээ ирээд “Өнөөдөр Ерөнхий захирлын шинэ жилтэй. “Эрдэнэт” телевизээр шууд дамжуулна. Байр хожчихвол ч...” гэх аястай юм ярихад эхнэр нь тоомжиргүй өнгөрөөж. Харин хүү Ш.Мөнгөншагай нь удалгүй хувцсаа бэлдээд “унаж”. Тэгснээ “Та нар азын шагналаа очиж авахдаа өмсөх хувцсаа бэлдээч. Тэгээд яг явах болохоор сандрах гэж байгаа юм” гэсэн гэнэ. Зөнч хүүгийнхээ хэлэхийг ч тоохгүй, ээж нь дүүг нь унтуулах гэж хэвтэснээ хамт дугхийчихэж. Харин торгон агшин ирэхэд хөтлөгч ажилтны бүртгэлийн дугаарыг 86... гэж өндөр дуугаар дуудахад л зүрх нь хүчтэй цохилж сууж чадахгүй догдолж эхэлсэн гэнэ. Дугаар тодорхой болж дэлгэц дүүрэн өөрийнх нь зураг гарахад эхнэр, нөхөр тэврэлдэн, хүүхдүүдээ барьж аван үнсэж тэр гэрт багтахгүй их баяр хөөр болсон тухай тэд одоо ч ярихдаа нүдэндээ нулимстай байна

Утас нь ээлжгүй хангинаж, Ерөнхий захирлын унаа тэднийг авахаар ирж явааг дуулсан улс ёстой л юу өмсөж зүүхээ олохгүй сандарч, хүүгийнх нь хэлсэн орой руу нь орсон гэнэ. Шинэ жилийн нүд гялбам тайзан дээр П.Шижирболдын гэр бүлийнхэн жаахан охиныхоо үсийг ч боож амжаагүй, дэндүү энгийн гарч, хоёр өрөө байрны түлхүүр гардахдаа үг хэлж чадахгүй шахам баярлан байгааг харсан Эрдэнэтчүүд тэр чигтээ алга ташин баяр хүргэсэн.

Алтан азтаны гэргий Б.Даваажав эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр хадам аав, ээждээ юу юунаас илүү баярладгаа ярьсан. “Манай хүн дөрвөн хүүтэй айлын хүүхэд. Аавын үг бол “хууль”. Элдэв муу зуршилгүй, ажилдаа үнэнч, олонтой эвсэг, үр хүүхдийнхээ төлөө чин сэтгэлтэй ханийгаа харахаар илүү хайрламаар санагддаг. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг дээ. Миний хань сайн учраас бурхан биднийг шагнасан гэж бэлгэшээж боддог” гэв. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийнхээ удирдлага, уурхайчин хамт олондоо үргэлж баярлаж явах болно гэж хэлэхдээ хананд өлгөөтэй жаазтай дурсгалын түлхүүрээ удаан ширтсэн.

Өрхийн тэргүүн ажилдаа яарч, энэ гэрийн гүнж Ш.Урангоо цасан бүжгээр биднийг үдэв.

М.ОДГЭРЭЛ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019