Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Нэгдүгээрт УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд яваа хуулиудын талаар, хоёрдугаарт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн талаар хэлэлцжээ.
УИХ-д өргөн барьсан хуулиудын алийг нь эхний ээлжинд хэлэлцэж батлах вэ гэдэг дээр МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар УИХ-ын байнгын хороодын дарга нартаа уулзалт хийж ач холбогдлоор нь хуулиудыг ангилж чуулганы хуралдаанд оруулах эрэмбэ дарааг тогтоохоор болжээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг төслийг МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцээд 2018 онд багтаан уг хуулийг баталж 2019, 2020 онуудад хилсээр хэлмэгдсэн иргэдэд нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Хуулийн төсөл батлагдсанаар 600 гаруй хүнд нөхөн олговор олгох юм.
Үүнээс гадна Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон байна. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг С.Бямбацогт гишүүн ахалж ажиллахаар болжээ.
Г.Дугар
Сэтгэгдэл бичих хэсэг